Банкны эздийн гарт эрх мэдлээ алдсан МАН нөхөн сонгуульд хэрхэн оролцох вэ

Сонгинохайрхан дүүргийн 28, Хэнтий аймгийн 13 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд товлогдсон. Улс төрийн намууд оролцох эсэхээ наймдугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн сонгогчдоосоо татгалзаж Д.Сумъяабазар хотын дарга болсон. Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдож, тангараг өргөснөөр тухайн тойргуудад орон гараад байгаа.

Тэдний орон зайг нөхөж хэн хэн өрсөлдөх вэ гэх марафон өнгөрсөн өдрүүдэд намуудын дотоодод өрнөсөөр ирэв.

28 дугаар тойргийн хувьд МАХН-ын дарга асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарынх гэх тодотголтой хэвээр. У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын тохиролцооны дагуу нөхөн сонгуулиар Э.Батшугарыг дэмжиж ажиллахаар болсон. Тиймээс МАН доторх энэ тойргийн өрсөлдөөн намжсан гэдэг ч горилж, гоморхсон нөхдийн чимээ тасраагүй байна.

Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдгийн үлгэрээр С.Мөнхчулууны асуудал үргэлж сөхөгдөөстэй. Хуучин батлахаа өвөртөлж тунирхлаа тайлахын өмнө намынхаа удирдлагатай нөхөн сонгуульд нэр дэвшихээр тохиролцсон гэгддэг.

Сүүлийн үед энэ тойрогт Н.Номтойбаярын нэр хүчтэй яригдаж байгаа.

МАН-ын хувьд өр зээлэнд явах эл тойргийн асуудалдаа цэг тавьж, Намбарын ач хүүд өгөх шийдвэр дээрээ тогтсон гэх мессэжийг олонд өгсөн хэвээр.

Тэрчлэн УИХ-ын гишүүн Н.Учрал биеийн байдлаас шалтгаалж, гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргана гэх мэдээлэл эртнээс цацагдсан бөгөөд генсэк ч ийм шахалтыг Н.Учралд үзүүлээд авсан гэж байгаа.

Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн хувьд хэд хэдэн хувилбар бий. МАХН-ын дарга асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах “Херо” Б.Баатар нараас гадна МИАТ-ийн дэд захирал асан, У.Хүрэлсүхийн халаасан дахь “хүүхэлдэй” гэгддэг Н.Энхбаатар нар горилдог.

Н.Энхбаярын хувьд нэрээ амархан татаж болох ч нөгөө хоёр нөхрийн тухайд амаргүй.

Хаанаас нь ч харсан “женко” гэж харагддаг Б.Баатар сүүлийн үед дүүгийнхээ дэргэдээс салахаа больж, МАН-ын жинхэнэ дарга мэт яваа.

Ахынхаа хуруун хүүхэлдэй мэт харагддаг Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн 18 дугаар тойргийг У.Хүрэлсүхтэй наймаалцаж, түүний хүн гэгддэг Н.Энхбаатарын фактуудыг тэвэрчихсэн явсан гэдгийг намынхан хэлж байгаа.

Н.Энхбаатар нь ч МИАТ-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа идсэн уусан, шамшигдуулсан гэх хэрэг явдал арвинтай агаад үүгээрээ “херо” Б.Баатарын “идэш” болсон юм байх.

Энэ нөхдийн мөргөлдөөнөөс гадна Соёлын дэд сайд М.Батбаярын сонирхол, шунал мөн эл тойрогт наалдчихсан. У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын эв түнжинтэй байх үеийн билэг тэмдгүүдийн нэг гэгддэг тэрбээр хэлтэй амтай “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагын эзэмшигч байсан сүйхээтэй эр.

Бусад намуудын хувьд ямар ч алт эрдэнэ дэвшүүллээ гээд нэгд эрх баригчдыг барахгүй, хоёрт өөрсдөө хөл толгойгоо олоогүй хэвээр яваа тул цаг болоод мөнгөний гарз болох нь үнэн юм.

Тиймээс шинэ долоо хоногт МАН-ынхан нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэнэ, тэр нь эл намын эрх мэдэл хэнд илүү төвлөрсөн байгаагийн илрэл болно.

Банкны эздийн гарт эрх мэдлээ алдчихсан гэгдэж байгаа тус намынхны хувилбар олон хүний сонирхлыг төрүүлж байгаа билээ.

Дэвшүүлэн зайлуулсан Хүрэлсүхээ хүсвэл эргүүлэн татаад хэн ч биш болгочихож чадах тул шинэхэн Ерөнхийлөгч маань Эмзэгсүх болчихсон эв найрамдлыг эрхэмлэн тонголзож яваа ч гэгдэж байна, хөөрхий.

Орчуулах »