Арлын орон дахь албан бус уулзалтаас МАН-ынхан эмээж байна

Ардын намын дотоодод ноёдын тэмцэл хурцдаж байна. Энэ цагийн эрх баригч залуус гэдсэндээ хөлөө жийлцэж эхэлсэн бөгөөд үүний илэрхийлэл болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд сануулга өгчихөөд арлын орон руу ниссэн.

Өнгөц харахад олимпийн нээлтэд оролцож, баг тамирчдаа дэмжих мэт боловч үнэндээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай уулзаж, ар өврийн асуудлуудаа ярихаар явсан нь үнэн.

Ардчилсан намыг тараасан ерөнхийлөгч асан Ардын намыг ч зүгээр байлгахгүй.

Тиймдээ ч түүний хүн гэгдэх, Эрүүгийн цагдаагийн газрын дарга асан Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал /Х.Баттулга буухаасаа өмнө өгсөн/ Сийлээгийн Ганбатыг саатуулж элдэв хэрэг тохоож эхэлсэн нь тохиолдлын явдал биш юм. Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарын хүн бөгөөд тэднийг намын генсэк нь оролдож эхэллээ гэлцэж байсан ч С.Ганбат үнэн хэрэгтээ женко Х.Баттулгатай үй зайгүй холбоотой агаад энэ нь ч хэдэн жилийн өмнөх “хурандаа нарын хэрэг” гэх үйл явдлын үеэр тодорхой болж байв.

Ямартай ч С.Ганбатыг саатуулсан нь тохиолдол биш гэдэгтэй адил Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулж ахлагчаар нь Ерөнхий сайд өөрийн салшгүй анд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараа тавьчихаад явсан нь мөн санамсаргүй хэрэг биш.

Энэ бүх үйл явдал нам дотор эргэшгүй хагарал үүссэн, хэзээ мөдгүй хагарах бэтгэний өнгө хувирал юм.

Шинэ цагийн попын хаан хэмээн улстөрчдийн дунд нэрлэгдэх болсон Х.Нямбаатарыг намынхан нь хаана эрх ашиг, эрх мэдэл байна тэнд гүйж явдаг гэлцэх бөгөөд ажлын хэсгийн анхны ажил нь Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөс “хөөж”, Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг тэтгэвэрт гаргаснаар эхэлнэ гэж байгаа.

Энэ нь женко Х.Баттулгын захиалга гэх мессэж ч хэдийнэ тарчихсан.

Тиймээс ч ажлын хэсгийн зорилго нь авлигатай тэмцэх биш ардын нам дахь бүлэг фракциудыг “сүрдүүлэх” гэдгийг харуулсан явдал хэмээн улстөрийн ажиглагчид дүгнэв.

Үүнийг бататгаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр ирсэн” гэсэн мэдэгдлийг хийсэн билээ.

Уг нь Монгол Улс Авлигатай тэмцэх газартай. Удирдлага нь Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд багтахаар хуульчилчихсан. 2020.12.30-нд Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд санал болгосноор 6 жилийн хугацаатай томилно гэх заалт оруулсныг бид мэднэ. Дарга нь дэд даргаа санал болгох зохицуулалттай, 16 жилийн түүхтэй тус газар өөрийнх нь атганд бүрэн байхад Ерөнхий сайд ийнхүү хувийн мөрдөх товчоо байгуулсан нь дагалдах олон асуултыг бий болгочихоод байгаа.

Үүнийхээ дараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай уулзалдахаар олимп гэх халхавчин дор нисэн одсон нь ардын намын томоохон тоглогчдын дургүйг хүргэж, бүлэг фракцуудыг хөдөлгөөнд оруулав. Үнэндээ ч эрх баригч намыг Х.Баттулгын нүүдэл дэнжигнүүлсээр одоо бүр Ерөнхий сайдын ах “Херо” Б.Баатарын дүрээр бантан хутгуулж эхэлсэн. Хойноос ирээд хот, хотонд ороод хонь минийх гэгчээр өнөөх Б.Баатар нь МАН-ын нэр дээр Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвших сураг дуулдаад байгаа.  

Оньсого таавар мэт хөл хөдөлгөөн, хагарал эвдрэлцэл ийнхүү МАН-ын дотоодод үүсч Засгийн газрын хувь заяа амаргүй болж ирсэн.

Херо Б.Баатар, А.Амундра гэхчлэн Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын ерөнхийлөгч аснуудын тавиулууд тус намд хүч түрэн орж ирж улмаар Монголын банк санхүү, газрын тос, зам тээврийн сүлжээг атгасан бүлэглэлүүдийн шилгээлтэд 100 жилийн түүхтэй нам нуран унахад хэн дуртай байв гэж.

Тэр дундаа оффшор бүсийн булаацалдаанд үргэлж нухуулж хэмлүүлж ирсэн Сү.Батболдын фракц найр тавин суухгүй нь лав.

Тэгэхээр нам доторх фракциудын хөдөлгөөн эрчимжиж, үгсэж чадвал Л.Оюун-Эрдэнээс Засгийн газрыг салгаад зогсохгүй намын даргын тамгыг авч, ахтай юутай нь хөөж гаргана.

Нэгэнт хүний бэлдсэн ширээн дээр ирж суусан түүнд өөрийн тал, өөрийн идэш гэсэн ойлголт байхгүй. Тиймээс Х.Баттулгатай нүднээс далд уулзалдахаар наран улсын зүг ниссэн хэрэг.

Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын наймаалцал, эрх мэдлээ урвуулан ашигласантай тэмцэнэ гэвэл Ерөнхийлөгчийн дэргэдэх шадар туслахуудаас ажлаа эхлэх шаардлага үүснэ. Тэнд генсэкийн нутаг нуга, гар хөлүүд бий.

Цаашлаад төрийн өмчит үйлдвэрийн хурган нарыг хуйгаар нь хэцүү нэрт рүү явуулах хэрэгтэй болно.

Энэ хөдөлгөөнд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарын нөхөд өртөж гал дээр тос нэмчих гээд байгаа учраас Х.Бадамсүрэн, Н.Багабандийн асуудал хэрхэх нь тодорхойгүйгээр гацчихаад байна.

Тэднийг хөдөлгөвөл Сү-гийн тал Л.Оюун-Эрдэнийг багалзуурдахад бэлэн. Тиймээс одоохондоо Засгийн газарт шунаж байгаа Сү-гийн фракцийг ах дүүсийн нь хүүхдүүд болох жулдрайнуудын хэргээр базасхийн дарж суугаа биз.

Ер нь бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэртэй ч бүх зүйл генсэк Д.Амарбаясгалангийн зөвшөөрлөөр явагдаж байхад уурын зуухны галчаар дуудуулан өдийг хүртэл тэсч яваа Ерөнхий сайдад ямар сайхан байх билээ.

Ядаж байхад Ерөнхийлөгчийн сонгууль хоёр даваатай болохдоо тулж, У.Хүрэлсүхийн нэр шалны алчуурын хэмжээнд унах үед хаанаас ч юм гэнэтийн туслалцаа аван намын лидерүүдийнхээ хамгийн их итгэлийг хүлээсэн хүн нь Д.Амарбаясгалан.

Нам доторх фракциудын эв зүйг олж, зальдаад ч болтугай эвлүүлж дэвлүүлдэг нь ч тэр.

Тэгэхээр энэ хүний зөвшөөрөлгүйгээр Л.Оюун-Эрдэнэ хичнээн дөвчигнөөд нэмэргүй байгаа нь үнэн. Хүк-ийн алганы амтыг үздэг байсан шигээ генсэкийн дотор муухайруулам үгийг сонсоод хаалгаа гаднаас нь хаахаас өөр гарцгүй яваа түүнд Х.Баттулгын зүгээс өгөх мессэж гарцаагүй энэ өдрүүдэд хэрэгтэй байгаа.

Түүний байгуулсан “хувийн мөрдөх товчоо” Ерөнхийлөгч асны санаа байсан гэх бөгөөд үүнийхээ ачаар л генсэкийн түвшинд харилцан гөвшилцөж чадна гэдгийг намынхан нь хэлж байна.

Эл шинэ “товчоо”-ны үрээр 16 жилийн түүхтэй Авлигатай тэмцэх газар алгуурхан устана гэх прогноз улс төрчдийн дунд бий.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа 2006 онд хуулийг нь гаргаж, 2007 оноос АТГ-ыг байгуулсан улс төрийн дотоод шалтгаан нь 2000-2004 оны Хууль зүйн сайд Ц.Нямдорж авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй олигтой тэмцэж өгөхгүй, цагдааг шантаажны “хүч”, зэвсэг болгосноос ангижрах явдал байв” хэмээн жиргэсэн байсныг энэ зуурт хавчуулан саная.

Тэгвэл энэ Засгийн газрын гал тогооны ахлах нь Ц.Нямдорж.

Ажлаа сайн хийдэггүй Ц.Нямдоржид зориулж АТГ-ыг байгуулсан юм бол тэр энэ газрыг устгахдаа юунд дургүйлхэн тээршаах билээ.

Тиймээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай арлын оронд амар тайван зөвшилцөж урт холын төлөвлөгөө эвхэн ирэх Л.Оюун-Эрдэнэ намын дотоодод бөмбөг тэслэх нь гарцаагүй.

Түүний нүүдэл суудалд битүүхэн бэлтгэсэн бүлэг фракциуд ч хоосонгүй байж, хар алтны бизнес эрхлэгчид гэдсэндээ хөлөө жийлцээд эхэлсэн нь зарим мэдээллийн хэрэгслүүдийн голлох нийтлэлүүдээс ил…

Орчуулах »