“Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сард болно

2022-09-30
1 min read

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) ТББ нь “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг жил бүрийн 10-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулдаг билээ.

Тус наадам нь Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, кино боловсролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгодог.

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газраас санаачлан  2003 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Улаанбаатар” кино наадмыг МУЗ нь 2013 оноос эхлэн “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) болгон олон улсын тодотголтойгоор зохион байгуулснаар Монголын кино сонирхогчид, уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг наадам болгон тогтвортой хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд олон улсын наадмуудад шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн нийт 132 шилдэг киног танилцуулан, 30000 гаруй үзэгчдэд толилуулж, давхардсан тоогоор 1100 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтад хамруулж, чадавхыг дээшлүүлсэн байна.

Кино наадам нь Нээлтийн кино, Онцлох орны кино үзвэр, Монголын кино хөтөлбөр, Олон улсын кино үзвэр гэсэн үндсэн хэсгээс бүрдэхээс гадна, кино форум, кино сургалт зэргийг наадмын хүрээнд жил бүр зохион байгуулдаг.

УБОУКН-ын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] хаягаар холбогдоно уу.

Орчуулах »