МАН-ын удирдлагууд МАХН-ыг мурьж ИХ хурлаа хойшлуулав

МАН-ын Их бус Бага хурал маргааш болно. Энэ өдөр морин цагт (11.40) У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. Хуулийн дагуу тэрбээр тангараг өргөхөөс өмнө намын гишүүнчлэлээсээ татгалзах учиртай. Тиймээс Тусгаар тогтнолын ордонд 08.00 цагт МАН-ын Бага хурал эхэлж, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилохоор болжээ.

Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнө У.Хүрэлсүх төрсөн өдрөөрөө буюу энэ сарын 14-нд тангараг өргөнө хэмээн хэлэлцэж тохирсон байдаг. Гэвч Тусгаар тогтнолын ордонд коронавирусийн халдвар олноор бүртгэгдэж хөл хорио тавигдсанаас үүдэн ёслол хойшилжээ. Энэ хугацаанд Бага бус Их хурлыг товлон хуралдуулж, намын даргыг албан ёсоор зарлаж, У.Хүрэлсүх ч тангараг өргөнө хэмээн зураглаж байсан ч талаар болов.

Эх сурвалжийн хэлж байгаагаар намын удирдлагууд тахал туссантай холбоотойгоор асуудал удааширч, эцэстээ У.Хүрэлсүх үүрэг гүйцэтгэгчид тамгаа шилжүүлээд явахаас аргагүй нөхцөл байдал үүссэн гэнэ.

Нөгөөтэйгүүр нам доторх фракциудын зөрчил хурцдаж, У.Хүрэлсүх аль нэг талд давуу байдал үүсгэж чадахгүй байгаагаас цэвэрхэн мултарч буй нь энэ гэх нэгэн ч байгаа юм. Сү.Батболдын фракц гэхэд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болтол хөрөнгө мөнгө, хүний нөөцөөр ч дэмжиж, дэвшүүлэн зайлуулах өдрийг чимээгүйхэн хүлээсэн.

М.Энхболдын фракц хашааны гадна, нийслэлийн захиргааны байрыг тойрон томорч, боломжит өдрүүдийг отож байгаа.

Хажуугаар нь МАХН болоод Н.Энхбаяртай хийсэн тохирооны асуудал бий. Их хурлын товыг хойшлуулчихвал аль аль нь хойшилж, Хүрэлсүх хэсэг амсхийнэ. Энэ хугацаанд Төрийн ордны 3 давхрын зүүн жигүүрт төвхнөөд амжих биз.

Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд олз болов. Намын даргын тамгыг унтаа, сэрүүн аль ч үед атгаж байгаагаар зүүдэлж, мөрөөдөж яваа түүнд жаахан ч атугай хугацаа гарав. Өөрийн гэсэн хүрээлэл, дэмжлэггүй, үргэлж бусдын гар хөлийн үзүүрт гүйсэн утсан хүүхэлдэй учраас намын даргын суудал Л.Оюун-Эрдэнэийн хувьд ойр юм шиг хэрнээ хамгийн холд байгаа. Тэр зүгээр баг, маск төдийхөн байсаар ирсэн.

Үүнийгээ сайтар ойлгож байгаа тул Н.Энхбаяртай хийсэн тохирооны дагуу Засгийн газраасаа 3 шүд сугалж, асуудлыг шийдээд явах сонирхолтой байгаагаа У.Хүрэлсүхэд удаа дараа мэдэгдсэн байна. Тэрбайтугай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Соёлын сайд Ч.Номин, Батлан хамгаалахын сайд Г.Сайнбаяр нарт сэнтийгээс нь түдгэлзүүлж мэдэх мэдэгдлийг ч хүргээд амжсан гэнэ.

Харин У.Хүрэлсүхийн хувьд Н.Энхбаярыг тийм ч амархан залчихыг хүсэхгүй, яаж ийж арга саам хайгаад мурьчих бодолтой байгаа бололтой. Тиймээс намын байранд тархсан цар тахлын халдварыг далимдуулж Их хурлыг хойшлуулаад үүрэг гүйцэтгэгч томилсноор Н.Энхбаяртай хийсэн тохироо цаасан дээр л үлдэнэ.

Хэдий хугацаа өнгөрөхийг таашгүй. Намын даргын үүрэг гүйцэтгэгчтэйгээр дараагийн сонгуульд орж ч мэдэх нөхцөл байдал бас бий. Тэгвэл намын бүтцэд 2200, Удирдах зөвлөлд 8 хүнээ оруулж, Засгийн газарт 3-4 суудал эзлэх Н.Энхбаярын тохироо амьгүй болж, тэрбээр ёстой л самруулсан хэрэг болно. МАН ч үүнийг хүсч байгаа. Нөхөн сонгуулийн 2-3 суудлыг Намбарын хүүд өгнө гэдэг ч хайран шүү дээ.

Үүнийг мэдэрсэн Н.Энхбаяр М.Энхболдтой хавсарч Засгийн газрын хамгийн эмзэг цэг болсон Шадар сайд С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарыг огцруулах акц өрнүүлнэ хэмээн чулуу шидэж байна.

Хэн хэн нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хүмүүс.

А.Ариунзаяа салбар хариуцсан сайдаар улиран үлдэж чадсан нь генсэкийн хайр хишиг гэдгийг Тусгаар тогтнолын ордныхон сайн мэднэ. Тийм ч учраас сайн гэхээсээ саар нэр арвинтай А.Ариунзаяаг яамны нь Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр улалзтал хамгаалж яваа.

С.Амарсайханыг УОК-ын дарга, Шадар сайд болоход гол түлхэц өгсөн нь Д.Амарбаясгалан. Тиймээс Хотын мээртэй нэгдсэн хотын фракц С.Амарсайханыг огцруулах түрлэгт гар бие оролцож байна.

С.Амарсайханы суудал ганхахын хэрээр Засгийн газрын хувь заяа эвгүйтнэ. Ямартаа Архангайн болоод НАМЗХ-ныхны бүлэглэлүүд Төрийн ордонд эвсэж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах албан тоот бэлдэж, гарын үсэг цуглуулсан талаарх мэдээлэл байгаа юм. Үүнийхээ хариуг ч Ж.Мөнхбат амсч, гэр бүлийн хүчирхийллийн хэргээр явчихаа дөхсөн. Тэдний бэлтгэсэн албан тоот дээр Сү.Батболдын фракц гарын үсэг зурчихвал болох гээд байгаа.

Ийнхүү албажуулж УИХ руу оруулж чадвал Г.Занданшатар гардан гүйцэтгэж, даруйхан хэлэлцэх асуудлын жагсаалтад эрэмбэлэхээр чичирч сууна. Эр хүний дотор эмээл хазаартай морь бүхлээрээ багтдаг гэгчээр Спикерийн суудлаас илүүтэй намын даргын сэнтийд сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлсэн түүнд үүнийг хийх шиг амархан юм гэж хаана байхав.

Тэгэхээр хамаг гол хөзөр Сү.Батболдын гарт байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгатай муудалцаж байсан тэд У.Хүрэлсүхээр дамжуулан эвсэж, Монголын үндэсний олимпийн хороогоо хүртэл Сү.Батболдод найр тавин өгөхөөр болоод байгаа. Тэгэхээр Сү-гийн фракцид Засгийн газраас бусад нь бүгд бий.

Тэр хэдийнэ спортын гэх тодотголтой бүхнийг халааслаж хүү, бэрээ эзэн суулгасан. Одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг хэзээ хэрхэн савж гартаа хийх нь зөв бэ гэдэг дээр тооцоо хийж сууна.

Хонины арьс нөмөрсөн чоно гэдэгчлэн Ч.Хүрэлбаатарын арьс нөмөрсөн Сү.Батболдын фракц мөнгөтэй ч, хүрээлэлтэй ч байна. Тэд намын удирдлагыг гартаа авч, нөхөн сонгуулийн 2-3 тойргийг АН-д өгөөд, улмаар хамтарсан Засгийн газар байгуулж муу муухайгаа хамтдаа үүрэлцээд 2024 оны сонгуульд хөтлөлцөн орох хөтөлбөрийг ч боловсруулсан байгаа юм.

Орчуулах »