У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар МАН-ын тугийг бөхийлгөж мэдэхээр байна

12+6 жил Төрийн тэргүүний тамга бариагүй гунигт түүхийг ТЭД бичих вий-

Нэр дэвшигчдийн сурталчилгаа талдаа орлоо. Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 10 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, хотын мээр Д.Сумъяабазар нар орон нутаг, дүүргүүдэд ажиллаж, нөхцөл байдалтай танилцах нэрээр аймаг, дүүргийн удирдлага, олон нийтийн санаа бодлыг танадан замыг нь цэвэрлэх ажиллагааг хийж байгааг бид харж байна. Гөлчийлгөж, ширхэг чулуугүй болгон цэвэрлэсэн замаар У.Хүрэлсүх дагаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан нэгэн үе Оросын, зарим үед Хойд Солонгосын удирдагчдын монгол хувилбарыг “бүтээж” явна.

АН-аас дэвшигч С.Эрдэнэ нийслэлийн нэг дүүрэг, 10 аймагт хөл тавьсан ч зарим аймагт намынхандаа хөөгдөж, хайран зардлыг нь яйран болгоод хөглөж байна. У.Хүрэлсүхийн гарсан зүгт хүлгийн жолоо залж Хэнтий, Дорнод аймгийг зорьсон ч Дорнод аймгийн АН-аас эсэргүүцэн С.Эрдэнийг дэмжих сонгуулийн штаб байгуулахгүй гэдгээ мэдэгдэв.

С.Эрдэнэ ч ардчилсан нам ялсан аймгуудад хөл гишгэхгүй гэдгээ хэлсэн. Орон нутгийн сонгуулиар АН Хөвсгөл, Увс, Архангай, Булган, Өмнөговь, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар аймагт ялалт байгуулсан. Нийслэлээс Сүхбаатар дүүрэгт АН засаглаж байгаа. Хэдийгээр эдгээр аймагт очиж, сурталчилгаагаа хийхгүй, Засаглаж буй намынхандаа найдаж байна гэсэн хэдий ч энэ бол эдгээр аймагт очиж, хөөгдөх вий гэх айдас дүүрэн шийдвэр юм.

Тэрбээр Төрийн тэргүүний сонгуульд ёс төдий, дүр эсгэж буй нь ил. Хөрөнгө мөнгө гаргахгүй гэдгээ мэдэгдсэн тэрбээр У.Хүрэлсүхийн ороод гарсан газраар унжийсан дүртэй шүргээд гарч байгаа нь МАН-ын нэр дэвшигчийг улам тодотгож өгч байна. Намынхан нь нүүр буруулж, зарим нь У.Хүрэлсүхийн төлөө саналаа өгнө гэдгээ ил цагаан зарлаад байгаа.

Тиймээс улс төрд олон жил чанагдаж, унаж, босон яваа тэрбээр энэ сонгуулийн үр дүнг хэдийнэ тооцчихсон яваа биз. Тиймээс аль эрт тоглоомоос гарсан.

Харин эрх баригчдын гол өрсөлдөгч болоод байгаа “Зөв электрот хөдөлгөөн”-ий Д.Энхбат 8 аймагт “айлчилжээ”. Мэдлэг боловсролтой гэх эерэг дүртэй ч олон нийтэд, тэр дундаа орон нутагт мөрийн хөтөлбөрөөс илүүтэй өөрийгөө сурталчлахаас хэтрэхгүй яваа. Жиргээнд идэвхтэй байлаа гээд олны танил байдаггүй гэдгийг тэр мэдэрч, зүдэрч байна. Улсын хэмжээнд шинэ хүн. Яг үнэндээ Д.Энхбатыг дэмжээд байгаа иргэд байхгүй юм. Харин түүнийг ашиглаж У.Хүрэлсүхийг унагах гэсэн олны турхиралтаар тэр өөрөө ч төсөөлөөгүй өндөр рейтингтэй болчихоод явна.

Ядаж байхад барууныхныг дууриаж эхнэрээ дагуулсан нь муу эрд халдага дараа гэгч болж, новширч хөглөрсөн баг л бууж сууж харагдана.

Уг нь Д.Энхбат АН-ынхны саналыг хуваах зорилготой эрх баригчдын захиалгат хоол байв. Х.Баттулга, С.Эрдэнэ гэж хуваагдсан АН-ынхны хагарлаас үүдэлтэй оноог Д.Энхбат халаасалж, энэ удаагийн сонгуулийн хавчуурга төдийхөн байхад болно гэж тооцсон Хүкийн тооцоолол эсрэгээрээ эргэчихэж мэдэхээр харагдаад айлгаж эхэлсэн.

Товчхондоо С.Эрдэнэ, Д.Энхбат хоёулаа МАН-ын захиалга бөгөөд сурталчилгааны нь таван цаасыг ч эрх баригчдаас адил хэмжээтэй гаргаж өгсөн гэх мэдээлэл байгаа.

Гэтэл Х.Баттулгын талынхан дээр нэмээд нам бус иргэд, тэр дундаа залуу үе Д.Энхбатыг дэмжсэн нэртэйгээр эрх баригчдын эсрэг боссон нь хөгшин намыг айлгаж эхлэв.

МАН өрсөлдөгчөө захиалсан дэвжээн дээрээ үргэлж ялагддаг жамтай.

Ардчилал ялснаас хойш Ерөнхийлөгчийн 7 удаагийн сонгууль явагдсан. Үүнээс гуравт нь МАН ялсан бол дөрөвт нь өвдөг шороодсон. Тэр дундаа сүүлийн гурван ч удаагийн сонгуулиар толгой өөд таталгүй шороо үмхэв.

Өөрөөр хэлбэл Төрийн тэргүүний тамга барилгүй 12 жилийг үдсэн гэсэн үг. Энэ уналтууддаа өрсөлдөгчөө өөрсдөө захиалж байсан юм.

М.Энхболд тухайн үед хуулийн байгууллагад шалгагдаж байсан Х.Баттулгыг захиалав. 2016 оны хавраас эхлэн Х.Баттулгад төмөр зам, аж үйлдвэрийн парк тэргүүтэй олон хэрэг үүсчихсэн, Баянголд нь цагдаагийнхан шалгалт хийгээд Аса тэргүүтэй жүдочид хүртэл хамгаалалт үүсгэн зогсож байсан үе. Энэ талаар С.Баярын “Жар хоног жарны бутархай” номоос дэлгэрүүлэн харчихад болно.

2009 оны сонгуулийг саная. Н.Энхбаяр зурхайгаас гарахаас эхлээд давуу байдалтайгаар сонгуульд оролцож байв. Яг У.Хүрэлсүх шиг. Намын даргын эрх мэдэл, нэр сүр, албан тушаалын хаялга, Засгийн газрын бодлогын байр суурь, алдартнууд гээд л…

Н.Энхбаярын нэр дэвшигчийнхээ хувьд хэлсэн үг Засгийн газрын түвшинд бодлого болон боловсруулагдаж, шийдвэрлэгдэж байлаа.

Гэхдээ Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийг, М.Энхболд Х.Баттулгыг ялаагүй юм.

Тиймээс энэ удаагийн сонгууль ажин түжин тусмаа анхаарал татаж байна. МАН 12 жил дээрээ нэмээд дахин 6 жил Төрийн тэргүүний эрх мэдэлгүйгээр явах уу, яах уу…

Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүх болон генсэк Д.Амарбаясгалан хоёрын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялалт авчрах намын даалгавар, туйлын зорилго өмнө нь байна. Тиймдээ ч бүгдийг захиалсан. Харамсалтай нь үйл явдлын бодит өнгө байдал нэг л биш…

Тэд ялагдвал, намын тугаа бөхийлгөвөл У.Хүрэлсүх ч, генсэк ч хөөгдөнө… МАН 18 жил Төрийн тэргүүний суудлыг авч чадаагүй гунигт түүх тэдний гараар бичигдэнэ. Энэ хоёрын уналт Л.Оюун-Эрдэнэ болон бусад фракц бүлэглэлүүдэд хамгийн их ашигтай тул намынхан нь үлдсэн өдрүүдэд нэр дэвшигчийнхээ эсрэг далдуур ажиллаж эхлэх биз. Тийм ч байдалтай болоод явчихсан.

Уг нь энэ бүгдийг урьдчилан тооцоолж, нэр дэвшигчдэд төдийгүй олон түмэнд шипи өгч явдаг нь редакцийн бодлогот хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байдаг. Харамсалтай нь, эрх баригчид үйл явдлын шуурхай мэдээ мэдээллийг л сэтгүүлзүй хэмээн эндүүрч, энэ талаар дагнасан хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ байгуулаад төр засгийн бодлого, нийгмийн үзэл санааг чиглүүлэн ажилладаг редакциудыг анхааралгүй хаяж ирсэн нь хамгийн гол, суурь алдаа нь байлаа.

Үүний горыг тэд энэ удаад ч хатуухан амсах нь тодорхой харагдана.

Орчуулах »