Төсвийн реформ эхлүүллээ, хүлээж ав УИХ!!!

Намрын чуулган нээлтээ хийж, ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Сонгуулийн өмнөх жилийн төсөв тул тун онцлог. УИХ-ын гишүүн бүр тойрогтоо хөрөнгө зулгааж, байшингийн дээвэр, сургуулийн хана будахаас эхлээд айлын хашааны хаалгыг 00-той юутай засварлачих гээд дайрдаг цаг. Үе үеийн Гүйцэтгэх засаглалын тэргүүд ч үүний л төлөө улайрч халамж хавтгайруулсан төсөв барьж зүтгүүлдэг жишиг тогтоод удсан.

Гэтэл энэ Засгийн газрын өргөн барьж буй төсөл огт ондоо, зогтусан анхаармаар болж.

Монгол Улс түүхэндээ анх удаа 19.6 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөг зарцуулахаар төсвөө боловсруулжээ. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт өгнө гэж нийтийг бачимдуулсан тэд халамжаас хөдөлмөрт, бэлэнчлэхээс илүүтэй амь зуулгатаа өөрийн чадвараар хүрэх арга замыг нь зааж өгөхөөр ирэх оны төсөвт зориглон тусгаж.

Монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээ туйлдаа хүрч хэн нэр дэвшиж байгаад бус юу амлаж байгаад ач холбогдол өгсөөр ирсэн явдлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар засварлахаар шийдэв бололтой.

2008-2012 онуудад амалсан иргэн бүрт 1.5 сая₮ тараах болон бусад мөнгөний амлалтыг тодорхой түвшинд хэрэгжүүлэхэд 2.8 тэрбум ам.доллартай тэнцэх төгрөг зарцуулж, энэ нь Эрээний бараанд явсан нь үнэн.

Харамсалтай нь түүнээс ч муу мэдээ нь, нийт иргэдийн 48 хувь нь ядуу, ажиллах хүчний оролцоо 60 орчим хувь болтол буурсан байгаа юм.

Буруу замаар будаа тээн давхиж яваа энэ байдлыг эргүүлэхээр ирэх оны төсөвт хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлэх нь. Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлэхээр тусгасан байгаа нь зөв шийдэл.

Энэ хувилбарыг эдийн засаг хэвийн, иргэдийн амьжиргаа дориун байх үед хэрэгжүүлэх гэж өмнөх Засгийн газрууд оролдож байсан ч улс төрийн элдэв тоглолт, иргэдийн бухимдлаас айн орхиж байв. Харин саяхан шинэчлэн байгуулагдсан шинэ Засгийн газар үүнийг хийхээр зориглосон нь БРАВО…

Зоримог, зоримог шийдэл ханхлуулсан эл төслийг УИХ-ын гишүүд амбиц, айдсаа даран хүлээж авах нь зөв. Өнөө маргаашийн сонгуулийн сурталчилгаа бодож эдийн засгаа мөхөлд хүргэх эрх тэдэнд үгүй…

Нэн тэргүүнд хэмнэж болох зардлаа танан, Хэмнэлтийн хуулийн хүрээнд 1 их наяд төгрөгийг хэмнэхээр тусгасныг яахан буцааж болох билээ, эрхэм төрийн түшээд ээ!!!

Тэрчлэн улсын төсвөөр орон нутагт шинээр барилга, байгууламж эхлүүлэхгүйн зэрэгцээ суурь болон урсгал зардлыг сохор зоосоор ч нэмэхгүй. Хөшөө дурсгал, соёлын төвийг төсвөөс санхүүжүүлэхгүй гэдгээ зарлаад сонгуулийн өмнөх жил сум бүр ямар нэг юмны шав тавьдаг хогийн жишгийг 2023 оны төсвөөр халж чадсан нь гоё.

Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг орлого төвлөрүүлж, бусад нь татаас авдаг. Үүнд ч халаа хийж, цаашид аймаг бүр орлогоо бие даан бүрдүүлж ажиллах, үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжих гэнэ. Ингэхдээ хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг ханган, төвлөрлийг сааруулах бодлого барьж буй бөгөөд үүнийхээ хүрээнд орон нутагт чиглэсэн татварын уян хатан бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж.

Тэрчлэн олон жил яригдсан ч ажил болгоогүй татварын нэмэгдлүүдийг оруулж ирсэн нь УИХ-ын гишүүдэд төдийлөн таалагдахгүй байгаа. Их орлого олдог бол их татвар төлөх ёстой гэж Засгийн газраас үзсэн нь томоохон бизнес бүлэглэлүүдийн ард байдаг түшээдийн уурыг хүргээд эхэлсэн. Тамхи, цахилгаан тамхи, тансаг хэрэглээний автомашины татварыг нэмэх зоримог шийдвэр нь төсвийн төслийг парламентын танхимд тасчуулж мэдэх шийдвэр. Гэхдээ эдийн засгаа аврахын төлөөх гарцаагүй хийгдэх эл төсөлд хэн эсрэг уйлж, чангаар хашгичин тараа таниулахыг олон нийт анхааралтай ажиглах болохоор наашаа харж инээн цааш харж уйлсаар кноп дарах биз.

Ер нь бол ирэх оны төсөвт хэт өөдрөг гэх шүүмжлэл л бий.

Оны эхний хагаст уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ өсч, эрэлт тогтвортой байгаа хэдий ч цар тахлын нөлөөгөөр хил боомтуудын үйл ажиллагаа саатан эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тухайлбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар, нүүрсний олборлолт 45, газрын тосны олборлолт 97.5 хувиар тус тус буурчихсан..

Худалдааны гол түнш болох БНХАУ-д коронавируст халдвар үе үе идэвхжиж байгаагаас боомтын үйл ажиллагаа хязгаарлагдан экспорт тасалдах, уул уурхай, тээвэр, барилгын салбарын үйл ажиллагаа хумигдаж сэргэлт удаашрах эрсдэлтэй байгааг хэн хүнгүй харж байна. Ийм үед Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсон нь ганц гялтайх сайхан мэдээ юм.

Нөгөөтэйгүүр Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн байдал хүндэрч ашигтай гэхээсээ алдагдалтай заалт нь давж татвар төлөгчдийн мөнгөөр амь тариа залгуулж буй энэ үед  Сангийн сайд Б.Жавхлан тэргүүлэн санаачилж Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажлыг эхлүүллээ.

Төр томоохон компаниудаа хувьцаат компани болгодог олон орны туршлага бий. Заавал гадны хөрөнгийн бирж дээр IPO хийх гэж хугацаа алдалгүй өөрийн бирж дээрээ хийчих боломжийг Сангийн сайд нээж өгсөн нь гарцаагүй дэмжих зөв шийдэл болов.

Тиймдээ ч Төрийн банкаар тогтолгүй төрийн өмчит бусад компаниудыг шат дараатайгаар олон нийтийн хяналтад оруулахаар төлөвлөлөө.

Үүнээс гадна ирэх жилийн төсөвт эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэх ажлыг тусгаж Эрдэнэбүрэнгийн усан болон Тавантолгойн цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр зориглочихлоо. Амгалан ДЦС, эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг мөн 2023 оны төсвийн жилд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн нь нэлээд ажил хэрэгч, завгүй он байхыг харуулж байна.

Хамгийн чухал нь шинээр санхүүжүүлэх төслүүдийг “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж Эдийн засгийн хөгжлийн яам хөтлөөд, Сангийн яам санхүүжүүлдэг тогтолцооны реформ руу шилжих нь.

Нүүрсний экспорт, ам.долларын ханш гээд өнөөдрийн дор орсон нөхцөл байдалтай харьцуулахад хэт өөдрөг төсөв санагдаж мэдэх ч олон жил яригдсан төсвийн реформыг эхлүүлж чадсанаараа ирэх оны төсөв онцлог, анхаарал татсан төсөв болж чадлаа.

Орчуулах »