Сэхээтнүүдээ яллаад дефолт зарлах уу, хэлцлийн ширээнд сууж улс орноо аврах уу?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэний хөдөлгөөний төлөөллүүдтэй уулзаад Эрдэнэтийн 49 хувь болоод Хөгжлийн банкны асуудлуудаар хэн нэгэн шүүхийн шатанд буруутгагдан яллагдахыг тэсэн ядан хүлээж байна гэх нь холгүй юм ярьж, түүнийг нь намынх нь данстай сэтгүүлч нэртнүүд уухайлан мэдээлж баясчээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь шүүхийн шатанд хүрэх гэмт хэрэг мөн үү?! Цар тахлын хүнд жилүүдэд иргэн, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэхэд дэм болсон иргэдээ яллаж, насаар нь шоронд хатаах уу?!

Үйлдвэрийн эзэмшлийг төр бүхлээр нь “булааж” авсандаа сэтгэл нь ханахгүй байгаа хэрэг үү…

Өчүүхэн жижиг нам, улстөрийн тоглолт хийж хувийн хэвшлийн бүтээн байгуулалтуудыг ичгүүргүйгээр “дээрэмдэж” яваа эрх баригчдыг үндэсний хөрөнгөтнүүдээ нухчин дарж, улсынхаа дархлааг өөрсдийн гараар устгаж байгаа хэмээн хатуухан донгодоход огтхон ч буруутахгүй биз. 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь 2016 оныг хүртэл ОХУ-ын мэдэлд байсныг иргэн бүр мэднэ. Түүнээс өмнө, 1973 онд Орос Монгол 50, 50 хувийн эзэмшилтэйгээр байгуулж байгаад 1991 онд ОХУ-аас 1 хувийг авч, Монголын эзэмшил 51 хувь болсон байдаг.

Харин 2016 онд “Монголын зэс корпораци” ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг 400 ам.доллараар худалдан авчирсан. Энэ бол гарцаагүй бахархах хэлцэл, худалдан авалт байв… Тэдний энэ ажиллагааны төлөө улс даяараа баяр хүргэх байсан ч тэгсэнгүй. Монголын эзэмшил болсон л бол хэн авсан байх нь хамаагүйгээр ашиг орлого, бүтээн байгуулалт бүхэн дотооддоо үлдэнэ. Энэ л хамгийн чухал хэрэг юм. Гэтэл хаанаас хэрхэн хөрөнгө босгоод авчирчихав гэхчлэн нөгөөх л тамын тогоондоо эргэлдэж уйлалдсаар 6 жилийг барав. 49 хувийг олж ирсэн хувийн хэвшлээ мэрж махлан, шорон гяндангаар айлган хорьж цагдах атлаа 2016 оноос хойш Эрдэнэтийн бүхий л ашгийг 100 хувь ичиж эрээлхэлгүй хуваан идэж байна.

Муу л бол хойд зүгийн хар овоохой гэгчээр цэртэй шүлсээ тэдэн рүү үсчүүлж, эзэн нь байвал хэрэг нь олддогийн жишээг үзүүлэн элдэвлэж байна…

Одоо болно, ЗОГС нөхдөө!!!

Юманд хэмжээ, суманд занги гэж бий…

Эрдэнэтийн 49 хувь хэзээ ч Монгол төрийн өмч байгаагүй!!! Гэтэл АТГ, ЦЕГ-аас “… “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь төрийн өмчийг хууль бусаар авсан, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх магадлалтай” хэмээн үзэж, хэрэг бүртгэл үүсгэн шалгах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт гарган далийрч байсныг мартах болоогүй байна.

Оросуудын халаасанд байсан 49 хувийг Монголд оруулж ирснээс хойш ч ямар нэг хувьчлал явагдаагүй.

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуай Иргэний хөдөлгөөний төлөөллүүдтэй уулзахдаа Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал, Хөгжлийн банкны зэрэг нийтийн эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг шийдэхэд анхаарч ажилласан гээд энэ тухайгаа намынхаа бүртгэлд явдаг хэдэн сэтгүүлчээр сарвайтал бичүүлж, тараалгаж байх юм.

Үгүй юмаа, эрхэм Ерөнхий сайд аа!!!

Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-ын эзэмшлээс гаргаад Монголд оруулж ирсэн нь ямар ч гэмт хэрэг, гэмт үйлдэл биш юм. Энэ 49 хувийг монголчууд эзэмшсэнээрээ Монголчуудын хүртэх ёстой ашиг, хувь хэмжээ 49 хувиар нэмэгдсэн болохоос биш энд нийтийн эрх ашгийг зөрчсөн ямар ч асуудал байхгүй… Үүнийг адгийн тэнэг ч ойлгохтой байтал эрх баригч намын тэргүүн, энэ улсын Ерөнхий сайд огтын хөндлөн юм яриад далийрч яваа нь нэг бол мэдлэг мэдээлэл дэндүү дутмаг дорой нэгэн, эс бөгөөс заавал хэн нэгнийг буруутгаж яллах гэсэн хонзон өвөртөлсөн нэгэн гэхээс өөрөөр харагдахгүй байгаа юм.

Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад зарцуулсан мөнгө нь Худалдаа хөгжлийн банкных биш байсан гэх мэдээллээр эрх баригчид олон нийтийн тархийг 6 жилийн турш угаасаар ирсэн. Гэтэл энэ нь худлаа байсан гэдгийг Сангийн сайд Б.Жавхлангийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үед өгсөн мэдээлэл нь нотолчихсон.

Тэрбээр “…Өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол буюу “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан судлах, хэлцэл хийх замаар барагдуулах, мөн уг асуудалтай холбоотой Цэцийн 2018 оны дүгнэлтийн биелэлтийг хангах шийдвэр гаргасан. Энэ оны зургадугаар сард 160 тэрбум төгрөгийг суутгахаар шийдвэрлэж байсан. Тэр шийдвэрийн дагуу Худалдаа хөгжлийн банкнаас Монголбанканд төлөх 480 тэрбум төгрөгийг суутгаж авснаар нийт 580 гаруй тэрбум төгрөгний харилцан суутгал хийхээр боллоо.. Ингэснээр Эрдэнэт Үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын өмч болгох томоохон алхам болж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсад авсан шийдвэр төгс болоход маш том алхмаар ойртлоо” хэмээн хэн ч ойлгогдохоор хэлэв.

49 хувийг ОХУ-аас авчрахад зарлагдсан хөрөнгийг нь төрд төлөх ёстой өөр зардлаас нь хасч, суутгах замаар эргүүлэн олгож буй нь Худалдаа хөгжлийн банк Эрдэнэтийн 49 хувийг олж ирэхдээ өөрсдийн хөрөнгөөр олж ирсээн гэдгийг нотолсон нотолгоо гарцаагүй мөн…

Тэгвэл тэдэнтэй шүүхдэлцэх, хэн нэгнийг заавал ялтан болгох өөр ямар асуудал үлдсэн юм.

Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Иргэний хөдөлгөөний төлөөллүүдтэй уулзахдаа Хөгжлийн банкны асуудлаар шүүгдэгчид Шүүхийн шатанд буруутан яллагдахыг хүлээж байна гэх утга бүхий юм ярьсан. Хэдий тойруу, бөөрөнхийлж ярьсан ч цаад хатуу агуулга нь энэ.

Хэрвээ Хөгжлийн банкны асуудлыг гэмт хэрэг гэж үзэж буй бол энэ нь улсаа, Засгийн газраа барьцаалсан их хэмжээний мөнгөн дүнтэй, тоолж баршгүй олон холбогдогчтой онц ноцтой гэмт хэрэг болж таарна. Тэгвэл эрх баригч намын батлах өвөртөлсөн хэдэн гишүүнээр ТҮР ХОРОО гээчийг байгуулаад үнэн мөнийг олж тогтоочихно гэвэл гонжийнжоо. Үүн шиг худал хуурмаг энэ ертөнцөд үгүй.

Эсрэгээр нь, шалгаж тогтоож байгаа нэрээр холбогдох баримт фактуудыг гартаа оруулаад хэн нэгнийг шахаж, шантаажлахад ашиглахаас өөр ямар ч үр дүн харагдахгүй гээд мөрийцсөн ч алдахгүй биз.

Хөгжлийн банкинд холбогдох хэргийг гэмт хэрэг гэж үзээд мөрдөн шалгаж, буруутнуудыг яллах гэж байгаа юм бол Хөгжлийн банкийг байгуулсан үеэс, Засгийн газраа барьцаалсан зүйл заалтууд оруулсан тухайн үеийн хууль санаачлагч, батлагчдаас мөрдлөгөө эхэл!!!

Эс бөгөөс энэ шоудалт, хийрхлээ зогсоогоод том, дунд, жижиг аж үйлдвэрлэл эрхлэгчид, бүтээн байгуулагчидтай хэлэлцээний ширээний ард хамтдаа суугаад, цоо шинэ гэрээ хэлцлийг байгуулж эдийн засгаа өөд татмаар байна.

Хэнийг ч, хэзээ ч яллаж, буруутгаж болно. Оройтохгүй…

Гэхдээ хүн алж, хүрээ тоночихсон биш… Зээлдэгчид гэдэг өөрсдөө гүйж ороод банкны сэйф ухаад мөнгө гаргаад авчихсан үл бүтэх этгээдүүд биш. Тэднийг, бүтээн байгуулагчдаа, үйлдвэрлэл эрхлэгчдээ зээлээ хугацаандаа төлж чадаагүйнх нь төлөө хорьж цагдаж, үйл ажиллагааг нь зогстол дарамталдаг дарамтаа зогсоо, эрх баригчдаа!!!

Цар тахал, хил гаалийн хаалттай горим, валютын ханшийн савалгаа, хомсдол гэхчлэн давагдашгүй хүчин зүйлээс гадна эрхэм эрх баригчдын улай үзсэн хэрээ шиг хувийн хэвшил рүүгээ хошууран дайрах дайралт энэ улсыг дефолт зарлахад хүргэхээр байна.

Хүчирхэг хувийн хэвшил, үндэсний хөрөнгөтнүүд гэдэг тухайн улсын тусгаар тогтнол, халдашгүй байдлын хамгийн том дархлаа учир бид бизнес эрхлэгчид, бүтээн байгуулагчид руугаа довтолсон эрх баригч хэн бүхэнтэй хатуу тэмцэж, үндэсний хөрөнгөтнүүд, бүтээн байгуулагчдаа хамгаалах болно.

Үргэлжлэл бий…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »