Судалгаагүй ажилладаг Л.Оюун-Эрдэнийн балаг Харилцаа холбооны зохицуулах хороонд нөлөөлж байна

-Шатахууны 300 биш, телевиз үйлчилгээнд нэмэгдсэн 3000-ын араас яв Б.Бат-Эрдэнэ дарга аа!!!-

Монгол Улсад судалгаа, хэт алсын ирээдүй бий юү. 20-30 жилийн алсыг харж хөгжлийн бодлогыг тодорхойлсон гэдэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ зуны нөхцөл байдлыг, ковидын тархалтын цар хүрээг одоог хүртэл үнэлж, дүгнэж чадаагүй яваа…

“Ковидгүй зун” гэх түүний уриалга ямар ч судалгаа, тандалтад үндэслээгүй хий хоосон зүйл байв. Үр дүнд нь өргөн уудам нутагтай атал өрх бүртээ хөл хоригдож, аймаг сумдын дарга нар нь Засгийн газраасаа салж тоглон, улс доторх улс шиг болчихсон.

Ковидгүй зун гэж Засгийн газрынхаа 100 хоногоор хийрхэж байсан тэрбээр цар тахлын нөхцөл байдлыг дүгнэсэн судалгаа, тандалтгүй байгаа нь гуравхан сарын цаадахыг харж чадахгүй яваа Засгийн газрын тэргүүн 30 жилийн хөгжлийн бодлогыг бодитоор тодорхойлсон гэдэг үнэн үү гэх даапааллыг бий болгоод байгаа.

Цахим үндэстэн, цахим хөгжил ярьдаг түүний үед цахим гэгдэх бүх зүйл нуран унаж буй нь үнэн. Хамгийн чухал Харилцаа холбоо мэдээллийн технологийн агентлагаа мэргэжлийн бус хүүхэнд бэлэг болгон өгчихөөд, нөгөөх нь чадал чансаагаа үнэлж мэдэхгүй, огцрох өргөдлөө өгчихгүй зууралдаж суугаа нь муу эрд халдага дараа гээч болчихсон.

Ядаж байхад Харилцаа холбооны зохицуулах хороогоо ч хянаж, шаардан ажиллуулж чадахгүй арчаагаа алдаж байна.

Уг нь энэ хүнд хэцүү цагт хамгийн их орлоготой, ашигтай ажиллаж байгаа ганц салбар нь. Харамсалтай нь эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэгчээр судалгаа, тандалт гээч зүйлийг сууриа болгож сураагүй Л.Оюун-Эрдэнэтэйгээ таарсан таар шуудай болсон Харилцаа холбооны зохицуулах хороо нь өөрөө судалгаагүй хар таамгаар, таамаг дагасан сохор шийдвэрүүдээр өдөр хоногийг аргацаан ажиллаж байна.

Судалгаанд суурилаагүй ажил бүрийг авлига дагадаг гэж гадныхан зүгээр ч нэг тодорхойлчихоогүй байх.

Тэр тусмаа дахин дамжуулалтын сувгууд бусдын бэлтгэсэн контентыг үзэгчдэд дамжуулах нэрийдлээр мөнгө хүүлдэг явдлыг таслан зогсоох зорилгоор Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг шинэчлэн баталж, тэр дундаа рейтинг судалгааг заавал хийх гэж тодотгосон байхад шүү дээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо гэх үхээнц газартайн балгаар хууль хэрэгжиж эхлэх мөчид телевиз үзэгчдийн төлбөр 2500-3500 төгрөгөөр нэмэгдэж, цар тахлын үед ажил, орлогогүй болсон иргэдийн нуруун дээр ачаа болсноос өөр юу ч хийгдээгүй нь үнэн.

Өргөн нэвтрүүлгийн тухай Хуулийн зүйл заалт бүр уг нь хэрэглэгчдэд, жинхэнэ уран бүтээлчдэд ээлтэй, энэ салбараас хахаж унатлаа мөнгө олж буй эрх мэдэлтнүүдэд халтай болсон байдаг.

Харамсалтай нь хууль хэрэгждэггүй, Монголын Телевизүүдийн холбоо гэх байгууллага нь хэний эрх ашгийн төлөө явдаг нь тодорхойгүй байсаар Харилцаа холбооны зохицуулах хороогоо хамгийн муу муухайд гаршуулан сургачихсан нь эмгэнэл. Нөгөө хороон дарга нь өөрийгөө тус газрын Шинзо абэ гээд бодчихсон нь бүр хөөрхийлөлтэй.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7.4.2-д өргөн нэвтрүүлгийн зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаарх СУДАЛГАА-нд үндэслэх учиртай шүү гээд заагаад өгчихсөн байгаа ч эл гунигт Хороо ямар ч судалгаа хийлгээгүй сохроор бүдчиж явна. Энэ болхи, нүд нь боолттой Зохицуулах хороогоо үргэлж ийм арчаагүйгээр нь байлгах сонирхол дахин дамжуулалтын хэдэн компани, гадныхны бэлтгэсэн төлбөрт контентийг түгээж мөнгө олдог ашгийн төлөөх хэдэн суваг эрхлэгчдэд бий.

Монголд дахин дамжуулалтын 6 компани үйл ажиллагаа явуулж байна. Бүгд эрх мэдэлтэн, олигарх бүлэглэлүүдийнх гэдгийг бид өмнөх нийтлэлдээ дурьдсан. Тиймдээ ч даварсан эдгээр компанид хэн ч, тэр дундаа Харилцаа холбооны зохицуулах хороо нь халдаж, хяналт тавьж чадалгүй аманд нь багтсаар ирэв.

Иргэд бид ч дэндүү мэдлэг мэдээлэлгүй. Уг нь 300 төгрөгөөр бензиний үнэ нэмлээ гэж Шатахуун импортлогчид руу дайрах биш, телевиз үзэгчдийн төлбөрийг 2500-3000 төгрөг хүртэл нэмсэн дахин дамжуулагч компаниуд руу, Харилцаа холбооны зохицуулах хороо руу бухимдлаа гаргаж, асуулга тавих учиртай юм. Тэд юунд үндэслэж үнээ нэмсэн бэ.

Үндэслэлийг нь Зохицуулах хорооноос хянаж шалган үзэгчдийн өмнөөс эсэргүүцэл бүхий хориг тавьсан уу…

Гадна талд нэг баррель нефтийн үнэ тэнгэр тултал өсчихөөд байхад шатахуун импортлогчид үнээ нэмэх нь тодорхой шүү дээ. Харин ч эрх баригчдын амин хувиа хичээсэн, сонгуулийн дүнд нөлөөлнө гэх хомхой санааны эрхэнд их удаан, өөрсдөө дампуурахын ирмэгт иртлээ өмнөх үнээр нь барьж торгоосон байх. Гадаад зах зээл дэх нефтийн үнийн өсөлтийн мэдээлэлгүйгээ гайхуулж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнэ гэх “тавиул” попорч шатахуун импортлогчдоо шалгана, шүүнэ гэж зүг чиггүй, үр дүн үл гарах сэдэв үүрч давхихынхаа оронд Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтраад дахин дамжуулалтын компаниудад, төлбөрт контент түгээж ашиг олдог SPS, dream box, Asian box, movie box зэрэг суваг эзэмшигчдийн үйл ажиллагаанд хошуу дүрэх хэрэгтэй юм.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5.3-т өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр үйлчилгээний хөлс авах заагдсан байгаа. Гэтэл энэ мөнгийг дахин дамжуулалтын компаниуд хэрэглэгчдийн төлбөр дээр нэмж тусган, асуудлыг шийдсэн байгаад нь хяналт тавьж, ямар ч судалгаагүйгээр нэмсэн эл үнийг буулгахгүй бол тусгай зөвшөөрөлтэй нь ярина гээд бойкотлол доо, Харилцаа холбооны зохицуулах хорооны эрхэм дарга Г.Чинзориг оо…

Та нар чинь өөрсдийгөө шүүмжилсэн мэдээллийн сайтуудыг хаах, хар жагсаалтад оруулна хэмээн айлгахдаа сайн шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөөг хумиж боомилох гэсэн санаархлаа дахин дамжуулалтын үйлчилгээ эрхлэгч эрх баригчдад гаргаад үзээч.

Хуулийн 26.7-д Үндэсний олон нийтийн телевиз болон өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгууд нь олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын эхэнд байна гэх заалт, 20.6-д Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоо нь энэ хуулийн 20.5.3-т заасан хөлсийг төвлөрүүлж, өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэлтийн СУДАЛГАА-г үндэслэн гишүүдэд хуваарилна гэсэн байгааг уншсан уу!!!

Хуулиа уншдаг бол яагаад өнөөг хүртэл телевизийн сувгуудийн рейтингийг тодорхойлсон судалгаан дээр үндэслэж ажилладаггүй вэ. Яагаад хуулийн эсрэг явна вэ…

Монголд маш сайн судалгаа хийдэг “Максима Консалтинг” гэж компани байдгийг мэдэх үү. Тэдний хийсэн судалгаануудыг ганц удаа ч болов харж байсан уу /Maxima | Home/… ?!

Харилцаа холбооны зохицуулах хорооны бүх ажил судалгаан дээр үндэслэнэ гээд хуулиар заагдсан байхад судалгаагүй попордог улстөрчдийг, Л.Оюун-Эрдэнийн хамгийн сул талыг яагаад даган дууриана вэ…

Үзэгч, уншигчид тэнэг биш юм. Шатахууны нэмэгдсэн 300 төгрөгийг биш телевиз үйлчилгээний судалгаагүй нэмэгдсэн 3000 төгрөгийг буулгахыг шаардаад ажлын чинь үүдэнд эгнээд жагсчихсан байж мэдэх юм шүү, Г.Чинзориг дарга аа…

Орчуулах »