Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мэтгэлцээнтэй өдөр “алга болов”. Түүний сул тал угаасаа зугтаж, алга болдог. Энэ удаад ч мэтгэлцээнийг тэгж шийдэв бололтой.

“Хадгаламж банк”-ны хөрөнгөнөөс 11 саяар “Фургон” автомашин авч намынхаа сонгуулийн кампанит ажилд ашигласан гэх үндэслэлээр “Бүгд Найрамдах” уншуулах дөхсөн. Н.Энхбаярын зүгээс шидсэн “2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулахдаа Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг санаатай, зохион байгуулалттай зөрчиж, санал луйвардсан” гэх хэрэгт бүдчихээ шахаж байсан тэрбээр Хадгаламж банкны 14.2  тэрбум төгрөгөөр казино тоглосон хэргээс зэмгүй мултарч, уснаас хуурай гарахдаа сурамгай гэдгээ улс төрийн хүрээнийхэнд таниулсан нь түүний эхний алхам байлаа.

Дараа нь намын нэрний Х үсгийг халж МАН болгов.

Тэрбээр 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн Их хурал дээр МАН-ын Төв хорооны анхны тамгыг төлөөлөгчдөд харуулж, “…Богдын шүншиглэж, Бодоо нарын бүтээсэн 1912 онд үйлдвэрлэсэн тамга энэ байна. МАН гэдэг нэр сэргэсэнд халуун талархал илэрхийлье” хэмээж байв.

Уг нь мань эр 2010 оны есдүгээр сарын 10-ны өдөр www.news.mn сайтад “…МАХН нэрээ сольсноос болж УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагыг нь би үүрнэ ээ” гээд, дараа нь 2012 оны нэгдүгээр сарын 23-нд “Ардчилал” сонинд “…Би хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлж, хүлээж ч чаддаг албан тушаалтнуудтай байгаасай гэж хүсдэг. МАН сонгуульд ялагдвал хариуцлага хүлээх ёстой хүн нь би мөнөөс мөн” гэсэн байдаг. Улмаар 2012 оны гуравдугаар сарын 1-нд “Улаанбаатар таймс” сонинд “…Хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлдэг эр зоригтой байх ёстой. МАН сонгуульд тааруу амжилт үзүүлбэл хариуцлага хүлээх ёстой хүний нэг нь би мөнөөс мөн гэж хэлсэн үгэндээ одоо ч эзэн байгаа” гэж улирал өнжихгүй ярилцлага өгч, мэдэгдэл хийж байлаа.

Харамсалтай нь 2012 оны УИХ-ын сонгуульд МАН амаараа шороо үмхтэл ялагдал хүлээсэн. Энэ онд У.Хүрэлсүх намын квотоор УИХ-ын гишүүн болсон ч гуравхан сар төр түшилцсэн болоод 2012 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөв. Түүний өргөдөлд “Ар гэрийн гачигдлын улмаас…” гэсэн тайлбар байсан ч өргөдөл өгөхийнхөө өмнөхөн УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг чуулганы танхимын үүдэнд шанаадаж унагасан “танхайн хэрэг” өдүүлсэн байсан юм.

Намаа ялагдалд хүргэсний хариуцлагыг хүлээнэ хэмээн тодорч байсан тэрбээр тийнхүү зугтаж, Австралид төвхнөөд байлаа.

Хаяахан Монголд ирж буцаж явсаар 2014 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж, МАН засагт нь хамтрахад Австралиас ирж нэг жил Шадар сайдаар ажилласан. Дараа нам нь сонгуульд ялж Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болоход мөн Шадар сайд болж байв. Улмаар жилийн хойно Ж.Эрдэнэбатыг огцруулж Ерөнхий сайд, М.Энхболдыг унагаж МАН-ын дарга болсныг бид мэднэ.

Намын нэр солигдон, амаараа шороо үмхтэл унасан он жилүүдэд журмын нөхөд нь Чуулганы танхимын үүдэнд буйдантай суулт хийн нүдний булай болж байхад У.Хүрэлсүх хариуцлага хүлээх биш, харийн орноос нөхцөл байдлыг ажиглан зугтаж гүйсээр энэ хүрсэн билээ.

Шударга байж, аавын хүүхдүүдийг алагчлахгүй гэдэг топор Хотын фракцийнхныг гудамжинд гаргаж, ЖДҮ-чдийг дэргэдээ залсан. Түүний шударга ёсны хэмжүүр энэ төдийхөн.

Цар тахал дотоодод дэгдэж, хүн амын дунд эрчтэй тархах эрсдлээс зугтаж танхимаа чирээд огцорсон тэрбээр мэтгэлцээнд орсон бол М.Энхболдын мэдэрсэн ичгүүрийг өөрийн биеэр амсч туулах байв.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд М.Энхболд болон түүний багийнхны гаргасан алдаа айдсыг нь төрүүлж, ахин зугтах сэдлийг өгчихөв үү.

Харин сав л хийвэл зугтаж байдаг даргадаа дургүйцсэндээ хааш яаш авсан болов уу гэмээр алдаа оноо дүүрэн зургийг сонгуулийн нь Ерөнхий менежерээр ажиллаж байгаа Д.Амарбаясгалан олон нийтийн сүлжээнд тавьж “Манай нэр дэвшигч мэтгэлцээндээ бэлтгэж байна” гэсэн нь бүр бантан болгов.

Ойрын хараа муутай, бичиг цаас шагайхдаа үргэлж харааны шилтэй уншдаг У.Хүрэлсүхийн нүдний шил генсэкийн нь оруулсан эл зураг дээр ширээний тэхий голд хэвтэж, түүнээсээ болсон уу хөндлөн хэвлэсэн бичигтэй цаасыг босоогоор нь барьчихсан суугаа нь олны доог болоод авлаа.

Тэрчлэн өдөржин мэтгэлцээнд бэлтгээд ширээний араас босоогүй гэх намын даргын өмссөн цамц толийтол индүүдлэгтэй хэвээр, тэрбайтугай цамцны нь захаар цухуйх гинж өндөр боловсролтой лидер улстөрчдийн хэзээ ч хийхгүй үйлдэл төдийгүй энэ нь байж боломгүй бүдүүлэг, гэнэт баяжигч эрчүүдийн гаргадаг дорд араншингийн илэрхийлэл гэх хатуухан шүүмжлэлийг ч дагуулав.

Улмаар ширээн дээрх ном, эмхтгэлүүд, тэр дундаа Төрийн онол номыг гарын дор байрлуулсан нь өнөө хэр төрийн онолыг цээжээр мэддэггүй, хэтэрхий боловсролгүй, юм уншдаггүй хүн аж гэх дүгнэлтийг олон түмэнд төрүүллээ.

Ийнхүү мэтгэлцээн Д.Энхбат ковидын халдвар авснаас болсон гэх шалтгаас илүүтэй эрх баригчид өөрсдөө хийхийг хүсээгүй, тэр байтугай нэр дэвшигч У.Хүрэлсүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү, мөн цар тахлын халдвар гэнэт авсан гэх мэт байж боломгүй таамаглалуудыг ч дагуулав.

Үнэхээр ч шинэхэн нярайлсан нялх биетэй ээжийн аманд дэр бариулаад зөөчихдөг харгис улс 60 гаруй сая төгрөг төсвөөс зарлагадан байж мэтгэлцээний заал бэлдчихээд ковидтой нэр дэвшигчид хамгаалалтын хувцас өмсгөөд шилэн кабинд суулгачихаж болох л байсан байх.

Тиймээс мэтгэлцээнээс У.Хүрэлсүх нэр дэвшигчийг урьдын адил ЗУГТЛАА гэх дүгнэлтийг л олон нийтийн зүгээс хийж байна.

Орчуулах »