Орос, Беларусь иргэдийн хөдөлгөөнд тавьсан бүх хязгаарлалтаа цуцаллаа

2022-03-19
1 min read

Орос, Беларусь гуравдугаар сарын 18-ны шөнө дундаас эхлэн Холбооны улсын хүрээнд иргэдийн шилжих хөдөлгөөнд тавьсан бүх хязгаарлалтыг цуцлахаар болжээ. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин пүрэв гарагт Засгийн газрын хуралдааны үеэр энэ тухай мэдэгдсэн байна.

Энэ талаар өмнө нь Беларусийн Ерөнхий сайд Роман Головченкотой ярилцсанаа Оросын Засгийн газрын тэргүүн дурджээ. “Бид энэ шийдвэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн” гэж Мишустин нэмж хэлсэн байна.

Хүмүүсийн хөдөлгөөний эрх чөлөө нь хоёр орны ах дүү ард түмний худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцааны үүднээс чухал ач холбогдолтой гэж тэрбээр тайлбарлав. “Өнөөдөр энэ нь найрсаг бус орнуудаас хязгаарлалтаа нэмэгдүүлж байгаа нөхцөлд онцгой ач холбогдолтой юм. Холбооны Улсад интеграцыг бэхжүүлэх нь Орос, Беларусийн эсрэг хориг арга хэмжээний дарамтад хамгийн сайн хариу арга хэмжээ болно гэдэгт би итгэлтэй байна” гэж Мишустин мэдэгджээ.

Эх сурвалж. Монцамэ

Орчуулах »