Ховдыг С.Бямбацогтод үлдээгээд Э.Болормааг БЭРХ-ийн захирагчаар илгээчих, Ерөнхий сайд аа!!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөх Э.Болормаадаа ямар өртэй вэ. Эцгийг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад томилох шийдвэрийг өнгөрөгч нэгдүгээр сард гаргаж байв. Гэвч охин нь Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг тул ашиг сонирхлын зөрчил үүснэ гээд буцаагдсан. Гэтэл энэ удаад охиныг нь Ховд аймгийн Засаг даргын сэнтийд залахын тулд аймгийн ИТХ-ын дэг журмыг эвдэн, орон даяар бужигнуулав.

Өмнөх Засаг ноён Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Чөлөөлөөд зогсохгүй түүнээс ял асууж, хариуцлага хүлээлгэх цаг нэгэнт болсон.

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц монголчуудын мөрөөдөл. Баруун таван аймгийн хөгжлийн гүүр гэчихэд хэтийдсэн болохгүй.

Монгол Улс эрчим хүч болоод нефтийн бүтээгдэхүүнээ ОХУ-аас импортлодог. Хэрэв Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол цахилгааны үнэ нэмэгдэхгүй. Харин ч жил бүр зөрүү болгон ОХУ-д төлдөг 13-15 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоолол бий. Тэрчлэн баруун бүсийг дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хангах боломж бүрдэж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Уртнасанг ажиллаж байх үеэр асуулга тавьж “Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд эрчим хүчнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас нэг квт-ийг нь 250 төгрөгөөр авдаг. Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сум БНХАУ-аас нэг квт-ийг нь 350 төгрөгөөр худалдан авч байна. Гэтэл Дөргөний усан цахилгаан станц эрчим хүчээ нэг квт-ийг нь 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Тэгэхээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орвол баруун бүс нутгийнхан хямд үнэтэй эрчим хүчээр бүрэн хангагдахаар байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр үнэтэй эрчим хүчийг баруун аймгийнхан хэрэглэж байгаа. Хямд эрчим хүчтэй болчихвол үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжихөөс гадна илүү гарсан эрчим хүчээ төвийн бүс рүү нийлүүлж, орлого олдог болно. Хамгийн чухал нь хэзээ ч тасарч магадгүй, өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэхээ больж найдвартай эрчим хүчний тусгаар тогтнолыг бий болгоно” гэдгийг хатуухан хэлж байв.

Тэрбээр УЦС-ын эдийн засаг, үр өгөөжийн асуудлаар тавьсан асуулгын хариуг Эрчим хүчний сайдаас ч нэхэж байлаа.

Энэ утгаараа Ховд аймгийн Засаг даргын сэнтий улсын эрх ашигт томоохон нөлөө үзүүлэхүйц төслүүдийг урагшлуулах түлхүүр суудлын нэг мөн. 

Тиймээс Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ хүртэл хувийн амбиц үзүүлж өөрийн зөвлөхөө тус суудалд зүтгүүлээд эцэст нь ард түмнээсээ алган боов хүртлээ.

Уг нь эсрэгээрээ улс орны хөгжилд дэм болох томоохон төслүүдийг гацааж буй тойрог, орон нутгийн нөхцөл байдалд анхаарал тавьж ажиллахыг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ С.Бямбацогт гишүүнээс шаардаж, төсөл хөтөлбөрүүдийг түргэвчлүүлэх учиртай байлаа. Ингэсэн бол ядаж л том тоглолттой, хүчтэй улстөрч болж харагдах байв.

Ерөнхий сайд болон түүний зөвлөх Э.Болормаа нар сүүлийн үест эрчим хүчний асуудалд нэлээд хувийн байр сууринаас, далд эрх ашгийн төлөө дуугараад байна уу даа гэж хардагдахаар ажиллаж буй нь үнэн.

Хэдий тийм байлаа ч адаглаад орон нутгаас сонгогдсон гишүүдийн өмнүүр пир пархийтал дайрч орон пижигнэлдсэн нь увайгүй байлаа.

Бусдад нь итгэдэггүй юм гэхэд Ховд нутгаас УИХ-д дөрвөнтээ сонгогдсон, Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа ч хамгийн зарчимтай, иргэдийнхээ эсрэг төрийн төмөр нударга үзүүлж, зэрэмдэглэн омогдож байгаагүй гэгддэг С.Бямбацогтдоо итгэж, хариуцлага үүрүүлчихэж болох байлтай.

Баруун аймгуудын хөгжлийг нийслэлийн хаяанд орших Төв аймаг, Ерөнхий сайдын өөрийн нь нутаг болох Хэнтийтэй зүйрлэх юм биш гэдгийг дотоодын аялагчид бүгд мэднэ. Энэ нь тухайн аймгаас сонгогдсон гишүүд тойрогт хуваарилагдсан хөрөнгөө хэрхэн зохистой ашиглаж, зарцуулдгийг харьцуулж болох тодорхой, энгийн жишээ.

Тиймээс аймгийн Засаг ноёны болоод тойрогт хамаарах асуудалд хэзээ ч огцорч мэдэх Засгийн газрын тэргүүн бус орон нутгийн иргэдийнхээ итгэлийг өнөө хэр хүлээсээр ирсэн эрхэм гишүүд нь өөрсдөө оролцвол илүү голчтой, нуруутай байх нь ганц үнэн юм.

Зөвлөх Э.Болормаад заавал нэг суудал өгөх ёстой юм бол БЭРХ тосгоны захирагчаар илгээчихэд яагаад болохгүй гэж. Урд хожид байгаагүй өндөр төсвийг Хэнтий аймаг, Бэрх тосгон руу хуваарилсан юм чинь эдийн засагчийн тулхтай бодлого, шийдвэр гарцаагүй хэрэг болно. Ядаж байхад хуучин захирагчийг нь МИАТ даргаар татсанаас хойш Бэрхийнхэн эзгүйдүүхэн, эл хульхан оргиод таатай бус байгаа билээ.

Тэгээд ч аймгийн Засаг дарга гэснээс Бэрх хотын захирагч гэвэл дуудахад ч сүртэй юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »