Д.Амарбаясгаланг унагах, Х.Баттулгын хугацааг сунгах “ам ундраа” баг ажилдаа оржээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс урьтаж шинэ Засгийн газрын бүтэц зурагдаж байна. Л.Оюун-Эрдэнийн дараагийн Засгийн газар өргөн бүтэцтэй ажиллахаар зэхжээ. Эртнээс яригдсан ч эхлүүлж амжаагүй яваа, энэ улсад хамгийн дутагдаж буй Цахим хөгжлийн яамыг байгуулахаар болсон гэнэ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар руу утсаар дуулгасан юм байх. Ч.Хүрэлбаатар өөрийн нүүр хуудастаа бичиж, шинэ яам 11 сар гэхэд байгуулагдана гэсэн байна.

Гэхдээ Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Хүрэлбаатар руу утас цохин мэдэгдсэний учир юу билээ. Ч.Хүрэлбаатар нь эрх баригчдын ДАРГА билүү, ДААГА билүү… яалаа.

Уг нь Увсын фракц дотроо эртнээс хагаралдаж, Тусгаар тогтнолын ордон дахь эрх мэдлээ бага багаар алдаж байгаа юмсан. Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын үл ойлголцол, хэрүүл маргаан энэ фракцийг улгүй болгох шахсан үе бий. Хаана зуншлага сайн байна тэр зүгт нүүдэллэж, хүний өөрийн хаяа бараадан явдаг Ч.Хүрэлбаатар Сү-гийн “МГИМО” фракцийг түшиж, хөрөнгөтэйхэн айлын илүү гэр мэт чирэгдэх болсоор удаж байна.

Түүний эл занд яснаасаа дургүй Х.Баттулга Засгийн газрын бүрэлдэхүүн томилох бүрт бухимдан тэлчилсээр ирсэн. Гэвч хий орилж, газар самардахаас хэтрэх биш дээ хөөрхий.

Одоо бол Сү-гийн фракц нам дотроо жин дарж, дараагийн Засгийн газрын бүтцийг зурж байна. Засгийн газраар тогтохгүй, Тусгаар тогтнолын ордонд урт удаан эзэн суух цаг ирж.

Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш МАН-д олон зүйл өөрчлөгдөнө. У.Хүрэлсүх ялсан ч, ялагдсан ч намын даргын тамгаа үлдээгээд гарна. Одоо Хүк минь гэж далдаганагсад арчигдана.

Сонгуулийн дүнгээс хамаарч Д.Амарбаясгалангийн эрх мэдэлд ч өөрчлөлт орно.

У.Хүрэлсүх ялбал сонгуулийн кампанит ажлын ерөнхий менежерээр ажилласан Д.Амарбаясгалан намын дарга болох биз. Ялагдвал цүнхээ үүрээд зургаан давхраас бууна. Тиймээс Говь-Алтайн угшилтай бичигчид сошиал орчинд Хүкийг дэмжин нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хадаан манаргаж яваа.

Энэ нь У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгохоос илүүтэй Д.Амарбаясгаланг унагаж, зайлуулах сонирхол нам доторх фракциудад байгааг харуулж байгаа хэрэг. Намын даргын төлөөх тэмцэл гэсэн үг …

Хотын дарга Д.Сумъяабазар “60 тэрбумын хэрэг”-ээр нам дотроо “ял” сонсч, албан тушаал эрх мэдлээ хураалгасан М.Энхболдыг дэргэдээ авчирч, улс төрийн цагаан толгой заалгаж байна. МАН-д хоёр ч удаа эрх мэдлийн тамга барьж явсан М.Энхболдод У.Хүрэлсүхийг унагасан шиг унагаж, байсных нь баруун хаяа руу өшигчих сонирхол хамгийн их бий. Нөр их хонзогнол, хонзогнол дагасан хариу төлөвлөгөө халаасалж яваа түүнийг Д.Сумъяабазар арын өрөөндөө залчихсан нь санамсаргүй зүйл биш. Арын өрөөний цайны буланд “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн тавиул бас бий. Д.Эрдэнэбилэгийнхэн буюу Эрдэнэтийн 49 хувийнхан “цагаан сонголт”-ыг санхүүжүүлж буй гэх мэдээллийн холбоосыг энэ өрөөнд ч зангидаж байж мэдэх юм. Түүний “жүжиг”-т хүүхдийн паркийг булаагсад, Жуковын хөшөөний арын талбайн эзэд газраа үг дуугүй хураалгаад байгааг анзаараарай. Эл газрын эзэд чив чимээгүйхэн ЗА гээд эдэлбэрээ өгчих номхон тэмээд мөн үү?!

Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдын тамгатай ч намын тамгагүй. Уг нь хоёулаа минийх байх ёстой гэж хэлээд У.Хүрэлсүхэд хөх няц болтлоо гөвшүүлсэн гэгддэг. Бүгдийг нударгаар шийдэж ирсэн шалдан ноёноос салах агуу хүсэлт тэрбээр Д.Амарбаясгаланд намын даргын тамгыг алдах уу, эс алдах уу…

Түүнд хэзээ ч юу ч сэтгэн хийж мэдэх ах, “ам ундраа” гэх хуурай дүү бий. Тэд генсэкийг унагахын тулд энэ сонгуульд МАН-ын тугийг бөхийлгөх учиртай. Тиймээс “цагаан сонголт” хийлгэх үүрэгтэй шинэ багийг байгуулж, санхүүжүүлж байгаа гэх мэдээлэл эрчтэй тарж байна. Үүнийг нь батлах мэт нийтлэлийн эхэнд дурьдсанчлан Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайд утас цохиж шинэ яамны мэдээлэл өгөв” хэмээн жиргэв. Намын даргын суудалд тухлах зохиол хэдийнэ бичигдчихсэн учраас Л.Оюун-Эрдэнэ ийнхүү итгэл төгс ийш тийш утастаж буй биз.

Тэгээд ч саяхан гэдсэндээ хөлөө жийлцэн уйлалдаж явсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын хөтлөлцсөн хоршлыг намынхаа ялагдлын төлөөх нэгдсэн нэгдэл буюу Л.Оюун-Эрдэнэ намын дарга болж, Д.Сумъяабазар генсэкийн эрх мэдлийг авах тохироо гэгдэж байна.

Сү-гийн тухайд хөрөнгөтэй, хүчирхэг нэгэн. Түүнд мөнгөтэйгээс гадна Д.Амарбаясгаланд амаараа шороо үмхтэл алгадуулж, “аавын хаалга” татаад гарсан худ хүртэл бий. Тэрчлэн У.Хүрэлсүхийн зам мөрийг цэвэрлэж Х.Баттулгын гоц мөргөлтийг хийсэн тоглогч гэдгийг мартаж болохгүй.

Тэр нэг сумаар хоёр туулай буудна. У.Хүрэлсүхийг хөөрөгдөөд хөл гаргүй болгосон шигээ Д.Амарбаясгаланг цэвэрхэн арччихаа мэдэхтэйгээ. Тэгэхдээ түүнд У.Хүрэлсүхийн уналт хожил болохгүй. Энэ намын уналт босолт дунд хэдийнэ хутгалдаад ирсэн Рио Тинтод ч бас таалагдахгүй байгаа юм.

Учир нь олон нийтийн дунд “Энэ сонгуульд У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат + Цагаан сонголт гэх 4 хүн нэр дэвшиж байгаа. Эхний гурав таалагдахгүй, дэмжмээргүй бол 4 дэх нөхрийг сонгоод, саналын хуудсаа цагаанаар уншуулчих. ЦАГААН СОНГОЛТ гэж хууль ёсны боломж бидэнд бий. Ялагч заавал 50+1 хувийн санал авч байж ялах ёстой. Хэн нь ч 50+1 хувийн санал авахгүй бол хоёр өндөр санал авсан нь 2-р шатанд орно.

Дахиад л хэнийг ч дэмжиж дугуйлахгүй байя. Энэ шатанд ч цагаан сонголт ихээр орж хэн нэг нь дахиад 50+1 хувийн санал авч чадахгүй бол 2-р шатанд үлдсэн хоёр нам нэр дэвшигчдээ солино. Ийм хууль, ийм боломж бидэнд бий. Ингэх тохиолдолд Х.Баттулга үргэлжлүүлээд Төрийн тэргүүнээр 2 жил ажиллачихна. Тиймээс сонгогч иргэд сонгуулиа өгөхгүй байж болохгүй, өгөөд ирцээ өндөр хувьтай байлга, гэхдээ саналын хуудаст хэнийг ч дугуйлахгүй цагаанаар нь өг” гэсэн ухуулга сурталчилгаа хүчтэй явж байна.

Тэгэхээр Х.Баттулгын хугацааг цагаан сонголтын ачаар сунгах, намын даргын суудлыг авахын төлөөх “ам ундраа” багийн ажил өчигдрөөс эрчимжиж эхэллээ.

Орчуулах »