МАН-д чадуулсан ч МАН-ын дарга болох панзчны ухаан Х.Баттулгаас гарна

Улс төрд танил технологи өрнөж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг л Сү.Батболд, Ө.Энхтүвшин шиг улс төрийн нүүдлээс тун удахгүй шахагдана.

11 жилийн өмнө Н.Энхбаярт дөнгүүлсэн С.Баяр эцсийн мөчид Их биш Бага хурал хуралдуулж, намын даргын титмээ Сү.Батболдод өвлүүлж байв. Ерөнхийлөгчийн сонгуулиар намаасаа нэр дэвшсэн Н.Энхбаярын эсрэг ажиллагааг идэвхийлж ажилласныхаа горыг амссан үе.

АН-тай нэгдсэн С.Баярыг унагах ажиллагаа МАН-д өрнөж АНУ-д нуруугаа эмчлүүлж байгаад эх орондоо хөл тавьмагц тамгыг нь булаан авах хорыг Н.Энхбаярын талынхан найруулсан байв. С.Баярт гарц үлдээгүй байсан гэдэг.

Тиймээс Бага хурлын өмнөх орой С.Батболдод эрх мэдлээ шилжүүлэх тохироог хийж, маргааш нь зарласан. Удтал боломжит цаг хугацааг хүлээж, элдвийг хутган хүлээж байсан Н.Энхбаяр болон түүний хүмүүс шоконд орж, С.Батболд 100 хувийн саналаар намын дарга, Ерөнхий сайд болж байв. С.Баяр “Энэ бол нийгмийн захиалга” хэмээн даапаалан ёжилж байлаа.

Харамсалтай нь Сү.Батболдын үг төдийлөн үнэ цэнэтэй байгаагүй. Тэр Н.Энхбаяр гэж эсэргүү нөхдийг цэвэрлэх их үүргийг хүлээсэн цэвэрлэгч л байв. С.Батболдод өөрийн гэсэн боловсон хүчин, хүрээлэл байсангүй. С.Баярын босгосон бүхнийг ашиглаж, У.Хүрэлсүхийн хэлснийг дуулгавартай биелүүлэгч төдийхөн байснаас түүний тэргүүлсэн нам их ялагдал хүлээсэн. Шалтгаан нь ууган нэрээ сэргээж, Н.Энхбаяр салан тусгаарласан явдал хэмээн өнгөцхөн дүгнэдэг ч үнэндээ нам доторх фракциуд С.Батболдын эсрэг зогсч, түүний үгийг хэн ч нохойн хуцаж буйн чинээнд анхаарч сонсдоггүй байсан юм.

Нам сонгуульд ялагдал хүлээсэн тул удирдлагуудыг огцруулах акц эрчимтэй өрнөв. Аргагүй болсон Сү.Батболд Бага хурлыг хуралдуулж Ө.Энхтүвшинд эрх мэдлээ шилжүүлсэн. Энэ бол С.Баярын зааварчилгаа байлаа. Намаа шалаар нэг болгосон У.Хүрэлсүх эхнэрээ эмчлүүлэх нэрээр арилж одсон. УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг шанаадсан явдал нэрмээс болж, хуулийн хаалга татах болоод байсан юм.

Намын даргад нэр дэвшиж байгаа Ө.Энхтүвшин генсэкээрээ Д.Цогтбаатар, Г.Занданшатар нарын нэрийг хүчээр барьж орж ирснийг бид мэднэ. Хэн хэн нь С.Баярын, бас Сү-гийн хүмүүс. Заалнаас Ж.Сүхбаатар нэрээ дэвшүүлсэн ч хол алхаагүй. 

Хариуцлага тооцох нэрийдлээр МАН обойгоо сольсон төдий Бага хурал болж өндөрлөсөн нь энэ. Үнэндээ Сү.Батболдын нэгэн адил Ө.Энхтүвшинд намын дарга гэх сэтрээс өөр зүйл байсангүй. Түүний үгэнд ордог гишүүн, удирдлага ч байгаагүй юм.

Номхон тэмээг ноолоход амар гэгчээр Т.Аюурсайхан, Д.Загджав тэргүүтнээс эхлээд МАН-д шинэчлэл хийх хүмүүсийн цуваа тасарсангүй. Өдөр алгасахгүй шахам хэвлэлийн хурал болж, нам доторх идээ бээрийг шахах шаардлага тавьж байв. Энэ бүхэн Н.Багабанди болон М.Энхболдын өдөөн хатгалга байсныг хожим Ө.Энхтүвшин ил захидалдаа тодотгосон байдаг.

МАН-ынхан ийн дотроо алалцаж, нэг хэсэг нь Ц.Элбэгдоржийг дэмжиж, Төрийн тэргүүнээр улиран сонгох боломжийг өгсөн хэрэг. Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн гэм Ө.Энхтүвшинд тохогдож, Их хурлыг хуралдуулан тамгыг нь хотын фракц булаав. Бага хурлын гишүүдийг ч тэр даруй шинэчлэсэн юм.

Бага хурлаас тамга өвлөж авсан хүмүүсийн зам ийм л богинохон агаад үнэ хүндгүй байв. Өнөөдөр У.Хүрэлсүхийн зассан тавцан дээр Л.Оюун-Эрдэнэ танц эргэх ч түүнийг дэмжих хүн Х.Нямбаатараас өөр алга.

НАМЗХ-ны залуучууд намын даргаа зөвшөөрөхгүй байгаагаа үйлдлээрээ баталлаа. Намын даргын хувиар Л.Оюун-Эрдэнэ холбооны удирдлагад Б.Золбадралыг нэр дэвшүүлсэн ч холбооны удирдах зөвлөл эсэргүүцэв. Энэ бол улс төрийн хувьд гамшигт үзэгдэл. Тэр дундаа нам доторх анхны томилгоо бүтэлгүйтнэ гэдэг Л.Оюун-Эрдэнийн хувьд гутамшиг юм.

Дэмий бүх зүйл рүү савчиж, бяр чадлаа үзүүлэх гэж сарвагах нь хөөрхийлөлтэй. Хувийн мөрдөх товчоо байгуулж, бусдыгаа сүрдүүлэх гэж оролдох нь зохимжгүй. Өнгөндөө Х.Баттулгын хүмүүсийг хуулийн байгууллагад “тушааж” буй мэт харагдавч үнэндээ 10 сард болох намын Их хурлын суурь бэлтгэлийг хангаж ядан яваа харагдана. Намын Их хурлаар өнөөгийн намын удирдлага, Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэх тул хүүхдүүд хөл толгойгоо олж ядан гүйлдэхээс яалтай.

Сонгуулийн өмнө У.Хүрэлсүх АН-ыг самарч байсан шиг энэ удаад Х.Баттулга МАН-ыг гаднаас нь тонгочуулж байна..

Л.Оюун-Эрдэнэ, “Херо”-гийн Б.Баатар нарын ил цагаан сүлбэлдэх нь ах дүүсийн хувьд байх зүйл. Харин “Херо” Б.Баатарыг Х.Баттулгаас салгаж харах бараг боломжгүй.

Хажуугаар нь М.Энхболд хотын дарга Д.Сумъяабазарын улс төрийн зөвлөхөөр ажиллаж байгаа нь бүр марзан. Газрын наймаагаар гаршсан нөхдийн нэгдлийг Хотын фракц гэнэ гэх марзан тодорхойлолт улс төрд бий. Тэд хотын даргын дэргэд байгаа нь улстөрийн учгийг улам бүр гогцооролдуулаад байгаа.  

Ядаж байхад тэгтлээ алалцаж байсан женко Х.Баттулга шинэ найзтай болсон нь Сү.Батболд гэх яриа сүүлийн хэдэн өдрийн сонирхолтой жиг жуг болж байна.

Тэрчлэн хойноос ирээд хот, хотонд ороод хонь минийх гэгчээр Голомтын Д.Баясгалангийн хүн гэгддэг А.Амундра хүртэл МАН-ын залуу үеийг хайр найргүй гишгэчин хөөгөөд ороод ирсэн. Голомтын Д.Баясгалан, женко Х.Баттулга нар хүж барилдсан ах дүүс шиг сүжрэх болсныг нийтээр харж байгаа. Тэгэхээр нэгэн үе Э.Бат-Үүлийг хотын мээр байхад зөвлөхөөр нь ажиллаж, сүүлд АН-ыг самралцахад гол үүрэг гүйцэтгэсэн гэгдэх А.Амундра эрх баригч намын генсэкийн арын өрөөнөөс салахаа байсан нь сайны ёр лав биш.

Тэгэхээр парламентын нөхөн сонгуулиас илүүтэй энэ намын Их хурал олны анхаарлын төвд орж, амарч зугаалах нэрээр энд тэнд үгсэн тохиролцох уулзалтууд хийгдэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл олимпийн нээлтэд оролцох шалтаг дор Х.Баттулгатай уулзчихаад ирсэн.

Түүнд танхимаа, намын даргын суудалтайгаа зэрэг алдах шалтаг шалтгаан бишгүй тул ийнхүү нисэн буугаа биз.

МАН-д чадуулсан ч МАН-ын дарга болчихсон явж байж мэдэх панзчины ухаан Х.Баттулгаас л гарч чадах тул тэрбээр Л.Оюун-Эрдэнэд юу ч зөвлөж, зааварласан байж мэдэх. Харамсалтай нь өнөөх галч хүү намдаа ямарч хөлгүй, Х.Нямбаатараас өөр тулах баганагүй юм даа.

Орчуулах »