ДЭМБ: Синовак вакцинд зөвшөөрөл олголоо

2021-06-02
1 min read

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын коронавирусний эсрэг Синофарм вакцинд яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл олгоод байсан. Тэгвэл тус улын хоёр дахь вакцинд зөвшөөрөл олгосон байна.

Синовак вакциныг хэд хэдэн улсад хийж байгаа бөгөөд 18-аас дээш насныханд хийхийг зөвлөжээ. Яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн гэдэг нь тус вакцин “аюулгүй байдал, үр нөлөө, үйлдвэрлэлийн олон улсын стандартад нийцсэн” гэсэн үг юм гэж ДЭМБ мэдэгджээ.

Судалгаанаас үзэхэд Синовак вакцин хийлгэсэн хүмүүсийн талаас илүү хувьд нь өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд өвчин хүндэрч, эмнэлэгт хүргэгдэхээс 100 хувь урьдчилан сэргийлж чадсан байна.

Синовак вакциныг яаралтай горимоор хэрэглэх вакцины жагсаалтад оруулсан нь нийлүүлэлтийн асуудалтай тулгараад байсан Ковакс хөтөлбөрт түлхэц болно гэж найдаж байгаа ажээ. Хятадаас гадна Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг оронд Синовак вакциныг хэдийнэ тарьж эхлээд байна.

Орчуулах »