Зүүний хүчний холбоог Б.Жавхлан тэргүүлэх цагт Л.Оюун-Эрдэнийн танхим нурна

МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо (НАМЭХ) -ны хурлыг цаг агаарын нөхцөл байдлын улмаас гэх шалтгаар хойшлууллаа. Зам даваа хаагдаагүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсоогүй байхад хэдийнэ товлож, хугацаа заачихсан байсан хурлыг хойшлуулна гэдэг МАН-ын эмэгтэйчүүдийн холбоог хэн удирдах тал дээр тохиролцоонд хүрээгүй гэсэн үг. 

НАМЭХ-ны ерөнхийлөгчид Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар өрсөлдөж байгаа. Тэдний хажуугаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг нар горьдлого тээн гүйх ч хол явахгүй биз.  

Тайваньд сургууль дүүргэж, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяаг хэлбэр талдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түлхүүрдэж харагдах ч үнэн хэрэгтээ тэр Н.Багабандийн “сойж” буй эмэгтэй. Петровис ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын даргаас НАМЗХ-ны дэд тэргүүн, МАН-ын Нарийн бичгийн дарга, Сангийн дэд сайд, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга гэхчлэн өгсөх шат бүрт нь экс Ерөнхийлөгч хамт яваа. Н.Багабандиас гадна Д.Амарбаясгалан ч түүний захыг мушгин тэнд ч, энд ч гаран эвээ шавааг нь хийж байгаа.

2020 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулахад нь тухайн үед генсэкээр ажиллаж байсан Д.Амарбаясгалан ихээхэн идэвх чармайлттай анхааран зүтгэснийг бүгд мэдэх биз. Тэгэх шалтгаан нь юу байсан юм бол… Эрэлхийлээд үзье.

Х.Булгантуяагийн Хөрөнгө орлогын мэдүүлэгт ганц компани бий нь “Гарден-Артс”. Энэ компанийн 50 хувийг эзэмшигч гэдгээ Сангийн дэд сайд байх үеэсээ мэдүүлж ирсэн нэгэн. Гадаад худалдааны чиглэлээр ажилладаг эл компанийн захирлаар Э.Хасар гэж нөхөр бий.

Э.Хасарын нэр дээр “Састэйнэйбл энвайронментал консалтинг”, “Тусгаар тогтнолын түүчээ”, “Дриймгэйм жорней”, “Хятад, Тайваньд төгсөгч, суралцагчдын холбоо”, “Их баруун хөшигт”, “Тогтвортой ногоон хөгжлийн судалгааны хүрээлэн”, “Энержи воркс”, “Эн И Ти”, “Эс И Си” зэрэг компани болон төрийн бус байгууллагууд бүртгэлтэй байгаа.

Бүгд Х.Булгантуяагийн “Гарден артс” ХХК-ийн Улаанбаатар, Хан-Уул, 1-р хороо, 19 хороолол, 5 тоот хаяг дээр давхар бүртгэлтэй байдгийг энд цухас шигтгэчихэд илүүдэхгүй л мэдээлэл.

Э.Хасар 2002 онд Колорадогийн Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд “Туушин” ХХК болон “М Си Эс” группт менежер, албаны даргаар ажиллаж байж.

Түүний нэр дээрх бүртгэлтэй “Эс И Си” ХХК нь 2018 оны гуравдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тус бүр нь 100 сая төгрөгийн санхүүжилттэй “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ-Биологийн олон янз байдлын судалгаа”-ны хоёр ч тендэрт ялсан байдаг.

Э.Хасарын нэр дээрх олон хуулийн этгээдийн цөөнгүйд нь Б.Эрдэнэжаргал гэж нэр бий. Д.Амарбаясгалангийн хүрээлэлд багтах сэтгүүлч нөхөдтэй тун ойр Б.Эрдэнэжаргалын нэр дээр 20 гаруй хуулийн этгээд бүртгэлтэй байдгийн дийлэнх нь Д.Амарбаясгалангийн угшилтай байх аж. Тухайлбал, “Тодмедиа” ХХК нь МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын “Мкаст” компанитай шууд холбоотой байгаа юм.

Ц.Чулуунзагдын эзэмшдэг “Мкаст” ХХК нь “Хийморь медиа” ХХК-ийг дангаараа, “Зиндаа медиа” ХХК-ийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй хамтран эзэмшиж байсан. Тэрчлэн Ц.Чулуунзагд, Б.Оюунгэрэл нар “Онлайн Пи Ар Эйжинси” ТББ-ийг хамтран эзэмшиж байсныг бүгд мэдэх биз.

Ийм учир холбоосын шалтгаанаар Х.Булгантуяагийн ард Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар ажиллаж эмэгтэйчүүдийн холбоог авахаар шийдвэртэй хөдөлж байгаа ч энэ нь намын дарга тэргүүтэнд таалагдахгүй болсон гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна. Арга ч үгүй биз… Улстөрийн тавцанд томоохон тоглогч болон чадавхжиж байгаа Д.Амарбаясгаланг яаж хичээн байж намын гал тогооноос холдууллаа даа. Гэтэл эмэгтэйчүүдийн байгууллагыг түүний хүнд атгуулчихвал өнөөдрийг хүртэл хийсэн бүхэн юу болж хувирах билээ. Тэгээд ч Х.Булгантуяа мэдлэг боловсролтой, муухан эрээс дээр улстөрч болж буй тул тун удахгүй МАН-ыг яагаад эмэгтэй хүн удирдаж, Засгийг яагаад бүсгүйчүүд тэргүүлж болохгүй гэж хэмээн зэгзийгээд гараад ирж мэдэх л дүр. Яг ийм айдас ихэнх бүлэг фракц, тэр дундаа намын эмэгтэйчүүдийн дунд бий болчихсон нь үнэн.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Соёлын сайд Ч.Номинг зүтгүүлж, ахаараа найруулгыг нь хийлгэн А.Амундрагаар сэвүүлж байгаа. Гэвч МАН-ын хүүхнүүддээ нөлөө багатай Ч.Номин өнөө хэр гишүүдээ хайрцаглаж дийлээгүй явна. Тиймээс түүнд зориулж хурлыг хойшлуулав бололтой.

Намын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн гэдэг намын дарга, генсэк хоёртой шууд харилцдаг, санаанд нь таарамгүй шийдвэрт хориг тавьж, шантааж хийж чадах албан тушаал учраас эхнээсээ чих зөөлөн хүн тавихгүй бол намын даргын толгойг цусдаж мэдэх байгууллага.

2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30-аас доошгүй  хувь болгох шаардлагыг НАМЭХ-ноос тавьж, хүлээж авахгүй бол улс төрийн акц өрнүүлнэ хэмээн дэлчигнүүлж байгаад санасандаа хүрчихсэн л газар. Үүнээс жилийн дараа буюу 2021 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцорч, дараагийн хүн тодроогүй байхад НАМЭХ хүйсийн тэгш эрхийг хангасан Засгийн газар байгуулахыг шаардан мэдээлэл хийж байв.

Уг нь жендэрийн эрх талаас үг хэл, үйл хөдлөл бүрийг нь дэмжиж тэтгэмээр байгууллага мөн боловч үнэн хэрэгтээ хамгийн их хор найруулалт, хутган үймүүлэлт явагдаж байдаг газар хэмээн намын нь эрчүүд халширчихсан байдгийг дурьдахад илүүдэхгүй биз.

Тиймээс үе үеийн намын дарга нар НАМЭХ-ны удирдлагад өөрийн хүнээ нэн тэргүүнд зүтгүүлж, хайрцаглан томилуулсаар ирсэн нь нууц биш.

Ирэх сарын 6-нд намын Бага хурал болно.

Намын гал тогоог Я.Содбаатарт өгөх нь нэгэнт тодорхой болчихсон. Намын дарга нарын зүгээс гишүүдээ хайрцаглаад битүүмжилчихсэн байгаа. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын марафон Төрийн ордонд хэдийнэ өрнөөд одоогоор хамгийн өндөр магадлалтай хүнээр Б.Мөнхжин нэрлэгдэж байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад Гадаад харилцааны дэд сайд болж байсан нэгэн.

Гэвч сайд Б.Батцэцэгтэйгээ хамтарч ажиллаж чадаагүй шалтгаанаар дэд сайдын албанаас чөлөөлөгдөөд байсан юм.

Б.Мөнхжин 2020 оноос эхлэн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэхээ больсон Жьюнь Бьюти ХХК нь Чингис хаан интернэшнл группээс гадна Д.Амарбаясгалангийн цүнх баригч гэгдэх Б.Эрдэнэжаргалын “Залуумаркетер клуб”-тэй холбогддог.

Тиймээс Д.Амарбаясгалангийн залуучуудын нэг байж мэдэх эл шалтгаан нь түүний ахиц дэвшилтэд саад болж магадгүй л юм. Учир нь нам даяар Д.Амарбаясгалангийн эрх мэдлийг хазаарлаж, аль хүртэл тоглож болох болохгүйн хэмжээг мэдрүүлэх кампанит ажил өрнөчихсөн ид дундаа явж буй тул түүний гэгдэх залуус төдийлөн дэмжигдэх нь юу л бол…

Я.Содбаатар ажлаа аваад багаа бүрдүүлнэ.

Тэрбээр юун түрүүнд Ц.Чулуунзагд болон түүний далбаан дор дэвж явсан хэвлэлийн албадыг ажлаа цэгцлэн өрөөгөө цэвэрлэж байхыг дамжуулсан гэж байгаа. Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хүний хувьд энэ нь зүй ёсны хэрэг биз. Харин үүн дээр нэмээд намын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгалангийн шувуухайнуудаас нэгийг ч авч үлдэж болохгүй хэмээн хатуу анхааруулж, намын гал тогооны өнцөг булан бүрт ажиллаж байсан хэнийг ч намтар түүх үлдээлгүй нарийн шалга гэсэн гэлцэж байна.

Ийнхүү нэг хэсэг Монголын хамгийн баян, хамгийн их эрх мэдэлтэй хүн болсон гэгдэж байсан Д.Амарбаясгалан намынхаа томоохон бүлэг фракциудын шүүрэн шанаганд шүүгдэн сэгсрэгдэж буй нь энэ бололтой. Тэр хэний шанаганд тээглэж, хэнтэй хамт үлдэх бол…

Эрх баригчид сонгууль дараалан ялалт байгуулан олонх болж байгаа хэдий ч Засгийн газар нь тогтворгүй ажилладаг хэвээр.

Л.Оюун-Эрдэнийн байр суурь бүр ч эмзэг байгаа. Тэр Д.Амарбаясгаланг баг командтай нь намын гал тогооноос “зайлуулж” өгөөд буух биз. Түүний найдаж түшиж явсан зөвлөхүүд болох Э.Долгион Сингапур руу “зугтаж”, Э.Болормаа нь Засаг дарга нэрээр Ховдыг самарч, А.Амундра нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан үеийнхээ асуудлаар шалгагдаад эхэлсэн зэргээр олон олон таагүй мэдээлэлтэй байх болсон. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн засаглалын цаг дуусч буйг сануулсан өгүүлэмжүүд биз. Түүнийг буух цагт унахгүй юм шиг эрдэж, сөхрөхгүй юм шиг сөрж, эдийн засгийн уналт болоод гадна дотны хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүй эрсдлийг ч тооцоололгүй тогтоож явсан “онцгой дэглэм”-үүд, бизнес эрхлэгчдээ хайр найргүй хомроглон хориулж явсан бүгд нь гэм зэм болж ирнэ байх.

Сөрөг хүчинг С.Баярцогт толгойлохоор ирж байгаа нь ч түүний эсрэг тавьж буй РИО ТИНТО-гийн зэв биз.

Засгийн газар унахад Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүнээрээ үлдэж Д.Амарбаясгалан гудамжинд гарна гэж буй ч Ерөнхий сайдын хувьд дээр дурьдагдсан асуудлуудаар, Д.Амарбаясгалангийн хувьд нүүрстэй холбоотой асуудлуудаар чих амар байхгүй л болов уу.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ одоогийн байр сууриа хадгалахын тулд нам дотроо дайн зарлаж, НАМЭХ, НАМЗХ-ны удирдлагуудыг гартаа оруулахаар оройтсон ч гэлээ хөдөлмөөр аядаж байна. Харамсалтай нь түүний дэргэд Х.Нямбаатараас өөр хэн ч алга.

Сангийн сайд Б.Жавхланг өнөө хэр өөрийн хүн мэт итгэж, бөөцийлж байсан ч тэр андуу бодож. Б.Жавхлан аль хэдийнэ түүний дэргэдээс явах бэлтгэлээ базааж, Зүүний хүчний холбооны тэргүүн болохоор хүлээж байна.

Банк, санхүүгийн салбарт ноёрхлоо тогтоон аж үйлдвэржилт, бүтээн байгуулалтуудыг ТӨР нэрийн дор буулган авч Зүүний хүчний холбоо руу “чирч” яваа Б.Жавхлан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Л.Оюун-Эрдэнийн дэргэд тавьсан нүд чих, хамаг том хөзөр нь байсан гэдгийг тэр тооцоололгүй ирж…

Одоо тэрбээр НАМЭХ-ны хурлыг мянгантаа хойшлуулаад ч тусыг эс олно.

Онц чухал объектуудад дэглэм тогтоож, гадна дотны хөрөнгө оруулагчдыг огцом үргээж байсан тэр цагаас л түүний цаг давхар тоологдож ирснийг тэр анзаарсангүй.

Түүний гар Д.Амарбаясгаланг л намын гал тогооноос холдуулахад хэрэг болох төдий хямдхан байж…

Гэхдээ залуусын нь гараар залуусыг “хэрчүүлдэг” энэ танил технологийн ард хэн нэгэн заавал байдаг. Магадгүй эрх баригч намд эргэн ирж буй М.Энхболд, сөрөг хүчинд ирж буй С.Баярцогт нарыг угтахад бэлтгэсэн улаан хивсний “ёслол” ч юм билүү, хэн мэдлээ.

Орчуулах »