АНУ Украинд үзүүлэх зэвсэглэлийн тусламжийн багцаа танилцууллаа

2022-04-22
1 min read

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.04.21/ тус улсаас Украинд үзүүлэх $800 саяын өртөг бүхий зэр зэвсгийн тусламжийн шинэ багцаа танилцуулсан байна.

Үүнээс гадна $500 саяын эдийн засгийн шууд дэмжлэгийг Украины засгийн газарт үзүүлэхээр болжээ.

Энэ удаагийн тусламжийн багцад 72 ширхэг 155мм-ийн Howitzer их буу, уг их бууны 144,000 сум, 72 ширхэг тактикийн хуягт тэрэг, шинэ загварын 121 ширхэг дрон зэрэг зэвсэглэлүүд багтсан байна.

Зэвсгийн тусламжийг Донбассын фронт дээр Оросын довтолгоог эсэргүүцэхэд зориулан “яаралтай” горимд хүргэж буйг Байден өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Howitzer их бууг ашиглах нэг долоо хоногийн сургалтыг Украины хөрш улс оронд энэ долоо хоногт зохион байгуулж байгаа гэнэ.

Уг сургалтад Украины армийн цэргүүд хамрагдаж байгаа юм.

Байден өчигдөр Цагаан ордонд хэлсэн үгэндээ нийслэл Киев хотыг Оросын цэргийн довтолгооноос хамгаалж чадсан Украины зэвсэгт хүчнийг магтсан байна.

“Энэ бол АНУ болон түүний холбоотнуудын тусламж дэмжлэгтэйгээр Украины ард түмний байгуулсан эрх чөлөөний ялалт байлаа. Одоо бид газар зүйн хувьд хязгаарлагдмал хүрээнд болох ч харгис бурангуй талаасаа ялгаагүй дараагийн тулаанд шаардлагатай тусламжийг Украинд яаралтай нийлүүлж байна” гэж Байден ярьжээ.

Тэр бас Оросын хөлөг онгоцнуудыг АНУ-ын боомтуудад нэвтрэхийг хориглох шийдвэрийг өчигдөр зарласан байна.

Орчуулах »