Хилийн чанадыг зорьсон импортлогчдоо зүхэхийн оронд дэм, хүч өг Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Шатахуун түгээх станцууд хаалгаа барив. Гол хэрэглээ болсон “АИ-92”, “АИ-95” бензиний нөөц шавхагдаж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдал, Зэвсэгт хүчний нэн тэргүүнд хөдлөх машинуудад тодорхой лимитээр өгч байгаа ч өнөө маргаашгүй энэ боломж ч үгүй болж байгааг нефть импортлогчид хэлж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шатахууны нөөц байна, санаа зоволтгүй” хэмээн олон нийтийг хууран мэхэлж байсан нь үнэнд гүйцэгдэв.

Олон улсын зах зээлд дээрх төрлийн бензиний нөөц хомсдохоор байгааг үйлдвэрлэгчид төдийгүй импортлогчид жилийн өмнөөс анхааруулсан. Гэсэн ч манай дүлий дүмбэ Засгийн газар юман чинээ тоохгүй явсаар ийм байдалд хүргэв. Бензин, шатахууны хэрэглээг Ерөнхий сайд Та Улаанбаатарын чихэлдсэн автомашинуудаар хардаг бололтой. “Шатахуунгүй болчихвол түгжрэл багасна” гэж Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Та хоёр арай бодсон юм биш биз дээ.

Бензин, шатахууны нөөц нь үндэсний аюулгүй байдлын онцгой нэг үзүүлэлт гэдгийг Та, таны “амьгүй” албатууд мэддэггүй бололтой.

“Дижитал үндэстэн” гэх цагаа олоогүй шоу, попролын уршгаас чинь болж хэд хоногийн дараа Ковидын жинхэнэ “бүүм” болно. Тэр үед яаралтай тусламжийн машинууд шатахуунгүй таг зогсох нь. Энэ бүгдээс үүдэн үндэсний аюулгүй байдал, иргэдийн ажил, амьдралд ноцтой аюул учрах нь тодорхой.

Танд хамаагүй юу, Ерөнхий сайд аа.

Орчин үеийн машин техник Таны галлаж байсан уурын зуухнаас өөр түлшээр ажилладаг гэдгийг эрх биш мэдмээрсэн.

Уг нь бензин шатахууны хомсдолд орж болзошгүй, оросууд крантаа хааж магадгүй байгааг эрт мэдэрсэн, мэдсэн нефть импортлогчид “Роснефть”, “Яйск”-ийн захирлуудад хандаж, ширээний ард суух хүсэлтээ зуны эхэн сард тавьж, зөвшөөрүүлсэн байх юм. Оросууд ч манайд нийлүүлэх бензинээ 50-80 хувиар бууруулж болзошгүй байгаагаа мэдэгдэж, “Роснефть”-ийнхэн ажлын уулзалтад оролцох хүмүүст урилгаа ирүүлж байж.

Харамсалтай нь урилгын дагуу нефть импортлогчид ОХУ руу орох зөвшөөрлийг Гадаад харилцааны яамнаас хүссэн ч шийдүүлэхгүй удсаар, нөхцөл байдал нэгэнт хүндэрсэн хойно буюу дөнгөж өчигдөр ОХУ руу орох зөвшөөрөл бус албан паспорт яаралтайгаар гаргасан болж аргацаасан байх юм.

Одоо нөгөөдүүлийг нь ОХУ нэвтрүүлээч үү, үгүй ч үү…

Ингэж хариуцлагагүй хандан хугацаа алдчихаад хойд зүгийн хар овоохой болгон хувийн хэвшлийнхнээ зүхэж, боргодог бор хэвлэлүүдээрээ нүдүүлж сууна.

Дэлхийн зах зээл, үйлдвэрлэл таны урагшгүй албан хаагчдыг хүлээхгүй гэдгийг шатахууны хомсдол, бусад улсын гэрээ хэлцэл (Оросуудад олон төрлийн хориг тавьж, бусад улсыг тэр хоригтоо нэгдэхийг шахаж, зөрчвөл бас арга хэмжээ авахаар сүрдүүлж байсан АНУ өөрсдөө хоригоо умартан ОХУ-аас их хэмжээний нефтийн бүтээгдэхүүн авахаар өндөр дүнтэй гэрээ байгуулсан талаар бид “Хувийн хэвшлээ дээрэмдэх САН-г Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар байгуулж 100 тэрбумыг нэхжээ” гэсэн гарчигтай өмнөх нийтлэлдээ дурьдсан) харуулав.

Бидний байгаа байдал л энэ. Гэтэл “дижитал үндэстэн” боллоо гээд Засгийн газраасаа гаргасан цар тахлын үеийн дүрэм журмаа зөрчин олон мянган хүн цуглуулж попорсоор өдөр хоногийг өнгөрөөж байна.

Уйлахад ч багадахаар нь “Роснефть”-ийнхэнтэй хийх яриа хэлцэлд төрийг төлөөлж оролцох учиртай гурван түшмэл нь “Замын зардал байхгүй” гээд хээв нэг сууж байсан гэж байгаа. Аргаа барсан хувийн хэвшлийнхэн Засгийн газрыг төлөөлөх учиртай гурван даргын замын болоод ОХУ-д байх зардлыг даахаар болж.

Гэтэл хамгийн гол хүн болох Газрын тосны газрын дарга, холбооны инженер Ц.Эрдэнэбаяр “Орос руу яваад бензин олж ирж чадахгүй” гээд явахаас татгалзсан нь эмгэнэл юм. Бензин олж ирж чадахгүйгээ мэдээд хариуцлага яригдах үед “Би яваагүй, явсан бол олоод ирэх байсан” гэж арьсаа хамгаалах тооцоог хийж, хөөрхий.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн анд, нэг ангид сурч байсан гэх энэ этгээдийг хотын мээр Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа намын генсэктээ тал засан агентлагийн дарга болгож “Даам гаргасан” гэдэг. Татаасны тавиулууд нүүр түлнэ гэдэг энэ…

Юу гээч болоод байна энэ улс оронд, Ерөнхий сайд аа!!!

Улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц байдал нүүрлэчихээд байхад бензин, шатахууны нөөц бүрдүүлж, энэ салбарыг гардан удирдаж байх дарга тань хойш суулаа. Энэ хүн мөлхөөд ч болов Орост очиж, мөргөж байгаад ч хамаагүй бензин, шатахуун олж ирэх учиртай.

БНСУ-ыг үсрэнгүй хөгжилд хөтөлсөн Ерөнхийлөгч Пак Германы Ерөнхийлөгчийн өмнө сөгдөж, тус улсын нүүрсний уурхайнуудад солонгос ажилчдыг ажиллуулахыг, тэдний цалин улс оронд нь хэрэгтэй байгааг гуйж байсан гэдэг. Тэглээ гээд Пак Ерөнхийлөгчийг дэлхий шоолоогүй. Харин ч бахархсан байдаг.

Гэтэл шаварт унасан шарын эзэн болсон нефть импортлогчид бензин, шатахуунгүйн улмаас улс даяараа тэг зогсолт хийхэд хүрээд байгаа энэ үед цаг хожихоор ОХУ-руу автомашинаар хөдөлсөн ар хударгаар эрхэм Ерөнхий сайд гуай Нефть импортлогчдын өргөтгөсөн хурал зарлаж, шатахууны крант хаасан тул хариуцлага тооц гэхчлэн хийрхэж суугаа нь даанч увайгүй.

Хувийн хэвшлийн, хөөрхий хэдэн нефть импортлогчдыг Оросын тал нэвтрүүлэх, эсэх нь тодорхойгүй байхад ерөөж, хүч өгөхийн оронд харааж, хашгичиж суугаа Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийг сошиалд хагас галзуугаар нь дуудан олон нийт дургүйцлээ илэрхийлж байна.

ОХУ-аас манай хэдэд хилээрээ нэвтрүүлэх зөвшөөрөл өгөөгүй байгаа энэ үед Ерөнхий сайдын зүгээс хувийн хэвшлийнхнээ дуудан зүхэхийн оронд Гадаад харилцааны яамныхныг дуудаж зохион байгуулалт хийхийг үүрэгдсэн бол илүү дээр харагдах байв.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »