Эрх мэдлийн төлөөх тэмцэл эрх баригчдыг эвдрэлцүүлж байна

Гурван тэрбумын хөрөнгө оруулалт босгосон “Монгол 98” бизнес форум өнгөрсөн жил болж байв. Ерөнхий боловсролын сургуулиа 1998 онд дүүргэсэн 21 аймгийн залуус нэгдэж “Монгол 98” нэгдлийг үүсгэн байгуулсан бөгөөд гишүүддээ зориулсан анхны том зорилготой, өргөн агуулгатай арга хэмжээ зохион байгуулсан гэгдэж байсан ч үнэн хэрэгтээ МАН-ын 2024 оны сонгуулийн шоу эхэлж байсан нь тэр байж.

Өнгөрөгч сард “Монгол 98” наадмыг Увс, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Эрдэнэт хотын залуус зохион байгуулсан.

Хүй 7 худагт болсон эл арга хэмжээнд 21 аймгийн 1998 оны төгсөгчид оролцон бөх барилдуулж, орой нь шоу арга хэмжээ зохион сүрийг үзүүлэв. Арга хэмжээ жилийн турш үргэлжилнэ, наадам бол зөвхөн эхлэл гэж байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарын хэн хэн нь 1980 оных буюу 1998 оны төгсөгчид.

“Монгол 98”-тай зэрэгцэн их, дээд сургуулийн ойнууд ар араасаа зохион байгуулагдаж, тэр бүрт Д.Амарбаясгалан хандив өгөх, үг хэлэх байдлаар оролцож эхэлсэн нь тохиолдол гэж харахад хэтэрхий гэнэн санагдахаар байгаа юм. Тэрчлэн УИХ-аар малчид, тариаланчдын нийгмийн даатгалыг төрөөс буюу бусад иргэдийн төлсөн татвараас төлөх талаар хэлэлцэж байгаа нь МАН-ын сонгуулийн ажиллагаа албан бусаар эхэлчихсэн шиг харагдаж буй нь үнэн.

Үүний цаана хэнийг жагсаалтаар, хэнийг тойрог руу илгээх үү гэдэг дээр эрх баригч намын бүлэг фракциуд хараахан зөвшилцөлд хүрч чадаагүй хэвээр байна.

Намын тамгаа атгасан ч бүрэн эрх мэдэлд хүрээгүйн улмаас Л.Оюун-Эрдэнэ нүүрс, Хөгжлийн банк, сангуудын хэргүүдийг барьцаа болгосон гэгдэж байгаа. Тэр утгаараа нүүрсний гэх хэргийг шалгах түр хороог татан буулгаж, шинэ ажлын хэсэг байгуулан даргаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилсон явдлыг үүнтэй холбон тайлбарлах хэсэг бүлэг бий.

Бүрэлдэхүүнд нь Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Г.Ганболд, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг багтаасан нь даарин дээр давс нэмэх гээч болсон. Ядаж байхад УИХ дахь АН-ын бүлгээс хүн багтаагүй нь эл хардлагыг лавшруулаа биз. С.Ганбаатарыг АН-ын төлөөлөл гэж тайлбарлаж мэдэх ч тэрбээр сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх хэмжээний нөхөр мөн эсэх эргэлзээтэй.

МАН-ын данстай бүхэн нүүрсний гэх хэрэгтэй ямар нэгэн сэжмээр холбогддог.

Тиймээс эвгүй ганц дуугарах, илтэд хазгай гишгэхэд дээрх ажлын хэсгийн поп гишүүдийн дэгээнд өлгөгдөөд дашийн шог болох биз.

МАН-аас сонгуульд нэр дэвшигчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй хороо шийдвэрлэхээр хуульчилж байгаа явдал ч анхаарал татаж байгаа.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн “Нэр дэвших эрхийг намын төв байгууллага шийднэ. Асуудлыг анхан шатнаас эхлээд хороо шийдээд төлөөллийн гүйцэтгэх байгууллагадаа санал болгох эцсийн шийдвэрийг гаргана” гэсэн тайлбараас үзвэл 9 хүний бүрэлдэхүүнтэй хороо нэр дэвшигчид мандат олгох эсэхийг шийдвэрлэх нь тодорхой гэсэн үг юм.

Харин энэ 9 нөхөрт Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хэн нь илүүтэй нөлөөлөхийг ирэх өдрүүд харуулах биз.

МАН-д Л.Оюун-Эрдэнийн, эс бөгөөс Д.Амарбаясгалангийн гэх хоёр том бүлэглэл оршиж өнгөц харахад эв нэгдэлтэй, босоо удирдлагатай мэт харагдавч ачир дээрээ хумсаа нуусан муур шиг чимээгүйхэн нүүж байгаа. Сү.Батболд тэргүүтэй фракц дээр М.Энхболд нар нэмэгдэн Д.Амарбаясгалангийн хөлөг дээр эгнэчихсэн байгаа нь ирэх сонгуулийн дараах Засгийн газар түүнийх гэдэгт итгэлтэй буйн хэрэг биз.

Тийм ч учраас дараагийн Ерөнхий сайдаар Д.Амарбаясгаланг нэрлэсэн яриа намын гадна талд хэдийнэ яригдаад эхэлчихэж.

Тэд энэ ажиллагаандаа Ерөнхийлөгчийг татан оролцуулах бэлтгэл ажлыг эхэлчихсэн төдийгүй У.Хүрэлсүхийг номхтгохын тулд Газрын тосны үйлдвэрийг Д.Амарбаясгалан биечлэн очиж шалгасан гэлцэж байна. Төрийн тэргүүний найз Д.Алтанцэцэг Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирлаар ажилладгийг хэн хүнгүй мэдэх биз. Ийм атал даргыг солих асуудал хөндөгдөж, ажил урагшлахгүй байгаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан бухимдалтай хандсан нь тэдний харилцаа төдийлөн тааламжгүй байгааг харуулсан хэрэг хэмээн намынхан нь дүгнэж байна.

Энэ бүхэнтэй зэрэгцэн генсэкийн гэгдэх хүмүүс Алтай таванбогдод уулзалдсан нь санамсаргүй ч хэрэг биш биз.

Сүүлийн үед УИХ дахь намын бүлгийн хэмжээнд Л.Оюун-Эрдэнийн санал санаачилга дэмжлэг авахаа больсныг мөн л генсэктэй холбон тайлбарлаж байгаа. Тухайлбал, Боловсролын ерөнхий хууль дахь Англи хэлтэй холбоотой заалттай хэлэлцүүлгийн үеэр Засгийн газраас боловсруулж оруулсан хуулийн төслийг байнгын хорооны дарга, гишүүдээс гадна салбар хариуцсан сайд нь хүртэл эсэргүүцээд унагачихсан.

Үүнээс болж Л.Энх-Амгалан, Х.Нямбаатар нар талцан муудалцаж, С.Чинзориг, Ж.Сүхбаатар нар танхимынхаа эсрэг санал өгсөн нь Засгийн газар хэдийнэ эвдрэлцэж, генсэк нь Ерөнхий сайдынхаа араас чулуу нүүлгэх болсон гэх шуумыг дэгдээгээд байгаа.

Цүнхний гэгдэх жижиг намууд ч хөдөлгөөнд орсон нь ил.

Эрх баригч намаас УИХ-д суудалгүй жижиг намуудыг тойглож, үнийг нь хөөрөгдөж эхэлсэн гэх бөгөөд үүнийг мөн л Д.Амарбаясгалангийн танил болсон тоглолт гэлцэж байгаа юм. Тэрбайтугай УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Ардын чуулган” намыг үүсгэн байгуулж, комедиан, хөтлөгч Д.Амартүвшин “Монголын Либертари нам”-ыг тунхаглаж буй явдлыг ч тохиолдол гэж үзэхгүй байна.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Ногоон намыг удирдаж сонгуульд оролцохоор болсон нь Д.Амарбаясгалантай тохиролцсон сценари бөгөөд дэмжигч, тулах цэг нь Н.Номтойбаярын худ Сү.Батболд болон түүний фракцийнхан гэж байгаа.

Сүүлийн хэд хэдэн сонгуулиар МАН гадна талд гэхээсээ илүүтэй дотооддоо өрсөлдөж, таалагдахгүй нэгнээ замаасаа зайлуулсаар ирсэн нь үнэн.

Л.Оюун-Эрдэнийн хувьд шинэ хүмүүсийг гаргаж ирэх сонирхолтой байгаа.

Тиймдээ ч элдэв асуудалд нэр холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэдгээ ил цагаан хэлж түмэн дайсан бий болгочихоод яваа нэгэн. Тэрчлэн ирэх сонгуулийн квотод Х.Баттулгын хүрээллийг багтаахаар хэлэлцсэн нь Д.Амарбаясгалангийн ар дахь Сү.Батболд тэргүүтэнд таалагдаагүйгээр үл барам талцлыг бий болгочихоод буй юм байх. Тиймдээ ч ойрын хугацаанд сахал Д.Эрдэнэбилэг болон Х.Баттулга нартай холбоотой хэргийг шуурхайлахыг хуулийн байгууллагынханд Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар үүрэгдсэн гэлцэж байна.

Д.Амарбаясгалан “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийг тухайн үеийн төрийн өмчийн хороо, ҮХАА-н сайд Х.Баттулга нар 24 цагийн дотор “Бейзмент”-д хувьчилсан хэмээн буруутгаж буй юм. Тэрбээр “Тухайн үед гадны 10 аж ахуйн нэгжид хувьчилж авах санал тавьсан гэх хэдий ч нэг хоногийн дотор ийм том үйлдвэрийг авах төслийг нэг ч компани шууд боловсруулж чадахгүй. Үүнийг мэдсээр байж зориуд хийсэн. Ингэж хувьчилсны цаад санаа нь Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийн дансаар дамжуулан Хөгжлийн банк, арилжааны банкуудын мөнгийг угаах ажил байсан” гэсэн нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарт өгсөн “хэм хэмжээний” сануулга байж.

МАН-ынхан ийнхүү бужигнаж, жижиг намууд хөдөлгөөнд орсон бол АН Л.Гантөмөрийг авч хаях эсэх “хувьсгалын” тохироогоо хүлээж байна.

С.Одонтуяа тэргүүтэй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд “Нэг Монгол” хөдөлгөөн байгуулснаа зарласан. Фракц үүсгэх зорилгогүй гэх тайлбартай ч С.Одонтуяаг дөвийлгөх, тодруулж харуулах тактикийг эрс эрчимжүүлснийг олон нийт харж байгаа. Тэрчлэн уг хөдөлгөөний ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарыг идэвхийлэн ажиллаж байна гэлцэж буй юм.

2018 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний арга хэмжээнд оролцож байсан удаатай. Тухайн үед Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д залуучуудыг цуглуулж, спорт урлагийн өдөрлөг зохион байгуулан 1000 найзтай болох анхны алхмыг эхлүүлж байсныг уншигчид санаж буй биз.

Үүнээс хэдхэн сарын дараа Н.Алтанхуяг “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлаж, УИХ тарахыг шаардаж байв.

АН дахь эл шинэ хөдөлгөөнөөс гадна Л.Гантөмөрийг авч хаях сонирхол Х.Баттулгад бий.

Тохиролцооны дагуу томилгоонууд хийгдээгүй, Ц.Элбэгдоржийн үгнээс гардаггүй гэх шүүмжлэлийг түүний зүгээс хэдэнтээ хийгээд байгаагаас гадна Лу.Гантөмөрийн дэргэд хан Хэнтий шиг налайн суусан Б.Хурцыг улстөрд хүч түрэн орж ирэхээс хэн хүнгүй айж буй нь үнэн юм.

Үргэлжлэл бий…

Орчуулах »