Хариуцлагын гадна М.Ганбаатараа үлдээчихлээ, Ерөнхий сайд аа… ЭРГЭЭД ХАР!!!

Засгийн газар чадваргүй, туршлагагүй, бүтээмжгүй нөхдөд хариуцлага тооцдог гэж харагдуулах улстөрийн хуурмаг тоглолтоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан тэргүүтэй нөхдийг чөлөөлсөн. Гэхдээ Засгийн газрын “шүүх”-ийн гадна “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар гэх эрхмийг үлдээчихлээ, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Түүнтэй хариуцлага ярих хэд хэдэн ноцтой асуудал бий биш билүү, Ерөнхий сайдаа.

…..Сайжруулсан түлшээ хэрэглээнд нэвтрүүлэхэд таниулах, хэрэглэх заавар зөвлөмжийг хангалттай өгөөгүйгээс олон зуун хүүхэд хөгшид угаартаж, эндсэн.

…..Үйлдвэрийнх нь байранд 22-хон настай залуу амиа алдсан.

…..Сайжруулсан түлшний чанар алдагдсан, үйлдвэрт гал алдан гурвын гурван объект шатсан гээд зөвхөн энэ хүний ажлын удирдлага, алдаа оноотой дэнслэн ярих хохирлын хэмжээ өндөр, залруулж болшгүй эмгэнэлт явдал хэтэрхий их байна.

Гэтэл утаатай холбоотой хэн бүхнийг “цавчиж” буй энэ өдрүүдийн шийтгэлээс М.Ганбаатар яагаад мултрав.

Хамгийн эхний хариуцлага, халаа сэлгээнд өртөж, чанаргүй түлш үйлдвэрлэсэн, хариуцсан үйлдвэр нь шатаж улсад их хэмжээний хор хохирол учруулсан гэм бурууг хүлээх ёстой нөхөр ял зэмгүй үлдэж байгаагаас үзвэл Н.Уртнасанг шинэ цагийн поп гэгддэг Б.Бат-Эрдэнээр сольж буй нь хөгийн, жижигхээн улстөр л харагдаж байна.

Буузны цаг шиг богинохон тохиргоотой хэдэн хүнээр туг тахих шаардлага Л.Оюун-Эрдэнэд бий нь бий. Гэхдээ тэр хэнд ч хэрэггүй хөзрийн мод шиг сул, сулбагар тоглолттой, хэт ойрын зайн үхээнц нүүдэл хийж нэр нүүрээ барж байгаа нь хэзээ ч бэрс гарч чадахгүй цодгор хүү төдийхөн гэдгээ алхам бүртээ харуулж явна.

Уг нь утаа ихэсгэлээ гэж Н.Уртнасанг ороолгож хөөх биш, ард иргэдээ ороолт малгайгаа түлэхэд хүртэл зутрааж ядраасан БИ, БИД буруутай гээд танхимаараа огцрох ёстой юм.

Цар тахлын нэрээр хамгийн их хөрөнгө мөнгө үрж байгаа атлаа иргэдийнхээ амь насыг аварч чадахгүй мянга мянгаар нь алдаж буй арчаагүй Засгийн газруудын нэг гэгдэн хөршдөө адлагдаад хил гаалиа хаалгуулчихсан гэм буруутай этгээд нь Ерөнхий сайд өөрөө. Дотоод дахь тархалтаа хумих, адаглаад хил гаалийн орчим дахь бүс, боомтуудынхаа сахилга хариуцлагыг өндөржүүлэхийн төлөө ТЭР, түүний тэргүүлсэн Засгийн газар юу хийв…

Сайжруулсан түлшний хоёр ч үйлдвэртэй атлаа иргэд нормын түлшинд дугаарлаж, дүн өвлөөр гал алдахдаа хүрч гутал хувцаснаасаа илүүчлэн түлж өнөө маргаашийг өнгөрөөхдөө хүрсэн нь эрх баригчдын, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийн ажлын үр дүн…

Өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл, шатахууны хомсдол, шахмал түлшний нөөц, амь насанд бодит хохирол учруулж өдрөөс өдөрт амьсгал боож буй үхлийн утаа, цар  тахлын тархалтын эсрэг авсан бодлогогүй болхи шийдвэрүүдийн нь улмаас эрүүл мэнд, амь амьдралаараа сөхөрч туйлдаад буй иргэд өвчин байтугай үхлээс айлгүй эрслэн босч, тэмцэхэд ойрхон байгаа. Хичнээн ураг хэвлийдээ эндэж, хичнээн нялхас эмнэлгийн орон дээр тарчилж байгаа билээ.  

Тиймээс хавар ирж, бухимдсан олон хариуцлага нэхэж нэгдэн босох нь зайлбаргүй биз.

Үүнийг тооцоолж утаа бууруулаагүй нөхдөд хариуцлага хүлээлгэсэн гэх дүр эсгэх, ам хаах, нөгөөтэйгүүр МАХН-д өгсөн амлалтыг биелүүлсэн болж аргацаах гэхдээ бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болж гол буруутан М.Ганбаатараа хариуцлагын гадна үлдээж алдаа гаргав, Л.Оюун-Эрдэнэ.

Н.Энхбаярт өгсөн У.Хүрэлсүхийн хэд хэдэн амлалт бий. Ерөнхийлөгч болж чадвал МАХН-ын дарцаг барьж гүйлдсэн хүүхдүүдээс татаж, албан тушаалын тэвшин дээр суулгах…

Эхнээсээ гүйцэлдэж явааг бид харж байгаа. Э.Батшугар УИХ-ын гишүүн болсон. Удаах нь салбар хариуцсан сайд нарын сэнтийд нэг хоёрыг суулгах. Тэр нь МАХН-ын дарцаг барьсан л бол хэн ч байсан хамаагүй.

Тийм тохироогоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Эрчим хүчний яамыг Н.Энхбаяр захиалсан гэдэг бөгөөд мэдээллийг баталж БОАЖ-ын дэд сайдын суудлыг Н.Энхбаярын туслах М.Тулгад өгч байх шиг байна. Уг нь Н.Уртнасангийн суудлыг амласан гэх ч У.Хүрэлсүх намдаа хэн ч биш болж буйг харуулсан давхар тоглолт энд явагдаж дэд сайдын суудлаар Н.Энхбаярын амыг хаав бололтой.

Хотын дарга Д.Сумъяабазарт МАХН-ын дарцагтай хэдэн нөхрийг албан тушаалд томилохыг үүрэгдсэн ч өнөөх нь үг аваагүй гэдэг.

Гэхдээ У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын хэлцлийн хариуг гүйцэлдүүлэх нэрээр Л.Оюун-Эрдэнэ өөрийн тоглолтыг сурмаг хийчихлээ.

Амаржсан эх, нярай хоёрыг гэрийн халад, углааштай зөөвөрлөсөн зургийг У.Хүрэлсүх ашиглаж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байсан шиг Улаанбаатарын утааг дроноор хянаж далийрсан Н.Уртнасангийн алдааг тэр овжин ашиглав.

Өөрөөр хэлбэл, бухын доодохыг харсаар турж үхсэн үнэгний үлгэр болохгүйн тулд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээлгүй нүүдэл хийж, шинэ цагийн попчин гэгддэг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнээ сайд болгож дөнгөлөө. Байгаль орчны салбарын талаар бодлого, чиглэл боловсруулах байтугай энэ талын мэдлэг, туршлага юу ч үгүй гэчихэд гүтгэсэн болохгүй энэ нөхөр Ерөнхий сайдыг хэн ч биш байх үеэс цүнхийг нь барьж ирсэн байдаг.

Ийм жулдрайгаа танхимдаа оруулж ирэхийн тулд утааг далимдуулан сүрхий сийрэг ажилласан шигээ М.Ганбаатар гэдэг нөхрөөс ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд бодитой хохирол учруулж буй түлшний чанар, шатсан үйлдвэрийн улмаас улсад учирсан хор хохирлыг нэхэж, нэхэмжлээд өг Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Эс бөгөөс өөртөө бурууг үүрч, танхимаараа ОГЦОР…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »