“Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа

2022-02-24
1 min read

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 29 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд 2021 онд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргаас нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэхтэй холбоотой журмыг Санхүүгийн зохицуулах хороо батлах зохицуулалт бий болсон. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн хуралдаанаар “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тус журамд орсон нэмэлт, өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн Засаг дарга нь үнэт цаас гаргахад Хороо хялбаршуулсан журмаар буюу ажлын 10 өдөрт бүртгэх бөгөөд үнэт цаасны танилцуулга бэлтгэх шаардлагагүй юм. Мөн тухайн төрлийн үнэт цаас гаргах этгээд нь андеррайтерийн компанитай гэрээ байгуулж, мэргэжлийн үйлчилгээ, зөвлөгөө авах боломжтой. Нийтэд санал болгон үнэт цаас гаргасан этгээд нь өөрийн үйл ажиллагаа, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд тогтсон хугацаанд хүргэх үүрэг хүлээдэг бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэхүү журамд орсон өөрчлөлтөөр холбогдох мэдээллийг нийтэд тогтмол хүргэх юм.

Мөн хуралдаанаар даатгалын нэг компанид даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх, нэг хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, 2 компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллага эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв. Мөн 3 компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхээр, дөрвөн компанид банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний болон банк бус санхүүгийн төлбөрийн баталгаа гаргах, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Түүнчлэн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 3 компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд нэг хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор, гурван компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. 

Орчуулах »