У.Хүрэлсүх Булганд очихдоо Ц.Анандбазарыг хөөж, Ц.Гарамжавыг оруулж ирэх үү

Парламентад дахин хоёр ч суудлын орон гарч болзошгүй байна. Ингэснээр Г.Занданшатарын анги 76 бус 73 гишүүнтэй болно. Халдашгүй дархан эрхээс татгалзаж, хотын дарга болсон Д.Сумъяабазарын суудал эзгүй хэвээр байгаа. Нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган зохион байгуулахаар байсан ч МАН, МАХН-ын нэгдлээс шалтгаалан хойшилж ирэх 10 сард төлөвлөөд байгаа билээ.

Нэмээд Сонгинохайрхан дүүргээс гадна Хэнтий, Булган аймгуудад нөхөн сонгууль явуулахаар зурчихсан гэх мэдээлэл ил болж эхэллээ. Хэнтий аймгийн хувьд МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийгөө ялалт байгуулна хэмээн бат итгэж яваа тул түүний орон гарах нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг генсэк бүртгэлжүүлж эхэлсэн байна.

Аймгийн Засаг ноён Н.Ганбямба, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, “Идеал” группийн ерөнхийлөгч М.Батбаяр нараас гадна МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн нэр ч яригдаж байгаа гэнэ.

Харин Булганы мандатыг У.Хүрэлсүх сонгуулийн сурталчилгааны хэсэг болгон ашиглахаар болжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаатай зэрэгцэн Булган аймагт “MetooMongolia” хөдөлгөөнөөс цуглаан зохион байгуулж “Хүчирхийлэгч нийгэмд сул явах ёсгүй, Бэлгийн дарамтыг үл тэвчинэ” гэх зурагт хуудас нааж, Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах гарын үсэг цуглуулж эхэлсэн нь тохиолдлын хэрэг биш гэдгийг намынхан хэлж байна.

Хөдөлгөөний үйл ажиллагаа МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг тус аймагт иртэл үргэлжлэхээр зурагдсан юм байх.

Улмаар Булган аймагт очиж, сонгогчидтой уулзах үеэрээ “Шударга байцгаая” хэмээгээд Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн шийдвэрээ танилцуулахын зэрэгцээ намын даргын хувьд бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахыг шаардах аж.

Эрх баригч намын дарга ч УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хэмжээний эрх мэдэлтэн эрх зүйн хувьд биш. Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар руу ганц залгахад ядах зүйлгүй хэрэгжих боломжтой юм. Тиймээс тохироо хэдийнэ хийгдэж, “захиалагч” талын дэмжлэгийг авч сонгуулийн мөнгөний дийлэнхээ босгочихсон яваа гэдгийг өчигдөр генсэкийн өрөөний үүдийг сахьсан намын жиргээчид ам алдав.    

Ресторанд хоол идэхдээ үнссэн гэх Б.Сүндэрьяа бүсгүйн гомдлоор Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс унагах ажиллагаа эрчимтэй өрнөн, улмаар 1000 гаруй бүсгүй түүнд хүчирхийлүүлсэн гээд уйлж эхэлсэн. Дуучин М.Нарантуяа энэ сэдвийг сэвэх ажиллагааг гарамгай гүйцэтгэж яваа. Гэтэл өчигдрөөс энэ бүхнийг УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын захиалга байсан гэх мэдээлэл тусгаар тогтнолын ордноор хүчтэй яригдаж эхэллээ.

Урт удаан үргэлжилсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ц.Гарамжав нарын маргаан шүүх дээр эцэслэгдэж, хэн хэнээсээ уучлал гуйхаар болсон. Ц.Гарамжав гэнэтхэн шилдэг бүтээн байгуулагч, цуцашгүй хөдөлмөрч эмэгтэй болон тодорсон зэрэг нь эрх баригчдын дунд нэлээд өндөр түвшинд хийгдсэн улстөр болоод хувирчихлаа.

Гэнэтхэн гарч ирсэн “1000 хүүхний хэрэг”-ийн үр дүнд Ц.Анандбазарыг суудлаас нь ховхолж, Булган аймагт нөхөн сонгууль товлох юм байх. Нөхөн сонгуульд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав охин Н.Мөнхнасангаа сойх бөгөөд үүнд нь Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа туслан, усалгаа хийж эхэлсэн гэнэ. 

Ц.Гарамжав хатагтайн ууган охин Н.Мөнхнасан Америкт дунд сургуулиа алтан медальтай дүүргэж, улмаар Сан Франциско болон Жорж Вашингтоны их сургуулиудыг улаан дипломтой дүүргэсэн. Мэдлэг боловсролоороо зиндаархдаг нэгэн гэдгийг таних хүмүүс нь андахгүй.

Дэлхийн банкинд ажиллаж байсан тэрбээр Монполимет группийн ТУЗ-ийн дарга. Телевизийн шоу нэвтрүүлэг “The Apprentice Mongolia”-д орж байсныг нь санаж буй биз. Нэвтрүүлгийн дараахан хэд хэдэн эр түүний туслах, эсвэл ажилтан болох хүсэлд автаж байгаагаа илэрхийлж байв. Сэтгүүлч Л.Лодойсамбуу “Харуулаар ч хамаагүй очоод ажилд орчихмоор заки юм бэ. Яджаахад улаан бал барьчихсан” хэмээсэн бол Б.Идэр-Од “Нийгмийн ажилтнаар нь хамаагүй орчих юмсан. Ядаж байхад манай Фаро шиг ногоон маргад бөгж зүүчихсэн” хэмээн постолж байсан нь эргээд харахад тохиолдол гэхэд эргэлзэхээр байдлыг бий болгож байна.

Хүчирхийллийн хэргээр “хүчирхийлүүлж” буй Ц.Анандбазар буруутай эсэх нь шүүхээр ороогүй, гомдсон хүүхнүүд нь өнөө хэр цагдаа шүүхэд өөрсдөө гомдол гаргаагүй байгаа нь эл явдал зохион байгуулалттай улстөржилт гэдгийг харуулж байгаа. Дээр нь нэмээд, Булганд бууж мордохдоо У.Хүрэлсүх түүнд “ял” уншаад “шударга шүү, мундаг шүү” гэх оноо аваад сурталчилгаагаа өндөрлөхөөр тооцож.

Ц.Анандбазар гэж үйлтэй ч амьтан юм. Түүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө авлигын хэргээр Тусгаар тогтнолын ордны үүднээс баривчилчихаад, сонгуулийн дараа “Уучлаарай та буруугүй байжээ” гээд суллаж байсан.

Тэгэхээр тэр зэгсэн хорчин, занзгар хөрөнгөтэй нэгний тоочиглосон тойргоор оролдоод байдаг бололтой юм.

Ямартай ч эл бүгд үнэн бол Ц.Анандбазар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхийн өмнөх өдөр суудлаа өгч, түүний орон гарсан тойргийн нөхөн сонгуульд Ц.Гарамжавын охин ялалт байгуулсаар орж ирэх нь.

Тэгэхээр танил сценари, танил зохиомжит улстөр энэ үйл явдлаар баталгаажвал хэн нэгнийг хүүхэн шуухантай холбож, бөгс бөөрний гинжин хэлхээнд хүчээр нааж байгаад зайлуулдаг, тодорхой хэмжээний эрх мэдлийг бузар арга замаар гартаа оруулдаг бүлэглэл, тэдгээрийн гар хөл бологчдыг яг эл үйлдлээр нь эцэслэн зогсоохгүй бол хөгийн нийгэм, новшийн ирээдүйг бид үр хүүхдэдээ үг дуугүй үлдээсэн арчаагүй, сул дорой нэгэн үеийнхэн болох юм.

Орчуулах »