Улс орны чинь хөгжлийн цаг зогсчихоод байна, Д.Амарбаясгалаан!!!

“Төр аливаа бизнесээс татгалзана. Хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Харин хувийн хэвшлээ дэмжинэ. Нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд, нөгөө гараараа дарамталж болохгүй” хэмээн Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болохдоо хэлснээс хойш хоосон гурван сар өнгөрлөө.

Браво, шинэ цагийн шилдэг менежерийн байр суурь, барих зарчим сүүмийж яваа эдийн засгийг сэпхийтэл босгох нь гэлцэж байсан ч тэр сонин дээрээ соохолзож, сониноо буухаар хоохолзох гэгч болов.

Төр хаадаг боодог, бизнесийнхэн бүх ачааг үүрдэг гэсэн уламжлалт сэтгэлгээнээс салж төрийн зүгээс бизнест үзүүлдэг олон төрлийн саад тээг, хүнд суртлыг багасгах Засгийн газрын тогтоолын төслийг хүртэл батлуулчихлаа хэмээн дуу чимээ болж байсан нөхөр гэнэт ингээд аниргүй болох эвгүй л юм.

УИХ-ын гишүүн Т.Доржхандын “Венесуэлийн жишээ хажууд байна. Дефолт болох эрсдэл байна. Бид ирэх жил их хэмжээний төлбөр төлөх ч мөнгө нь байхгүй. Бондуудын эргэн төлөлтөөс гадна шатахуунаа авна, импортоо санхүүжүүлнэ гээд хүнд нөхцөл байдалд орчихлоо. Монголын бондууд уначихсан. Засгийн газрын бондыг хоёрдогч зах зээл дээр авах хүн алга. Ялах нь чухал бусад нь хамаагүй гэсэн 30 жилийн уралдаанаа одоо зогсоо. Монголчууд тэр аяараа ялагдаад байна. Дэлхийд хямрал 12 жилийн зайтай явдаг байхад Монголд дөрөв, таван жилийн зайтай явж байна” гэснийг анхаарлын гадна үлдээж болохгүй юм, Д.Амарбаясгалаан!!!

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-д зургаан сарын онцгой дэглэм тогтоож, валютын нөөц бүрдүүлэхийг үүрэгдсэн нь эдийн засгийн нөхцөл байдлын тухайд аюулын эхний харангаа дэлдлээ гэж харагдаж байна.

Эдийн засаг, санхүүгийн байдал муухан байгаа улс орнууд бондоо дахин санхүүжүүлэхэд хүнд, бараг боломжгүй гэдгийг ойлгож байгаа юу. Шинээр бонд гаргах Засгийн газрууд болон компаниуд өмнө гаргасан үнэт цааснуудтай харьцуулахад 156 суурь нэгжээр өндөр хүү төлөхөөр байгааг “Bloomberg” анхааруулчихлаа.

Т.Доржхандаас гадна хөгжиж байгаа 20 орчим улс зээлсэн бондын төлбөрөө төлж чадахгүй дефолт зарлах асуудал яригдаж байгаа бөгөөд үүн дотор Монгол Улсын нэр яваа гэдгийг эдийн засагчид ч хэлж байна.

Ийм байхад хувийн хэвшилтэйгээ дайтаж, өс хонзон санан шүүхдэлцсээр байх уу?!.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан та нэн тэргүүнд аж үйлдвэрүүдийг бодлогоор дэмжихээ илэрхийлсэн. ЗӨВ. Одоо ярьсан хэлсэн чиг шугамаасаа хазайлгүй зоригтой урагшлаад, хийгээд хэрэгжүүлээд өгөөч.

Гуравхан сарын дараа цас ханзарч барилга, бүтээн байгуулалтууд эхэлнэ гээд цаагуур чинь иргэд, аж ахуйн нэгжүүд цемент, арматур хайгаад түжигнэлдэж байгааг мэдэж байгаа юу. Улстөрийн орчин, эрх мэдлийн цамхагтаа вакумжигдаад нийгмээ, нийтээ олж харахаа больчихсон сууна уу?!

Одоо нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохоо боль!!!

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг босгодог, бүтээдэг баатрууд болсон, яав… Одоо гангийн үйлдвэрийг дашийн шог болгох гэж байгаа юм биш биз. Энэ улсад нэн яаралтай, хэн нэгний аминаас ч илүү хэрэгтэй гээд хэлчихэд хэтийдсэн болохгүй гангийн үйлдвэрийн амыг барьж, амийг тасалбал одоогийн эрх баригчид хэдэн үеэрээ төлж, буцааж дийлэхгүй ялд унана гэдгийг хатуу анхааруулчихад илүүдэхгүй биз.

Улс орны тусгаар байдал, эдийн засгийн эрх чөлөөнд халдах шийдвэр гаргасан, үндэсний хөрөнгөтнүүдээ нухчин дарсан хэн бүхэнтэй тэрсэж тэмцэн хариуцлага нэхнэ гэдгийг Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Наж Могой үндэсний холбоо мэдэгдсэн. Аж үйлдвэрлэлүүд, ялангуяа хүнд үйлдвэрлэл, түүний бүтээн босголт гэдэг Засгийн эрхэнд хугацаатай гарч ирсэн дурын нусгайгийн тоглодог, тонгордог салбар биш. Энэ улсын үйлдвэржилтийн эсрэг хөдөлсөн бүхэнг гадны улсын захиалгатай гээд хардчихад үнэнээс тэгтэл хол зөрөхгүй эмзэг, эргээд босгоход дэндүү ихийг хэдийнэ алдсан байх хайран салбар гэдгийг бүү март, Д.Амарбаясгалаан!!!

Чи л зөвийг харж, чи л зөвд хөтлөхгүй бол хайрлах, нандигнах бүхнээ тавиад туулаа наад Засгийн газар чинь…

Ган бол Монгол Улсад нэн шаардлагатай стратегийн гол бүтээгдэхүүн.

Улаанбаатарын түгжрэл ярьж байтал утааны улирал улирч хаа сайгүй бүтээн байгуулалтууд эхэлнэ. Барьж бүтээх нь хавар эхлэх ч, бараа бүтээгдэхүүнээ бэлтгэх нөөцлөх ажил хэдийнэ эхэлчихсэн бужигнаж байна цаагуур чинь.

Хил хаагдаж барилгын салбар бүтээгдэхүүний хомсдолд орж, түрүүчээсээ цементийн эрэлт нийлүүлэлт дээр зодоон нүдээн, уйлаан майлаандаа хүрчихсэн. Нэмээд арматур нүдний гэм болж, барилгын салбар тэг зогсолт хийхийн наахна байна.

Орон сууцны үнэ тэнгэрт хадчихаад байгаагийн, гэр хорооллын иргэд орон сууц руу шилжиж чадахгүй байгаагийн шалтгаан энэ.

Төр хийдэг, бүтээдэг юм гэж хаана ч байхгүй. Үйлдвэрийн дарга, захирлуудад цаг цагийн эрх баригчдын утсан хүүхэлдэйнүүд очиж хэрхэн хулгайлж хумслахаа бодохоос өөр юу хийж, бүтээдэг билээ.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг хүнд том үйлдвэрлэлүүдийг үндэсний хөрөнгөтнүүдийн гарт атгуулахаас өөрөөр босгож чадахгүй нь хатуу үнэн. Өндөр хөгжилд хүрсэн гадны улс орнуудын жишээ, жишиг үүнийг хангалттай нотолно. Монгол Улсын тухайд гангийн үйлдвэрийг Кью Эс Си-гээс өөр үр дүнтэйгээр босгоод аваад явчих чадалтай компани байхгүй нь үнэн шүү дээ. Мэдсээр байж хэнээс, юунаас айгаад, юуг хүлээгээд хойргошоод байгаа юм. Монголчуудын, тэр дундаа улстөрчдийн хувьд үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй, болж байгааг нь зоригтойгоор магтчихаж чаддаггүй арчаагүй гэм байдаг. Түүнээсээ, тэр тэнэглэлээсээ салах цаг хэдийнэ болж. Одоо шинэ үе, шинэ сэтгэлгээ дэргэд ирчихээд хаалга тогшиж байна, эрх баригчдаа!!!

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг шинэчлэх ажлыг 2010 оноос “Кью Эс Си” ХХК гэрээлэн эхлүүлсэн ч хөрөнгө оруулалтын гэрээ нь явцын дунд концессийн гэрээ болон өөрчлөгдсөн. Харамсалтай нь Хөгжлийн банкны шуурганд өртөж, төр концессийн гэрээг цуцлан эзэмшилдээ авлаа гэх сүржин мэдэгдлээр гацаачихаад байгаа чинь одоо болно оо, ЗОГС!!! Хэрээс хэтэрлээ… Хөгжлийн банкны хэрэг дээр эхлүүлсэн попролт чинь хэм хэмжээнээсээ давж, улс орны чинь хөгжлийн цаг зогсчихоод байна!!!

Үр дүнд нь Засгийн газар, хувийн хэвшил, барилгын салбар, иргэд бүгд хохирол амсч байгааг хүлээн зөвшөөрч дахин эхнээс нь зөвөөр эхэл….

Гангийн үйлдвэртэй болох монголчуудын эртний мөрөөдлийг энэ Засгийн газрын өнгөн дээр булшилж болохгүй.

Жилдээ 250 гаруй мянган тонн арматур хэрэглэдэг барилгын салбар 150 гаруй мянган тонныг Хятад болон ОХУ-аас энэ онд импортолсон бол өнгөрөгч онд 260.8 мянган тонныг импортлолоо шүү дээ. Үүнээс болоод арматурын үнэ өнгөрсөн жил гурван сая төгрөгийг хол давсан. Гутарч, халаглахад багадах хохирол биз дээ, энэ.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “2022 онд 6033 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цемент, бетон зурмагийн үнэ 95, арматур 68 хувийн өсөлттэй болсон” хэмээн зовлонгоо тоочсоныг эрхбиш сонссон гэж найдъя.

Ипотекийн жилийн 8 хувь, 6 хувийн хүүтэй зээл, орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт хүн амыг орон сууцаар хангах бодлого эхлүүлсэн атлаа барилга, байгууламжуудын суурь, гол бүтээгдэхүүн үйлдвэрлэлүүдийг боомилсоор байгаа нь мэдлэгтэй, боловсролтой боловсон хүчнээр МАН дутаж, намын дотоод дахь бүлэг фракцуудын тоглолтод бодлогоо алдсаны шинж юм.

Одоогийн байдлаар жилд 80 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай дотоодын 12 үйлдвэр ажиллаж байгаа ч зах зээлийн дөнгөж 20 хувийг чадан ядан хангаж байхад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг явцгүй улстөрөөр боомилон гацаачихаад байгаа нь энэ Засгийн газрын өрөвдөм хэм хэмжээ…

Толгойн өвчин болсон агаарын бохирдлоосоо салах хамгийн эхний шат дамжлага нь барилга орон сууцуудын үндсэн түүхий эдүүдийг дотооддоо үйлдвэрлэх гэдгийг ухамсарлаж, шийдвэртэй алхмуудыг зоригтойгоор хийж чадахгүй байна гэдэг нөгөө талаас нь харвал Монголыг үйлдвэрлэгч орон болгож болохгүй, тэд зөвхөн худалдан авагч л байг гэсэн гадныхны хүсэл сонирхлыг гүйцэлдүүлж суугаа гэм хор биш байгаа гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгаа нь нууц биш.

Төр сайн менежер байсан түүх үгүй.

Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга төр хувийн хэвшил рүү, аж үйлдвэрлэл рүү хошуу дүрж хутгалдахгүй гэсэн зарчимдаа үнэнч үлдэх хэрэгтэй.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг шинэчилж, дотооддоо хангалттай хэмжээгээр ган үйлдвэрлэгч болох мөрөөдлийн ард “Кью Эс Си” компанигүйгээр гарна гэдэг юу л бол?! Энэ бол улстөр биш үйлдвэрлэл гэдгийг хүлээн зөвшөөрч тус компанитай хэлцлийн ширээний ард дахин суухаас өөр зөв шийдэл үнэндээ байхгүй. Эс бөгөөс эдийн засагч Л.Наранбаатар гээч нөхөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хэрхэн бантан хутгаж байгаа шиг учир тоймгүй дампуу хэрэг болох нь үнэн.

“Кью Эс Си” ХХК Хөгжлийн банкинд төлөх учиртай 192 тэрбум төгрөгийн зээлээ өнгөрөгч зургадугаар сард төлж дуусгасан. Цар тахал, хил гаалийн хорио цээр, валютын ханшийн савалгаа гэхчлэн өч төчнөөн давагдашгүй хүчин зүйлүүд байсан ч гоншигнолгүйгээр барагдуулчихлаа. Тэд Засгийн газрын алдаатай оноотой бүх шийдвэр, шийдлийг хүндэтгэж, дагаж байна. Өөр юу хэрэгтэй юм. Одоо ажлыг нь хийлгэ… Бидэнд арматур хэрэгтэй байна. Монголчууд улстөржиж шаагилдалгүй, өмнөх өмнөхөө хийж сайхан амьдармаар байна, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, үйлдвэрийг хөдөлгөж эхэлснээр хөрөнгө оруулалт сайжирсан. Улмаар үйл ажиллагаа нь жигдэрч жилийн орлого 400 гаруй тэрбумд хүрэн улсад төлөх татвар ч 80 гаруй тэрбум болон өсч байсныг олон түмнээрээ мэднэ.

Төслийн хүрээнд, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд жилд 350 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, мини домен зуухны технологид суурилсан, аргалж, хорголж, коксын үйлдвэрүүд, бусад дэд бүтцийг багтаасан ган үйлдвэрлэх иж бүрэн цогцолбор босох гээд байхад хэний хүсэл, захиалгаар зогсоогоод байгаа хэрэг вэ…

Жилд 350 000 тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх гангийн үйлдвэрээс гадна, 643 000 тонн аргалжийн үйлдвэр, 400 000 тоннын хүчин чадалтай хорголжийн үйлдвэр, 200 000 тоннын хүчин чадалтай коксын үйлдвэрүүд ашиглалтад орно гэхээс хэн айгаад, жийрхээд байгаа юм?!.

Энэ үр шимийг тооцох чадвар, хүсэл эрмэлзэл МАН-д алга уу?!

Адаглаад хичнээн мянган ажлын байр бий болж, хичнээн олон өрх ядуурлаас гарах боломж гэдгийг тооцоолж чадахгүй нь уу…

Гуравхан сарын дараа гангийн эрэлт ихэсч, арматур хайсан ард олон Төрийн ордонг тойрч, түмпэн сав шидэхээс наагуур бухимдах гээд байна, Д.Амарбаясгалаан!!!

Дотоод дахь толхилцоон, төр хувийн хэвшлийн дайсагналцал, шорон гяндангийн айлган сүрдүүлэлт чинь улс орныг босгох биш уруудуулж, гадны хөрөнгө оруулагчдыг үргээсэн тэнэглэл рүү түлхээд байна, эрх баригч түшмэд ээ!!!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »