Тэр сангийн сайд хийх эрхтэй юү, чононд хонь хадгалуулчихсан юм биш байгаа?!

Аж үйлдвэржилтийг нухчин дарах “кампанит” ажиллагааг амжилттай удирдаж яваа гэх сайшаалыг өдөр бүр намынхнаасаа сонсч яваа Сангийн сайд Б.Жавхланг урдуураа улаан хөлтэй амьтан гаргахгүй хар яр хийдэг Ч.Хүрэлбаатар ч тойглон, бүдэрчихвий тээгэлчихвий гэхчлэн өмнөх чулуу бүрийг нь түүж гүйдэг болсныг бүгдээр харж байна.

Ерөнхийлөгчийг, Эдийн засгийн хөгжлийн сайдтай нь ар талаа болгочихсон Б.Жавхлан гэж хэн бэ. Тэр өмнө нь хэн байв.

1975 онд Дархан-Уул аймагт Лувсангийн Болд гэж хүний дунд хүү болон мэндэлсэн тэрбээр Сүхбаатар аймгийн I дунд сургуулийг дүүргэж, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн байдаг.

Ажлын гараагаа Монголбанкнаас эхэлсэн энэ эр дунд нь гурван жил Худалдаа хөгжлийн банкинд ажилласныг эс тооцвол Монголбанкнаас салж байгаагүй нэгэн. Ингэж яваад 2016 онд МАН шошготой “сүрэг хонь” УИХ-д орж ирсний дотор мань хүн багтсан байв.

2016.07.05-нд УИХ-ын гишүүний тангараг өргөж байхдаа хөрөнгө орлогоо 22.7 сая хэмээн мэдүүлж байсан бол Сангийн сайд болох үед нь хоёр дахин өсч 43 сая болсон байдаг.

Гэр бүлийн орлого нь 2017 онд 137.8 сая байснаа 2019 онд тэг зааж, 2021 онд 64.8 сая болсон гэхчлэн хөрөнгө орлогын мэдүүлгээр жонглёрдчихдог шиг байгаа юм.

АТГ-т мэдүүлээгүй “өмч”

Авлигатай тэмцэх газарт мэдүүлэхдээ ганц компанигүй, хувьцаа ч эзэмшдэггүй гэх Б.Жавхлангийн нэр дээр Улсын бүртгэлд 10 гаруй аж ахуйн нэгж бий. Тэдгээрээс анхаарлын гадна үлдээж болохгүй компани нь “Рояалтиблью бөрди”. Э.Батхолбоо гэх гүйцэтгэх захиралтай тус компанийн хамтран эзэмшигчээр Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар байгаа нь зогтусам.

Тэрбээр Сүхбаатар аймгийн шатрын холбооны Удирдах зөвлөлийн тэргүүн гэж байгаа.  Түүний бүртгэлтэй “Дамдины Сүхбаатар сан”-д УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Моннис Интернэйшнл”-ийн Б.Чулуунбаатар, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга асан Г.Чинзориг, Сангийн яамны нарийн бичгийн дарга Д.Баттөр, “Баянзам тээвэрчдийн холбоо”-ны С.Энхтайван, УИХ-ын гишүүн Сү.Батболд нар багтдаг нь сан гэхээсээ илүү улстөрийн нууц бүлгэм шиг сонсогдож байгаа нь нууц биш.

Тэрчлэн “Алтан модны үндэс” гэх хуулийн этгээд Б.Жавхлан сайдын нэр дээр бүртгэлтэй бөгөөд Эрчим хүчний яамны төслийн зохицуулагч асан Ц.Чинзориг хамтран эзэмшдэг бөгөөд уг хуулийн этгээдийн Улаанбаатар, Баянзүрх, 26-р хороо, 716, 904 тоот хаягт Б.Уянгын “Шинэ засаглал” төрийн бус байгууллага давхар бүртгэлтэй байгаа нь жич судлах мэдээлэл мөн.

Эдгээрээс гадна Болдын Жавхлан нэрээр Дамба-Инвест ХЗХ, Кристаллайф, Монголын эндуро мото спортын холбоо, Дархан мэдээлэл төв, Нотолгоонд суурилсан анагаах ухааны судалгааны институт, Монголын шинэ эдийн засгийн форум гэхчлэн олон аж ахуйн нэгж бүртгэлтэй байгааг цувралаар дэлгэрүүлэн хүргэх тул энд товч орхиё.

Учир нь Монголын шинэ эдийн засгийн форумын бүртгэлд нь Б.Жавхлангаас гадна “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Ч.Ганхуяг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар байгаа нь товч мэдээллээд орхих сэдэв биш юм.

ХЭЛХЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдсон О.Амарсанаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн эгч У.Удвалын хүү гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ханатал хүргэсэн. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан ч мөн Төрийн тэргүүний үеэл гэдгийг ойрын нь эх сурвалжаас өгч байна.

У.Хүрэлсүхийн аав Сүхбаатарын аймгийнх. Б.Жавхлан Дархан-Уул аймагт төрсөн ч түүний эцэг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул. Инженер мэргэжилтэй Л.Болд Дарханд илгээлтийн эзнээр томилогдон ажиллаж байхад Б.Жавхлан мэндэлсэн байдаг. Улмаар наймдугаар анги хүртлээ Дархан хотын 17 дугаар сургуульд суралцаж, ахлах ангиа Сүхбаатар аймгийн I дунд сургуульд дүүргэснийг нийтлэлийн эхэнд тэмдэглэсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, ЖДҮ-д холбогдсон Г.Эрдэнэцогт нартай нэг төгсөлт байсан юм байх. Нусан багын ийм сэжмээр хэлхэлдсээр эцэстээ Ж.Батзандан саатуулагдаж, саатуулагдахдаа У.Хүрэлсүх, Б.Жавхлан нар руу нударга зангидан үл ойлгогдох үгсээр хашгирсныг нь сошиал хуудсууд гэрчлэх биз.

Б.Жавхланг Төвбанкинаас гаргаад улс төрд хөтлөөд ир хэмээн У.Хүрэлсүх Г.Занданшатарт үүрэгдсэнээр өнөөх нь дагуулж ирсэн гэдгийг улстөрийн хүрээнийхэн бүгд мэднэ. У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарыг Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоо гэх байгууллагаар овоглож, Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт нэр холбогдож явсан журмын нөхөд гэдгийг уншигчид сайн мэднэ. Тэдний эл явдал суудал бүрт Б.Жавхлан байсан бөгөөд У.Хүрэлсүхийн хүрээнийхэн түүнийг “Хүк-ийн запник (тээглүүр)” гэдэг аж.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болмогцоо Б.Жавхлангийн төрсөн эгч Б.Сэргэлэнг Соёл урлагийн бодлогын газрын даргаар томилуулж, өнөөх нь түүнээс хойш Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга гэхчлэн шат ахисаар яваа.

Л.Болдынх гэдэг айл гурван хүүхэдтэй. Том нь Б.Сэргэлэн, удаах нь Сангийн сайд Б.Жавхлан, отгон нь Б.Амгалан гэж бий. Б.Амгалан Монголбанкны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн санд ажилладаг.

Б.Жавхлан 2018 онд Монгол банкны харьяанд байсан Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирлаар өөрийн найз, АНУ-ын Индианагийн их сургуульд хамт сурч байсан Х.Батхүүг томилуулж байсныг мартах хугацаа хараахан болоогүй байна.

Сайдын нэрнээс салдаггүй ЖДҮ-гийн ГОГЦОО

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсны дараахан ЖДҮХС-гаас ижил дүн бүхий зээл олон гишүүний хамаарал бүхий компанийн данс руу орсон. Үүний нэг нь Б.Жавхлангийн гэх тодотголтой “Жетте майнинг” ХХК-ийн зээл. Компанийн захирал Г.Эрдэнэцогт болон Сангийн сайд Б.Жавхлан нар Сүхбаатар аймгийн I сургуулийн төгсөгчид. Б.Жавхлан сургууль төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга бол Г.Эрдэнэцогт гишүүн нь. Тэдний аавууд нэг гол усны нөхөд төдийгүй Б.Жавхлангийн аав Л.Болд Сүхбаатар аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байхад Г.Эрдэнэцогтын аав Х.Гөлгөө нь I орлогч даргаар ажиллаж байсан гээд холбогдох сэжим олон.

Тэрчлэн ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгтэй Б.Жавхлан 2005-2007 онуудад АНУ-д сурч, ажиллаж байхдаа танилцсан бөгөөд харилцаа холбоогоо таслалгүй явсаар 2018 онтой золгож, эл албан тушаалд томилуулсан гэдэг. ЖДҮ-гийн асуудлаар улс төрийн карьер нь дууссан хэд хэдэн хүн хуулийн хариуцлага хүлээж байхад ноён Б.Жавхлан цэвэрхээн холдож, холдох холдохдоо Сангийн сайд болон энэ улсын бодлогын түлхүүрийн нэг хувийг халаасалчихсан яваа элдэвтэй эр.

Зохион байгуулалттай, төлөвлөж хийсэн гэмт хэрэг биш үү

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн нар энэ асуултыг Сангийн сайд Б.Жавхланд хаяглаж ширүүхэн “зодоон” эхлүүлчихээд байгаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Сангийн сайд Б.Жавхлан хаана банк, зээлийн сан байна, түүнд гар дүрж байна. Өөрийн дүү Б.Амгаланг Монголбанкны дэргэдэх бичил санхүүгийн хөгжлийн зээлийн санд ажилд оруулсан. Нийт 2.8 тэрбум төгрөгийг “Жэт Финанс” ББСБ-даа авсан. Жилийн 6 хувийн хүүтэйгээр аваад цааш нь хэдээр өгдөг юм. Ер нь мөнгө угаасан гэсэн үг. Мөн ЖДҮС-д нөлөөлж зээл олгуулсан байж магадгүй асуудал яригддаг. 2014 онд Капитал банкнаас иргэн н.Чинзоригийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээлийг эхнэр А.Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээ байгуулан авахуулсан ч төлөөгүй. Энэ зээл Төрийн банкинд шилжсэн гэдэг мэдээлэл байна. Төрийн банк Сангийн сайдын харьяанд байдаг. Сангийн сайдын багцад арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд зээл олговол хүүгийн зөрүүнд зориулж 60 тэрбум төгрөг суулгасан байгаа. Үүнийг юу болгож байгааг бид мэдэхгүй” хэмээн жинтэйхэн бухимдсан.

Үүний дараахан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Б.Жавхлан өөрөө гэмт хэрэгтэн мөн юм байна. Ц.Даваасүрэн энэ хүнийг Хөгжлийн банкийг хэрхэн дампууруулсан тухай хэд хэдэн удаа ярьсан. Тэр хүнийг алчих вий дээ. 2017 онд хүмүүсээ тавьж байгаад, Хөгжлийн банкнаас хэд хэдэн удаа мөнгө идчихсэн гэж Ц.Даваасүрэн өчнөөн хэллээ. Үүнийг яагаад хуулийн байгууллага шалгахгүй байна” гэж асуулга тавьсан ч хаданд хашгирсан цуурай мэт алсрав.

Төрийн мөнгө “Чингис хаан” банк руу урсах болсон нь Б.Жавхлантай холбогддог. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын 130 тэрбумыг зувчуулсан “Чингис хаан банк”-ны захирал Б.Батхүүтэй Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаа “Ньюгоби гэйт” ХХК хамтран эзэмшдэг. Энэ нь ухаж шалгаж, судлан мэдээлэхгүй өнгөрөөх асуудал биш. Тиймээс энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг жичдээ, цувралаар хүргэх болно.

Б.Жавхланг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Сангийн сайдаар ажиллах хугацаанд “Чингис хаан банк” зөвхөн Хөгжлийн банкнаас гэхэд л 50 тэрбум төгрөгийн зээл авсан асуудлыг ч сонирхох нь зүй юм. Цаана нь 70 тэрбумын хадгаламжийн асуудал ч бий.

Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн “Капитал” банкнаас иргэн н.Чинзоригийн нэр дээр авсан зээлийн тухайд Б.Жавхлан Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2014 онд Капитал банкнаас иргэн н.Чинзоригийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулсан. Зээлийн барьцааны гэрээг Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаа байгуулж, “Ривер Гарден” хотхоны 281мкв гурван өрөө орон сууцыг 1.8 тэрбумаар үнэлэн тавьсан. Тэд зээлээ төлөхгүй явсаар Б.Жавхлан УИХ-ын гишүүн болж, Капитал банк ч дампуурсан байна. 2019 онд Б.Жавхлангийн зээл хүүтэйгээ нийлээд 2.5 тэрбумд хүрсэн бөгөөд иргэн н.Чинзориг нь энэ хугацаанд сураггүй болж, хууль хяналтынхан эрэн сурвалжилсны эцэст БНСУ-д гэр бүлийн хамтаар гарсан байсныг илрүүлсэн. Улмаар иргэн н.Чинзориг зээлийг өөрөө аваагүй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Жавхлан түүний төрсөн дүү Б.Амгалан нар авч ашигласан гэж мэдүүлснийг хэрэг болгон тусгаарлалгүй өдий хүрч буй нь сонин.

Түүнчлэн Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр Сангийн сайд Б.Жавхлангийн сурч байсан АНУ-ын Индианагийн их сургуулийн төгсөгч гэдгийг орхигдуулж болохгүй. Тиймээс Б.Батбаярыг Хөгжлийн банкны захирлаар томилуулсан хүн нь Б.Жавхлан гэлцдэг жиг жугийг онцгойлон судлах хэрэгтэй юм. Учир нь найдваргүй зээлдэгчээр нэрлэгдсэн 30 компанийн зээл түүнийг захирлаар ажиллах үед гарсан байдаг.

Тэгээд ч Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Ч.Мөнхбаяр нь Б.Жавхлантай их сургуулийн нэг ангийн найз гэгддэг бөгөөд эдгээр сэжим нь Хөгжлийн банкны найдваргүй зээлүүд санаатайгаар, зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдэгдсэн онц их хэмжээний мөнгөн дүнтэй гэмт хэрэг юм биш байгаа гэх хардлагыг дагуулж буйг нуух юун.

Байгууллагын зээл, санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Уянгыг ч Б.Жавхлангийн ойрын хүн гэлцдэг. Тэгэхээр эдгээр гүйцэтгэгчээрээ дамжуулан банкны шаардлага шалгуурыг хангахгүй компаниудад зээл олгуулж, Хөгжлийн банкны дампуурлын суурийг тавьсан хэмээн буруутгагдсаар байна. Тиймээс Сангийн сайд Б.Жавхлан энэ Засгийн газарт ажиллах, тэр дундаа Сангийн яамыг удирдан ажиллах хүн үнэхээр мөн үү гэх асуулт эрхгүй гарч байгаа байгаа юм.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан М.Баярмагнай нь УИХ-ын дарга Г.Занданшатарын тавиул гэгддэг.

Хойноос ирээд хот, хотонд ороод хонь МИНИЙХ

У.Хүрэлсүх намын генсэк байх үеэсээ улс төрд дэмжиж, бойжуулж ирсэн хайртай дүү, хамтран зүтгэгчдийнх нь тоонд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Жавхлан, Ц.Бат-Энх нар зүй ёсоор багтана.

Хэдийгээр Ерөнхийлөгч, Сангийн сайд нарыг төрлийн хэлхээтэй гэдэг ч өдгөө Б.Жавхлан, Л.Оюун-Эрдэнэ нарын харилцаа илүү гүнзгийрч У.Хүрэлсүхийг хэдхэн жилийн дараа Ерөнхийлөгчийн суудлаас улстөрийн карьертайгаа арчигдана хэмээн ил далд ярьж, хэтэвчээ нэгтгэх болсон гэдгийг намынхан нь ярьж байна. Үүнийг нь Засгийн газрын тулах хоёр багана минь хэмээн Б.Жавхлан, Х.Нямбаатар нарыг тойглон суудаг Л.Оюун-Эрдэнийн тоглолт баталж байгаа юм.

Хууль зүйн талаас үеэл Х.Нямбаатар түшиж, эдийн засгийн суурийг нь Б.Жавхлан хариуцаж явахад хэсэгтээ л үл ганхана гэж үздэг аж. Ямартаа Сангийн яам зөвхөн татвар авах, тэрийгээ хуваарилах кассын үүрэг гүйцэтгэдэг болчихлоо хэмээн эдийн засагчид бухимдаж байхав.

Тэдэн дээр УИХ-ын дарга Г.Занданшатар ашиг сонирхлоор нэгдэн орж ирдэг биз.

ХААН банкны лого хийснээрээ бахархдаг Г.Занданшатар тухайн үеийн Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, Зээл мөнгөний бодлогын газрын захирал гэхчлэн ажиллаж байгаад 1999 онд Монголбанкинд Сургалтын төвийн захирлаар томилогдсон байдгийг мартаж болохгүй. Тэр ондоо түүнийг дампуурлын ирмэгт тулсан Хөдөө аж ахуйн банкин дахь Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байсан бол Б.Жавхланг шинэ нэрт ХААН банкинд бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байсныг тохиолдол гэвэл дэндүү гэнэн ойлголт болох биз.

Тэрчлэн Монголбанкинд Б.Жавхлантай гар нийлэн ажилладаг байсан Б.Лхагвасүрэн төв банкны ерөнхийлөгч болсон нь ч санамсаргүй томилгоо биш юм.

Ямартаа ч энэ бүгдийн ард Б.Жавхланг хэдийд ч хэнээс ч нүүр буруулж чадах эрх ашгийн хорхойтон хэмээн намын нөхөд нь тодорхойлж байна. Тэрбээр тун удахгүй санхүүгийн асар том эрх чөлөөнд хүрэх тул хэзээ мөдгүй хүч нь сулрах У.Хүрэлсүхэд бус, өөрт нь ажиллаж, өөрт нь ойр байхыг бүлэг фракцуудад анхааруулдаг болсон гэж байгаа юм. Богино хугацаанд өргөн цараатай тоглодог болсон хэмээн бахархах түүний нэг амжилт нь  Д.Амарбаясгаланг намын гал тогооноос цэвэрхэн холдуулж буй арга техник гэнэ. Яг энэ технологиор Ерөнхийлөгчийн нам доторх нөлөөг сулруулна хэмээн Сангийн сайд ам гарсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ямартай ч барын зулзагыг бага дээр нь хэмээгээд судалгаатай, суурьтай нүүдэг болсон Д.Амарбаясгалангаас холдох тоглолт нам дотор хэдийнэ идэвхжээд ирсэн нь үнэн юм…

Үргэлжлэл бий…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »