Цагаан сонгууль хүссэн 2, айсан 1 нэр дэвшигч гарааны зурхайгаас гарлаа

Нэр дэвшигчид зурхайгаас хөдөлсөн. 15 хоногт багтан өөрийгөө болон мөрийн хөтөлбөрөө таниулан сурталчилна. Ялалт байгуулж чадвал шинэ Үндсэн хуулиар Төрийн тэргүүнээр 6 жил ажиллах анхны хүн болно.

У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол”

Хүн хэмжээндээ сэтгэдэг гэж юутай үнэн. Тэр намдаа өнөөдөр эзэн нь. Эрх баригч намын дарга гэдэг энэ Монголын эзэн ч гэж болно. Тиймээс 2020 оны УИХ-ын сонгуулиар АН-ын уриа болж байсан “Баялагтаа эзэн Монгол”-оор дарцаглаж аваад давхилаа.

Өрсөлдөгчдөөсөө хамгийн залуу нь У.Хүрэлсүх. Өдгөө 53 настай. 1.6 тэрбум төгрөгийн хадгаламж, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй түүний улс төрийн түүх нь сүүлийн жилүүдэд буудай шиг аривжиж яваа. Засгийн газрын тэргүүнээр улиран сонгогдсон хоёр дахь хүн гэх тодотгол түүнийх.

Сайны хажуугаар саар үргэлжид дагалддагаас хойш хожигдлоос урьтаж зугтдаг хөгийн зуршил ч түүнийх. Хадгаламж банкны дуулиан. 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглосон гэх хэргээс мултарч дөнгөснөөс эхлээд түүний талаарх бидний мэдэх түүх хөвөрнө.

Ууган улс төрийн хүчин унаган нэрээ сэргээсний дараахан шоконд ортлоо ялагдал хүлээсэн. Хариуцлагыг хар толгойгоороо хариуцна хэмээн том дуугарч явсан тэрбээр УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханд ухамсрын шанаа өгчихөөд дархан эрх, ямбанаасаа татгалзаж байв.

Эс бөгөөс бусдын биед халдсан хэргээр шүүхийн байгууллагын үүд сахих байв.

Цар тахал дэгдэж, хүн амын дунд хурдтай тархах эрсдэл үүсмэгц гүйцэтгэх Засаглалын тэргүүнээс сайн дураараа огцорлоо.

Эс бөгөөс нам доторх фракциудын нударганд нам цохиулж, хөөгдөх байлаа.

Ингээд үзвэл улс төрийн мэдрэмжтэй нэгэн. Алдаа гаруут зугтдаг, амжилт ирвэл идэлцдэг сүйхээтэй эр. Тэр өрсөлдөгчгүй гэж онгирох хэдий ч нийслэлд унаж мэдэх айдас дүүрэн яваа.

С.Эрдэнэ Дарангуйлалгүй Монгол

Дээшээ тэнгэр хол, доош газар хатуу болсон нэгэн. Ах намд атгуулж, улс төрд эргэн ирснээс хойш хүний адаг болтлоо зүхүүлж зүдэрч яваа. З.Энхболд яг жилийн өмнөөс түүний орон тооны бус зөвлөх болж ирснээс хойш амьдрал нь хар дарсан зүүд мэт болсон түүнд бууж өгөх эрх, буцах зам ч гэж үгүй.

АН хэзээний хэрүүлтэй. Ил, далд үргэлж сөргөөлдөж, үүнийгээ дотоод ардчилал хэмээн эндүүрч ирснийг өнөөдрийн эвдрэл нь харуулж байгаа. Гэсэн ч, үхтэл үр харам гэгчээр С.Эрдэнийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга ирж дэмжин дөрөөнд нь сүү өргөв.

Гэхдээ О.Цогтгэрэлийг намын даргаар залах ажиллагааг Улсын Дээд шүүхэд дахин гаргана гэдгээ УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдсэн нь С.Эрдэнийг дэвшүүлэн зайлуулж, албыг нь албан ёсоор авна гэдгээ мэдэгдээд авсан.

Хүний, өөрийн намын дарамт, дарангуйлалд туйлдсан л хүний уриа. ДАРАНГУЙЛАЛГҮЙ МОНГОЛ… Тэр ялах боломжгүйгээ мэдэж байгаа тул сүр дуулиант нээлт хийсэнгүй. Гэр бүлээрээ ч гоёсонгүй. Нэгэнт ялахгүй сонгуульд хөрөнгө мөнгө гаргахаас ч эмээж явна.

Сурталчилгаа эхлэхээс өмнө өрсөлдөгчидтэйгөө хамт зургаа татуулж, зурагт хуудсаа нэг болгох, телевизийн ярилцлагад хамт орж, төлбөрөө хуваах санал гаргаад бүтэлгүйтсэн. Арайтай л орон нутаг руу явах унаанд чинь дайгдъя гэчихсэнгүй. Айсан хүнд аргал хөдөлдгийн үлгэрээр сонгуулийг хойшлуулах санаачилга хүртэл гаргаж үзэв.  

Халаасандаа 164 сая төгрөгийн хадгаламжтай, 36 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай тэрбээр ялагдлын туган дор ядуурлаа зарлаад үлдэлтэй биш, хэцүү л байгаа.

Д.Энхбат Монгол чадна

100-н айл хэмээх барилгын материалын худалдааны гудамж дахь “Бид чадна”-ынхантай уриагаа ижилсүүлэв.

Нөгөө хоёроо бодвол эерэг фигур ч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад Х.Баттулгын үед “хөөгдсөн”.

Олны мэддэг Оюутолгой, Дубайн гэрээгээр сурталчилгааныхаа өнгө төрхийг илэрхийлсэн нь яг л Ц.Элбэгдоржийн сценари мэт… МАН, АН-аас татгалзсан нэр дэвшигчид түүнд саналаа өгнө гэх тооцооллыг ч ноён Эби л гаргаж чадна. Тэр байтугай Х.Баттулгын “Монгол ялна”-ыг “Монгол чадна” болгоод зогсохгүй, Х.Баттулгын эзэмшлийн гэх С1 телевизээр цуврал нэвтрүүлгийн цаг авсан нь олон түмнийг төөрөгдүүлэх гэсэн үйлдэл мэт харагдана.

МАН-д хөнтрүүлж, АН-д “хөөгдсөн” Х.Баттулга ХҮН намыг дэмжих нь гэж нийт массаараа бодох юм байх…

Алахгүй ч айлгана аа гэж, 2012 онд улс төрөөс явахдаа нам гээчийг зүхэж, огиж огиж явсан тэрбээр Соросын сан /Форум/, Ногоон нам, Иргэний хөдөлгөөнд харьяалагддаг дарцаг. УИХ-ын гишүүн хүртэл болж үзсэн энэ нөхрийг олон жилийн дараа дахин улс төр рүү, тэр дундаа Монгол төрийн тэргүүн рүү түлхэх хүн яах аргагүй Ц.Элбэгдорж. Дахин улс төрд хутгалдахгүй хэмээн хаалга саваад гарч байсан тэрбээр ийнхүү эргэж ирлээ.

Д.Энхбат гэхээсээ Ц.Элбэгдорж гэж харагдах нээлтийг хийсэн тэрбээр 40 сая төгрөгийн хадгаламж, 260 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Түүний хөрөнгө, нэр хүнд хоёр хэрхэн тэнцвэртэйгээр өсөхийг харж л байя.

Орчуулах »