Цэцийн нүүдлийг хүлээсэн “өлөн ноход” буюу шинэ Засгийн бүдүүвч зураг

Сар шинийн баяртай зэрэгцэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шинэчлэл хийгдэх нь. Үүний өмнө Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч, түүнийг нь УИХ-аар хэлэлцэн батлах учиртай.

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 18.1-д “УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэсэн заалт бий.

Тэгэхээр сар шинийн өмнө буюу ирэх сарын 1-н гэхэд намрын чуулган хаалтаа хийнэ.

Иймээс Цэцийн дүгнэлтийг үүнээс урьтаж батлуулах шаардлага Л.Оюун-Эрдэнэд тулгарсан гэсэн үг. Эс бөгөөс нам доторх фракцийнхнаа хоёронтоо мэхэлсэн ялд унаж, ямба эдлэх хоногийн тоо цөөрнө.

Уг нь хуучин онд Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж, дан дээлтэй сайд нар ес эхлэхтэй зэрэгцэн гудманд гарч, дархан эрх ямбатай УИХ-ын гишүүд дээл давхарлах ёстой байв. Л.Оюун-Эрдэнэ ч хаан, заан мэт болсны хэрэг юу билээ, Цэцийн дунд суудлын хуралдааныг оны өмнө товлуулсан ч АН-ын асуудлыг хэлэлцэх Дээд шүүхийн хуралтай нэг өдөр төлөвлөсөн нь алдаа болж, аль аль нь эцэслэн шийдэгдэлгүй он дамнасан.

АН газрын хөрснөөс арчигдаж буй нь үнэн ч үргэлж дээрэлхүүлнэ гэж юу байх билээ.

Улстөр хальт сонирхогчид Цэцийн дунд суудлын хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилсон, мөн АН-ын асуудлыг Дээд шүүх эцэслэж чадалгүй дунгуйруулсан нь ч МАН-ын даргын санаа бодол тогтворгүй, өөртөө итгэлгүй байгаагийн илэрхийлэл гэж үзэж байгаа.

Үнэндээ улс орны төлөөх алсын хараа байтугай хувь хүний хөгжил, мэдлэг чадвар, дадлага туршлагын хувьд ч диплом нэрт хавтаснаас өөр үзүүлж харуулах зүйлгүй чармай нүцгэн жулдрайнуудаар өөрийгөө тойруулчихаад суугаа Л.Оюун-Эрдэнийн бүдчих чулуу үүнээс цааш улам л ихсэх биз.

Иргэд ул боов, бууз, банш гэж гүйх зуур Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болох нь болно. УИХ ч дүгнэлтийг үг дуугүй хүлээн аваад намрын чуулганаа өндөрлүүлсэн болоод хөөрөг, дээл бүсний ажилдаа орно.

Гэхдээ асуудал ингээд шуударчихгүй нь сонирхолтой юм.

Х.Баттулгын түлхээсээр хийгдэж байгаа давхар дээлтнүүдийн эсрэг “дан дээлтнүүдийн лобби” бүлэг хэдийнэ байгуулагдчихсан. Одоогийн сайд нараас гадна УИХ-ын гишүүн болж чадаагүй ч эрх мэдлийн шуналдаа хөтлөгдсөн олон хүн тэнд бий. Тэд оны өмнөхөн “давхар дээл”-ний ажлыг манлайлан “женкогийн шинэ гар хөл” гэгдэхдээ тулан сэлэм эргүүлж яваа Ж.Мөнхбаттай уулзаж, учраа олох гэсэн боловч бүтэлгүйтгэсэн гэж байгаа.

Үүний илэрхийлэл болж МАН-д албан тушаалын хөдөлгөөн өрнөхийн өмнөх “ардын баатрууд” тодорч, чуулган, байнгын хорооны хуралдаан дуу шуу ихтэй, хэлцэл, хэрүүлтэй өрнөх болсон.

Одоогоор Л.Оюун-Эрдэнийн ширээн дээр шинэ Засгийн газрын болхидуу бүдүүвч зураг зурагдах нь зурагдчихаад байна.

Эл зургаар тэр дан дээлтэй 12 сайдын талыг түдгэлзүүлнэ. Дээр нь хоёр яам шинээр байгуулж байгаа тул багадаа 8 суудал суларна гэсэн үг.

Нэн тэргүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа Ц.Нямдоржийг гавьяаных нь амралтад гаргаж, өртөг өндөр хос амбаартаа хөлөө жийгээд хэвтэх ховорхон боломжийг олгох биз. Оронд нь Ж.Мөнхбат горилж байгаа.

Засгийн газар ганхах бүрт одоо “Би, би” гэж халбага сэрээ барьж гүйсээр 5 жилийг үдэж байгаа тэрбээр Ерөнхий сайдын зөвлөх Х.Баттулгын далайсан газарт далдарч, далласан газарт ил гарсаар намын “шилдэг долоогч, ширэн нүүрт” номинацыг өрсөлдөгчгүйгээр авчихаад байгаа нь үнэн.

У.Хүрэлсүхэд хөөгдөж гарчихаад, эргээд тооноор нь тонгойж орон “эвий дарга минь нусаа хацартаа наагаад жиндүүхэн сууна” гээд нааш харж уйлан, цааш харж мушилзан долоож байгаад баг хамт олноо ажилтай, овоохон орлого зарлагын падаан дээр гарын үсэг зурчихдаг албан тушаалтай болгоод авсан тэрбээр олигтойхон дэмжлэг, бүлэг фракцгүй бол дуугүйхэн шиг “гөлөг” байж, долоох газарт долоож, дагах газар дагаж яв гэдэг хатуу дүрмийг ягштал мөрдөж, яруу тодоор үзүүлж яваа.

Удаах нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тамгыг атгасан цагаас С.Энхболдыг огцруулах ажиллагаа ил далд өрнөсөөр өнөөг хүрсэн. Цар тахлаар халхавчилсан хамгийн их хөрөнгө мөнгө эргэлдэж байгаа энэ салбарыг Ж.Чинбүрэнд өгөх юм байх. “Элэг нэгт монголчууд сан” гэх малгайн дор сүүлийн 10 жил Х.Баттулга, З.Энхболд болон генсэк Д.Амарбаясгалантай ойр яваагийн хэрэг юу билээ, одоо л зүтгэдэггүй юм бол дараа гэж байхгүй хэмээн чичирч яваа түүнийг улс төрд уруу татсан хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэдэг. Тэгэхээр тэр юунд торж, тээглэнэ гэж…

Мөн эцгийнхээ энд тэнд хийсэн яриа, тохирсон тохиролцооны дэлгүүрт ажиллаж яваа Ч.Номинг энэ удаад Ё.Баатарбилэгээр сольж мэдэхээр байна. Н.Багабанди, Н.Энхбаяр  нарыг Ерөнхийлөгчөөр ажиллах үеэс референт, Шадар туслахаар ажиллаж улс төрийн гараагаа эхэлсэн тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаад авсан.

Бадарчин явсан газар балагтай, Баатарбилэг очсон газар будилаантай гэгчээр хууль бус олон томилгооны нь баримт түүнийх. Ё.Баатарбилэгийг Соёлын сайдаар томилох тохироог У.Хүрэлсүхийн зүгээс оруулж, Ж.Мөнхбат, Ж.Чинбүрэн нар хөтлөн гүйж байгаа юм байх. “Элэг нэгт монголчууд сан”-гийн нэг төслийг Архангайд хэрэгжүүлж өгсөн цагаас Ж.Чинбүрэнтэй холбогддог ч тэрбээр томоохон артай, дэмжлэгтэй, баргийн нусгайн барж идэх зууш биш. Авлигын хэргээр 30 хоног саатуулагдаж байхдаа Н.Багабанди, Т.Бадамжунай нарын шидэт дохиурын үзүүрт өлгөгдөж аврагдсан гэдэг. Түүнийг Н.Багабанди, Н.Энхбаяр нараас гадна Т.Бадамжунайгийн багт харьяалагдаж, нэгэн үе зөвлөх нь хийж явсан элдэвтэй эр гэдгийг бүгд мэдэх биз… Тэгэхээр Ж.Мөнхбат, Ж.Чинбүрэн хоёрт хөтлөгдөж биш тэр хоёрыг хөтлөөд гүйж чадах аалзны торон хамгаалалттай нөхөр юм.

Энэ удаагийн их цэвэрлэгээнд өртөх өөр нэг сайд нь Дарханы замыг ашиглалтад оруулж дөнгөөгүй, өч төчнөөн вагон шатахуун асгаж байгальд хор хохирол учруулсан гэх том хариуцлагуудыг үүрч мэдэх Л.Халтар… Түүний сайдаар ажиллах хугацаанд хоёр ч удаа галт тэрэг осолдсон.

Түүний оронд С.Бямбацогтыг нэрлэх хүмүүс олон. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хоёронтоо ажиллаж байсан түүнд тэс хөндлөн салбар оногдох нь анхаарал татсан томилгоонуудын нэг болох юм.

Агаарын тээвэр, авиа компаниуд… тэдгээрийг тойрсон бизнес, мөнгө санхүүтэй үргэлж холбогдож, хэтэвч нэг хэмээн барим тавим баримтуудаар чичлүүлж ирсэн Х.Баттулга, Я.Содбаатар, Г.Занданшатар, херо Б.Баатар нар Зам тээвэр хөгжлийн яамыг хэн нэг дурны хонгиод найр тавиад өгчихгүй нь үнэн.

Ховд аймгаас гурвантаа сонгогдсон С.Бямбацогт сүүлийн үест Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй үг үйлдэл ихэд нийцтэй болоод байгааг анзааргагүй амьтан ч мэдрэхээр тод, тодорхой байгаа.

Өмнө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нөмөр нөөлгөөр ажлаа амжуулдаг байсан гэгддэг тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан богино хугацаандаа ах дүүгийнхээ хөрөнгө оруулалттай коммпани руу төсвийн мөнгийг гамгүйгээр урсгаж дөнгөсөн ширэн нүүрт гэж байгаа.

…2019 оны улсын төсвөөс 42.2 тэрбум, 2020 оны улсын төсвөөс 53.1 тэрбум төгрөгийг хувийн бизнестээ шингээсэн нь баримтаар нотлогддог тэрбээр энэ удаад үнэхээр Зам тээврийн хөгжлийн яам руу очиж мэдэх юм. 500 сая төгрөгөөр нэг галт тэрэг явуулах эрх олж авч байгааг шүүмжилж, Нарны замын өргөтгөл, Өрнө хороололд хэсэгчлэн зам тавьж байхаар тойрог замтай болох нь зөв гэхчлэн огцом далийрч, олон түмнийг цочоож эхэлснийг тогтож анхаарахад илүүдэхгүй.

Нисэх рүү хурдны зам холбох ажлыг ч удаа дараа ярьж, Яармагийн түгжрэлийг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулсан гэх утгатай өөрөө ч ойлгохгүй шахам хөөрхөн хөөрхөн юм үе үе дон дон гээд байгаа нь шинэ салбар, шинэ яам руу сандайлж мэдэх шуумыг үгүйсгэж чадахгүй байгаа юм.

Энэ засгаас “хөөгдөх” өөр нэг эрхмээр бусдын гар хөлийн үзүүрт зарагдаж, хэзээ нэг өдөр аавын хаалга татчихгүй л бол зол гэгдэж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нэрлэгдэж байна.

Төрийн албаны цаг бүртгэлд хуруугаа уншуулж үзээгүй, салбараа мэдэх байтугай ойлгодог ч үгүй гэх олон шүүмжлэл Н.Уртнасан сайдыг дагалдан нойргүй хонуулж байгаа. Түүний оронд Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Х.Болорчулуун нар яригдаж байна.

Оюутолгойгоос хүртэх ашиг шимийг нэмэгдүүлсэн гэх гавьяагаар Засгийн газарт багтахаар санаархаж яваа Б.Баттөмөрийг “Гаалийн”, “Татварын” гэх тодотголоор нь илүүтэй мэднэ. Сүүлд ЖДҮ-чин гэх давхар гуншин нэмэгдсэн.

Тэрбээр Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байснаараа өөрийгөө Байгаль орчны салбарын хүн хэмээн омогдож яваа юм байх. УИХ-ын гишүүн болсноосоо хойш орлого нь үргэлж даблдан өсч яваа тэрбээр салбар хариуцвал юу болох бол…

Х.Болорчулууны хувьд найдвар тун бага. Намынхны дэмжлэг ч хомс. Намын удирдлагуудад тал засч, наана цаана нь гүйн гурил тараадаг гэх ч тоодог хүн ховор.

Харин М.Оюунчимэг гишүүний хувьд магадлал илүү өндөр. Өргөдлийн байнгын хороог олон жил тэргүүлж яваа түүнийг Сү.Батболдын фракцид оногдох яамдын нэгд зүй ёсоор очиж мэдэх нэгэн гэж байгаа.

Тэрчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн оронд Т.Аюурсайханыг нэрлэж байна.

Н.Багабанди гэх артай Т.Аюурсайхан Оюутолгойн ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээрт Х.Нямбаатарын дэргэдээс алхам ч холдолгүй оролцож, микрофон булаалдан яваа нөхөр. Түүнийг Уул уурхайн салбарт дархлах тохироо хэдийнэ хийгдсэн төдийгүй Т.Аюурсайхантай тэрсэлдсэн хэнбугай ч сайнаа үздэггүй гэдгийг намынхан нь хэлж байгаа юм.

…4.39 тэрбум төгрөгийн багцтай Эдийн засаг хөгжлийн яам шинээр байгуулагдана. Энэ албанд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын албат гэгддэг Х.Батжаргал яригдах болсоор удсан. Гэвч тэр дэндүү жулдана… Учир нь энэ яамыг МАН-ын сэйф гэгддэг Б.Чойжилсүрэнд, нарийн хэлбэл Увс бүлэглэлд зориулж байгуулж байгаа гэдгийг улстөрийн томоохон тоглогчид бүгд хэлж байна.

Хэдийгээр ийм зорилго, амалгаагаар байгуулагдаж буй яам ч гэлээ Увс бүлэглэлийг одоо л нэгмөсөн буулгаж авна хэмээн шазуур зууж яваа Х.Баттулгын босгыг давахад бэрх байгаа юм байх.

Тиймээс Б.Чойжилсүрэнгээс дутахааргүй хур хөрөнгөтэй гэдгээ “гайхуулдаг” Ж.Ганбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Х.Баттулгыг херо Б.Баатартай тойглон, тойрон гүйж  төдийгөөс өдийг хүртэл горьдлого үл тасран ил далд хөрөнгө урсгаж, хүн амьтан хооллож яваа гэлцэнэ.

Тэрчлэн генсэкийн “энгэрийн сарнай”, Ерөнхий сайдын “дагуул гүнж” гэгддэг Б.Болор-Эрдэнийн санаархаж буй Цахим яамны сайдаар Н.Учрал яригдаж байгаа. Анхнаасаа түүний захиалгаар энэ яамыг шинээр байгуулах болсон гэдэг бөгөөд оны өмнө ажлаа авах байсан ч Н.Учралын биеийн байдлаас улбаатай өнөөдрийг хүрсэн.

…Иймэрхүү бүдүүвч зураг Л.Оюун-Эрдэнийн өмнөх ширээн дээр одоохондоо байна.

Гэхдээ Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан болж давхар дээлтнүүдийг “зөвшөөрсөн” цагт эл горилогчдын асуудал яригдана. Тиймээс яг өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн цэц жинхэнэ утгаараа эрх баригчдын дээр дүнхийж, аадрын үүл мэт учир битүүлэг оршин шинэ Засагт горилсон “өлсгөлөн ноход”-ын тэвчээрийг тамиртай нь хамт барж, хуулийн хана хэрмийг багахан хугацаанд ч болов жинтэйхэн харуулж байгаа нь ГОЁ.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »