БНСУ-д зай барих журмыг дахин сунгана

2021-08-06
1 min read

БНСУ-д “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахад хүндрэл учраад байгаатай холбоотойгоор зай барих хатуу журмыг дахин хоёр долоо хоногоор сунгана гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдэгджээ.

Ингэснээр оройн 18 цагаас хойш хоёроос олон хүн цуглахыг хориглох, зоогийн газруудын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг Сөүл хот, Гёнги муж болон Инчеон боомт хотод наймдугаар сарын 22 хүртэл мөрдөх шаардлагатай болж байна.

“Ард иргэдийн тэвчээр хатуужил, хамтын ажиллагааны хүчээр цар тахлын “түймрийг” унтраасан боловч халдварын тархалтын дөл ассаар байна” гэж Ким Бу Кюм цар тахлын асуудлаарх өргөтгөсөн хурлын үеэр хэлжээ. Нийт 52 сая хүн амтай БНСУ-д сүүлийн сарын турш өдөрт дөрвөн оронтой халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Сөүлийн бүсэд мөрдөж буй “COVID-19”-тэй тэмцэх дөрвөн шатлалт журмын хамгийн хатуу арга хэмжээнүүдийг энэ долоо хоногийг дуустал тогтоогоод байсан юм. Харин улсын бусад бүсүүдэд гуравдугаар түвшний журам хэрэгжиж байгаа ажээ.

Ерөнхий сайдын хэлснээр, зай барих журмын улмаас жижиг бизнесүүд удаан хугацаагаар хохирол амсаад буй энэ үед нийслэлийн бүсэд дөрөвдүгээр түвшний журмыг, бусад бүсэд гуравдугаар түвшний журмыг сунгах шийдвэрийг гаргах нь Засгийн газрын хувьд амаргүй байжээ.

Гэвч өнөөгийн нөхцөлд коронавирусний тархалтыг хяналтад авч, урьдчилан сэргийлэх асуудлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй байгааг тэрбээр дурдаад, энэ бол ард иргэдийн амьжиргааг сайжруулах хамгийн зөв арга зам юм хэмээн мэдэгдсэн байна.

Үүнээс гадна наймдугаар сарын 15-нд болох Эрх чөлөөний өдрөөс үүдэн халдварын тархалт дахин нэмэгдэж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлсний зэрэгцээ сурагчдын зуны амралт дуусах дөхөж буй энэ үед тэдний аюулгүй сурах нөхцөлийг хангах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »