МИК: Иргэдээс ямар нэгэн шимтгэл авдаггүй

2022-04-18
1 min read

Монголын Ипотекийн корпорациас Шадар сайд С.Амарсайханы хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийг 2006 онд Монголбанк болон тухайн үеийн арван арилжааны банкнууд хамтран Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор үүсгэн байгуулсан. 2015 онд бизнесийн үйл ажиллагаагаа нээлттэй, сайн засаглалыг бий болгох зорилгоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаа олон нийтэд санал болгосноор (MSE: MIK) Хувьцаат компани болсон. Өнөөдрийн байдлаар нийт 219 (2022.04.11-ний өдрийн байдлаар) иргэн болон аж ахуй нэгж тус компанийн хувьцааг эзэмшиж байна. МИК ОССК нь хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгосон зээлийг арилжааны банкнуудаас худалдан авч үнэт цаасжуулах ажлыг гүйцэтгэдэг” гэв.

Харин хүүний тухайд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-122 дугаар тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-аар ипотекийн зээлийн хүүг жилийн 8 хувиар;

– Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-392 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж Ипотекийн зээлийг хүүг 6 хувь болгон бууруулсан гэлээ.

Мөн Засгийн газар, Монголбанк, арилжааны банкнууд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг гарган,  банк нь иргэдэд олгох орон сууцны ипотекийн зээлийг бие даан шийдвэрлэдэг. МИК ОССК нь зээл олгох энэхүү үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд иргэдээс ямар нэгэн шимтгэл авдаггүй гэдгийг МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга мэдэгдлээ.

Орчуулах »