Д.Лүндээжанцан Цэцийн даргад горилж, Л.Оюун-Эрдэнэ 108 суудал зүүдэлж явна

Их шуурганы өмнөх шиг нам гүм Төрийн ордонд ноёрхож байна.

Давхар дээлийн асуудал хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 2021.12.27-нд товлогдсон ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Эх сурвалжаас өгсөн мэдээллээр Цэцийн даргын суудлаас улбаатай маргаан МАН-д дэгдэж, давхар дээлний асуудал гацаанд орсон гэгдэж байгаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намрын чуулган өндөрлөхөөс урьтаж давхар дээлний асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх сонирхолтой байсан. Ингэхдээ нэг сумаар хоёр туулай буудаж одоогийн Цэцийн даргыг УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангаар солихоор зэхсэн юм байх.

Шаггүй шатарчин, хий багатай хуульч, туршлагатай улстөрч, богино шүлгийн мастер, “завхай” дууны нэг цомогтой гэгддэг тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг бүрдүүлэгч урлаг, спортынхны бүлэглэлд бүртгэлтэй нэгэн.

Эр хүний дотор эмээл хазаартай морь, эзэнтэйгээ багтдаг болсон хойно мань хөгшний дотор санаанд У.Хүрэлсүхийн дараах Төрийн тэргүүн болно гэх урт холын санаархал байсаар ирсэн гэдгийг ойрын нь нөхөд хэлж байгаа. Тиймээс зам мөрөө тэгшитгэж Цэцийн толгойд суух гэсэн юм байх.

Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2-т “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрхи хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэх заалт бий. Тиймээс хүссэн ч, эс хүссэн ч хурал хуулийн хугацаандаа болно. Л.Оюун-Эрдэнийн хүссэн хөгжмийг ч тоглох биз.

Үндсэн хуулийн Цэц давхар дээлний асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн ч УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай. Тэгэхээр Цэцийн шийдвэрээ тэврээд хаврын чуулганы нээлт хүлээх үү, Г.Занданшатарыг хөдөлгөж, ээлжит бус чуулган хуралдуулах уу…

Намрын чуулган энэ сарын 21-нд өндөрлөх товтой байсан ч Төрийн ордонд ковидын тохиолдол олноор бүртгэгдсэнтэй холбоотойгоор 3 хоногийн өмнө, 18-ны өдөр яаравчлан хаалгаа барьсан. Ганц өдрийн дотор 10 гаруй асуудал хэлэлцэн, шийдвэрлэсэн эл хуралд олон гишүүн оролцоогүй.

Ихэнх гишүүн ковидын халдвар авсан тул намрын чуулганыг яаравчлан өндөрүүлсэн гэж байгаа ч энэ нь ээлжит бус чуулган зарлах товтой холбоотой зохиомол шалтаг байсан биз. Үүнийг хурал завсарламагц халдвар авсан гэх гишүүд нь тойргийн зүг ум хумгүй харайлдан гурил будаа тарааж яваагаар нотолж болно. Сар шинийг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг Засгийн газраас уриалсан ч гишүүд эсэргүүцэж байгаа нь илт. Ямартаа тойргийнхоо ахмадуудыг олноор нь цуглуулж, гарын бэлэг тараах нэрээр тахлын тархалтыг дэврээж явахав.

Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-т “Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор; хэрэв УИХ-ын чуулганы чөлөөт цагт гаргасан бөгөөд тэр нь онц болон дайны байдал зарласнаас бусад асуудлаар гарсан бол УИХ-ын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэсэн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

Тиймээс ирэх дөрөвдүгээр сарыг хүртэл Засгийн газар энэ доголон бүтцээрээ ажиллана гэвэл эсэргүүцэгчид мундахгүй.

Ядаж байхад яр гэгчээр хамгийн сүүлийн томилгоо болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн сагсалзсан попрол олон нийтийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эсрэг босгоход хүргэж байна.

Н.Уртнасангийн туршлагагүй, бодлогогүйг гайхаж, горыг нь ч амсч байсан Л.Оюун-Эрдэнэ дараагийн “туулай”-г кабинетдаа оруулж ирснээр сахил хүртээд шал дордов гэгч болов. Б.Бат-Эрдэнэ эхний өдрөөсөө түүхий нүүрсний үнэр хайж, гэр хорооллын айлуудыг шиншилж эхэлсэн. Цагдаа, хүчний байгууллагаас баахан тугалган цэрэг хөдөлгөж, айлын амбаар сав ухан ичгүүрээ барж байна.

МАН-ын, тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн тунхаг болгон тахиж шүтдэг хүний эрх хөсөр хаягдаж, Х.Нямбаатараар “удирдуулсан” тугалган цэргүүд айлын гэр, бусдын хөрөнгөд прокурорын зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийж байгаа нь дэндүү эрээгүй.

Уулан дээрээс яндан дурандаж байсан цагдаа нар айл “ухаж”, аргаа барахдаа түүхий нүүрс хэрэглэж байгаа иргэнийг олж илрүүлбэл сая төгрөгийн урамшуулалтай гэж зарласан байх нь даанч шившиг.

Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилох асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүдийн хамгийн их хэлж байсан захиас нь “Бага попроорой”. ШӨХТГ-ын даргаар ажиллахдаа шатахуун амсах шахан далийрч, мэргэжлийн хяналтын байцаагч аятай дүр эсгэж явсан тэрбээр нийтийн дунд ичихээ мэдэхгүй попордог нь үнэн.

Поп дээрээ нэмээд мэдлэг боловсролгүй, ухаан нимгэн нэгэн гэдгээ гайхуулж автомашин нормалдан халааснаас, барилгын манаач нарын гэрийн галлагаа ихэдсэнээс утаа ихэслээ хэмээн түлээрч, түмний шившиг болж байна.

Салбарынхаа ажилтай ч танилцаж амжаагүй сайдтаны энэ үйлдэл мэдлэг, туршлагагүй цүнх баригчдыг улс төрөөс зайлуулах нь зүйтэй гэх нийгмийн бухимдлыг дээд цэгт хүргэж байна.

Үүнтэй зэрэгцэн өнгөрөгч амралтын өдрүүдэд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын эхнэр Ц.Ганзул Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөрзам” нийгэмлэгт Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженерээр буюу даргаар ажилладаг талаарх мэдээлэл ч гэрлийн хурдаар тархаж, олны жихүүцлийг төрүүлсэн.

Дан дээлтэй дээрээ увайгүй хэдэн сайд нарын нь энэ мэт балаг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад сайхан шалтгаан болж байна. Давхар дээлтнүүдийг Засгийн газарт оруулсны дараа байнгын ажиллагаатай парламентыг өргөтгөхөөр намын даргын толгой завсаргүй ажиллаастай.

УИХ-ын гишүүдийн тоог 108 болгон нэмэгдүүлэх замаар МАН олонх байгаа дээрээ замаа засч, 2024 оны сонгуулиар бүр олуулаа болох шуналд автаж явна. Эс бөгөөс олон ч судалгаагаар өнөөгийн эрх баригчдыг рейтинг шалаар нэг болчихсон байгаа нь үнэн юм.

Орчуулах »