Хүлэмж, ломбард ажиллуулдаг компаниуд руу 420 тэрбумыг урсгажээ

Авто замын түгжрэлийг бууруулах ажилд энэ онд 420 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан. Гэтэл энэ мөнгө багадана, гадаадаас зээл авна хэмээн туялзаж байсан хотын дарга Д.Сумъяабазар өнөөдрийн түгжрэл бууруулах тал дээр юу ч хийж чадалгүй тэгш сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулан ард иргэдийнхээ уур бухимдлыг дээд цэгт хүргэж байна.

Түүний тооцоогүй хийрхлийг дэмжин 2024 он хүртэл энэ хэмжээний мөнгөн дүнг жил бүр төсөвт суулгаж, түгжрэлээс бүрэн ангижруулна гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дотоод дахь бүлэг фракцийн улстөрөө зохицуулж чадахгүй арчаагаа алдаж яваа.

Он дуусахад гуравхан сар үлдэв.

2022 онд авто замын түгжрэлийг бууруулахад төсөвлөгдсөн 420 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бэ?!

2022 оны төсөв хэлэлцэх үеэр 420 тэрбум төгрөг батлуулж авахын тулд Тулгуурт гүүрэн байгууламж барина, ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 85 хувьтай, дөрөвдүгээр сараас ажлаа эхэлчихнэ хэмээн чичрэн зүтгэж байсан хотын мээр Тулгуурт гүүрэн байгууламжтайгаа дашийн шог болж.

Уг нь Тулгуурт гүүрэн байгууламжийн ТЭЗҮ-г 498.5 сая төгрөгөөр “Максимал” ХХК хийхээр тендэрт шалгарсан байдаг.

800 сая төгрөгийн өртөг бүхий дугуйн болон явган зам хийнэ гээд зөвлөх үйлчилгээний тендэрийг мөн 2021.12.09-нд зарлаж байсныг нь бид мартаагүй байна. Тендэрт нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Гео зураглал” компани шалгарч, 240 сая төгрөг гэрээлэн авсан гэдэг ч бас л таг.

Эл дугуйн замд энэ онд гэхэд л 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнгөрсөн жил мөн хэмжээний төсөв баталж байсан ч ямар ч дугуйн зам ашиглалтад ороогүй байгаа нь анхаарал татам.

Үүний хажуугаар хотын удирдлагууд дүүжин тээврийн “мөрөөдөл”-дөө мөнгө зарцуулаастай. Дүүжин тээврийн төслийн Баянхошуу-Ханын материал, Гэмтлийн эмнэлэг гэсэн чиглэлийн зорчигчийн нягтрал, ашиг алдагдлын тооцоог гаргуулахаар Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн ХХК гээчид 20 сая төгрөг төлсөн бололтой. Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г хийлгэхээр тус компанид өмнө нь 298.5 сая төгрөг мөн шилжүүлж байсныг шилэн данснаас харж болно.

Тэрчлэн Дүүжин тээврийн өмнөх захиргаа, компани гэж байсан. Тус компани хоёр жил ажиллахдаа төсвөөс жил бүр 500 сая төгрөгийн санхүүжилт авдаг байсныг тусад нь сурвалжилж, мэдээллэх болно. Учир нь үүний төлөө Францын засгийн газраас 60 сая ам.долларын зээл авч, зээлийн хүүг сар бүр Улаанбаатар хотын засаг захиргаа төлж байна.

Түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийн өртөг тооцох судалгааны ажлыг гэхэд “Эм Эм Си Жи” гээч ХХК-иар хийлгээд 2022.07.06-ны өдөр 48.6 сая, мөн өдрөө дахин 11.1 сая төгрөг шилжүүлсэн атлаа түгжрэлээс гаргах шийдлээ олоогүй хэвээр.

Авто замын чанар байдлын түвшин тогтоох болон ажлын тоо хэмжээ тогтоох судалгаа хийлгэнэ гэж 68 сая төгрөгийн тендэр зарлан 67.6 сая төгрөгт багтаана гэсэн “Гео урбан консалтинг” гэх компанийг сонгож.

Нийтийн тээврийн чиглэл сайжруулалтын тооцоолол судалгааг Шинжлэх ухаан технологийн их сургуулиар хийлгэж 70 сая төгрөг өгсөн бол шинэ төрлийн их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийн харьцуулсан судалгааг 66.6 сая төгрөгөөр “Максимал” гэж компаниар зөвлүүлэн хийлгэж байгаа бололтой.

Өмнө авто замын түгжрэлийг бууруулахад 30-50 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Гэтэл энэ мөнгийг 8 дахин өсгөсөн атлаа Улаанбаатарын авто зам тэг зогсолт хийхдээ хүрээд байна.

Төсөвлөгдсөн хөрөнгөө чамлаж, чацга савируулчих шахаж байсан хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын автозамын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх чиглэлд 2022 онд 6 байршилд дутуу хийгдсэн ажлуудыг гүйцээхэд 21.5 километр замыг өргөтгөнө. Нийслэлийн хамгийн их түгжрэлтэй бага тойргийн бүсэд 13.8 тэрбум төгрөгөөр 2300 гаруй төлбөртэй гарааш байгуулна. Автозамын түгжрэл үүсэхэд нөлөөлөгч томоохон шалтгаануудын нэг болох уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулахад 30 байршилд 30 тэрбум төгрөгөөр дахин инженерчлэл хийнэ” хэмээн ам гарч байсныг хэвлэлийн хуудсууд гэрчилнэ.

Түүний зүгээс зарласан дийлэнх тендэрт шалгарсан компаниуд маш но-той харагдаж байгаа нь нууцлаад байх зүйл биш.

Авто замын тендэрийн ихэнхэд ялж, мөнгийг нь хамж буй “Гео Урбан консалтинг” компани   гэхэд мод модон бүтээгдэхүүний худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын засвар, хүнсний дэлгүүр, гадаад худалдааны чиглэлээр ажилладаг нь сэжигтэй.

Тэд автозамын ажилд ямар туршлага, чадвартай гэж хотоос зарласан тендэрүүдэд ялаад байв.

“Квадровэй” ХХК гэхэд менежментийн зөвлөгөө өгөх, хүлэмжийн аж ахуй, цэцэрлэгжүүлэлт, барилгын засвар хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад худалдаа эрхлэхээр үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон атлаа мөн авто зам, хөдөлгөөний ачаалал бууруулахаар ажиллах юм гэнэ.

Ийм мэт сэжигтэй, анхаарал татахуйц команиуд руу түгжрэл бууруулахад төсөвлөгдсөн 420 тэрбум урссан байгааг чимээгүй хараад өнгөрүүлж болохгүй.

Өнгөрсөн онуудад ковидын хатуу хөл хорио нэрээр гудамж талбайг хөл хөдөлгөөнгүй болгосны ачаар хэл ам багатай даван туулж ирсэн хотын мээр дэргэдээ Хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан бүхэл бүтэн газартай болчихсон байгаа нь ч дэндүү увайгүй.

Засгийн газар нь хэмнэлтийн горим ярин хашгичаж байхад юу ч хийж бүтээгээгүй байж олны хэл амд хариу барих газар, хэлтэс нээсэн байгаа нь зүйд үл нийцнэ.

Тиймээс Хотын иргэд нь халаас хоосон, өлөн зэлмэн зүтгэж байхад түгжрэл бууруулна хэмээн 420 тэрбумыг халаасалчихаад өдгөө ямар ч арга хэмжээ авалгүй тэгш сондгой дугаар ярин ард иргэдийнхээ амьтай голтой дэнжигнэж буй бизнест нь, ажил албанд нь гай чирч, чөдөр тушаа болж буй Нийслэлийн удирдлага, түүний бамбай цайз болгон босгон Хэвлэл мэдээллийн газар хэлтэст холбогдох зардал, хэтийдсэн төсвийн мөрөөр бид ажиллах болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »