Ингэж байхаар гадны банкуудыг оруулж ир, Ерөнхий сайд аа!

Бүтэн жилийн турш дэлхий нийтийг сандаргаж буй коронавирусийн халдвар энэ оны гуравдугаар сард Монгол Улсын хаалгыг тогшин орж ирсэн. Энэ үеэс цар тахлыг дотооддоо алдаагүй гэсэн амжилтаар гоёж, дэлхийд гайхуулж явсан монголчуудад аравдугаар сар цохилт өгч, бид коронаг алдав. Коронавирусийн тархалтын мэдээ цар тахлын бэлэн байдалд дадлагажаагүй, амбицтай хэдэн дарга нарыг сүрхий цочоож байна.

Засгийн газар дэлхийн бусад орны жишгээр коронавирусийн тархалтын үед нийгэм, эдийн засгаа хөдөлгөх хоёр дахь санаачлагыг гаргаж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эдийн засгийг хамгаалах хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ зарлав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын улмаас эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдлыг харгалзан бизнесийн, хэрэглээний болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.

Ингэхдээ банк, санхүүгийн салбарынханд иргэд, аж ахуйн нэгжийн авсан зээлд нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэл өгөөд байгаа. Гэвч бодит байдал дээр Засгийн газрын энэ санаачилга хэрэгжихгүй, аж ахуйн нэгж болон иргэд банк, санхүүгийн салбарынхны дураар аашны золиос болоход тулж ирээд байна.

Хөл хорионы хугацаанд алба үүргээ гүйцэтгэх стратегийн 13 салбараас бусад нийгмийн бүх хэсэг өнөөдөр зогссон байгаа. Өнгөрсөн хоногуудад зээлийн эргэн төлөлт хийж чадахгүйд хүрч байгаа олон мянган иргэн зээл авсан арилжааны банк, ББСБ, ХЗХ-доо хандаад амаа таглууллаа. Мөнгөний эзэд иргэн, аж ахуйн нэгжийн зээлийг хойшлуулж болно. Ингэхдээ зээл хойшилсон хугацаанд хүүгээ төлөөд яв, зээлээ төлж эхлэх сараасаа эхлээд үндсэн зээл, зээлийн хүү хоёроо ахиад төл, Ерөнхий сайдын чинь шийдвэр маньд ёстой падгүй гэсэн утгатай хариултыг өгсөн талаар иргэд ярьж байна.

Иргэд өнөөдөр “Үргэлж ипотекийн зээлийг хөнгөлөх талаар ярих юм. Энэ бол ихэвчлэн төрийн албан хаагчдад оногддог зээл. Ерөнхий сайд аа, цалингийн болон хашаа байшин, автомашин гээд бусад хэрэглээний зээл, ажилгүй иргэд болон хувиараа бизнес эрхэлдэг, наймаа хийдэг хүмүүсийн авдаг зээлийг яагаад орхигдуулаад байна вэ” гэсэн гомдлыг ч Засгийн газартаа тавиад эхэлжээ.

Үнэнийг хэлэхэд Засгийн газарт бусад зээлийг бодох чадал тэнхээ ч алга. Зээл, зээлийн хүү хоёрт дарлагдан өнөө маргаашаа яая гэж байгаа ард иргэдээ бодсон Ерөнхий сайдын санаачилгад Арилжааны банк болон ББСБ, ХЗХ-ныхон “салаавч” өгч байхад бусад зээлийн асуудлыг хөндөх нь илүүц хэрэг биз ээ.  

Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг түр хугацаанд хойшлуулах арга хэмжээ анх удаа хэрэгжих гэж байгаа юм биш. Энэ оны эхээр Засгийн газар мөн л ийм шийдвэр гаргаж, зээлийн төлбөрийг 6 сарын хугацаатайгаар хойшлуулсан билээ. Гэвч банкнууд наанаа Засгийн газарт “за” гэж хэлчхээд цаашаа хараад иргэдэд, зээлдэгчдэд Засгийн газар шийдвэр гаргадаг ч арилжааны банкууд үзэмжээрээ өндөр шаардлага тавьж,

–       Төлбөрийн чадваргүй болсноо нотол,

–       Нотолгоонд шаардагдах ийм ийм баримтууд авчир гэх мэт олон төрлийн бичиг баримт нэхэн сандаргаж байна. КОВИД-19 цар тахлын эсрэг 3 дугаар сард авч хэрэгжүүлсэн Засгийн газрын арга хэмжээний үеэр арилжааны банк, ББСБ, ХЗХ-д Засгийн газрын хөнгөлөлтөд зөвхөн 2020 онд шинээр байр худалдан авсан хүн төд хамрагдана, бусад нь боломжгүй гэж тайлбарлаад Ерөнхий сайдын санаачлалыг гурилдаад өнгөрсөн бол энэ удаа ч нүглийн нүдийг гурилаар хуурахад бэлэн болжээ.

Арилжааны банк болон ББСБ, ХЗХ-ны иргэдээ, нийгмээ хөсөр хаяж, хар амиа хичээсэн энэ шийдвэрийн балгаар иргэд зээлийн хүүг 2 удаа давхар төлж, хэдэн зуун сая төгрөгөөрөө хохирсон. Өнөөдөр иргэд Засгийн газрын хэрэгжихгүй шийдвэр зөвхөн өөрт нь хүүний дарамт болж ирнэ. Дараа нь амаа барихгүйн тулд зээлээ яаж ийгээд төлөх нь зөв шүү гэсэн сануулгыг бие биедээ дамжуулж байгаа юм.

Цар тахлын үед өнөөдөр хамгийн алдагдалгүй, харин ч давхар хүү авч ашигтай ажиллаж байгаа цорын ганц байгууллага бол арилжааны банк, ББСБ, ХЗХ болжээ. Тэдний зээлдэгчид рүү чиглэсэн харгис бодлогын балгаар иргэд хөл хорион дээрээ нэмээд их хэмжээний мөнгөөр хохирохдоо тулаад ирлээ. Үнэндээ нийгэм коронагаас илүү банкны зээлийн дарамтад дарлуулж байх шиг.

Монголбанк (2020.11.23) хэвлэлийн хурал зарлан мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх, эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж байгаагаа мэдэгдсэн. Зөвхөн хадгаламжийн бага зэрэг эх үүсвэр дээр тогтдог банкны салбар, Монголын банк, санхүүгийн зах зээлийг үүнээс илүү “оролдох” боломж байхгүй хэмээн Төв банк мэдэгдэж байна.  

Мөн Төв банкны тэргүүн энэ оны гуравдугаар сард хийсэн судалгаагаар КОВИД-19 цар тахлын нөлөөнд 125.000 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээл өртсөн. Энэ нь нийт зээлийн 33 хувийг эзэлж байсныг дуулгасан нь Монголын эдийн засаг банк, санхүүгийн салбарынхаа бүрэн эрхшээлд орчихсон байгааг харж болох бөгөөд банк, санхүүгийн салбарын монопол улс орны хөгжлийг тушиж, аж ахуйн нэгжүүд болон иргэдээ туйлдуулж байгааг иргэд, эдийн засагчид мянгантаа яриад ч шийдлийг олж чадаагүй яваа.

Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим банк, санхүүгийн салбарт тогтоосон арилжааны банк ба ББСБ, ХЗХ-дын монополчлолыг зогсоож, хөдөлгөж дийлэхгүйд хүрч байгаа бололтой.

Банкууд өнөөдөр эдийн засгийг атгаж, Засгийн газраа дарамталж байна. Таны гаргасан шийдвэрийг үнэгүйдүүлж байгаа бол Ерөнхий сайд аа, бүгдээрээ гарц хайцгаая. Зээлийн бага хүү амласан гадаадын банкыг оруулж ирж, Монголын банк, санхүүгийн салбарт монопол тогтоож, Засгийн газар, Монголбанкаа дарамталж суугаа арилжааны банкнуудыг номхтгож, санхүүгийн зах зээлээ аварч, эрүүл зарчимд оруулъя. Энэ ажлыг судалгаа, тооцоотой хэрэгжүүлээд зээл, зээлийн хүүгийн дарамтаас иргэдээ чөлөөлж, эдийн засгаа аварсан, зөвхөн үүний чинь төлөө Монголын ард түмэн таныг хайрлах болно. 

Бид гаднын банкийг дотооддоо оруулж ирж, зээлийн дарамтаас ард түмнээ чөлөөлсөн дэлхийн улс орнуудын бодит жишээг бид цувралаар хүргэх болно.

Орчуулах »