Ганцхан сая хүнтэй хотын цахим үйлчилгээ Монголбанкны чансааг сорьж байна

-Томоохон дэлгүүрүүд Монголбанкны турьгүй системээс болж ажилтан, алба хаагчид, цаашлаад иргэдийг тахалд өртөх эрсдэл үүсгэн, бэлэн мөнгөөр үйлчилж байна-

Коронавирусын тархалтыг бууруулахаар мөрдөж байгаа хатуу хөл хорионы дэглэм Нийслэлийн Засаг даргын эргэж буцсан шийдвэрээс болж хаа сайгүй алдагдаж байгаа. Муу дээр муу, муухай дээрээ улцан гэгчээр хатуу хөл хорионы дэглэм үйлчилж буй өдрүүдэд Монголбанкны төлбөр, тооцооны нэгдсэн сүлжээ унаж, өчигдөр УИХ-ын гишүүн Сү.Батболдын эзэмшлийн Е-март дэлгүүрт оочер, дараалал эмх замбараагүй байдал үүсэв.

Дэлгүүрийн зарлан мэдээлэх хоолойгоор “Монголбанкны тооцооны нэгдсэн систем тасарлаа. Ганцхан ХААН банкны карт уншина, бусад банк карт уншихгүй, бэлэн мөнгөөр үйлчлүүл” гэсэн зар явсан нь үйлчлүүлж яваа хүмүүсийг сандаргаж, бүгд АТМ рүү гүйлдэж, худалдан авахаар зэхсэн бараагаа бичүүлэх гэж хөл толгойгоо алдсан замбараагүйтэл үүсгэжээ.

Ковидын үед иргэдийн мөрдөж байгаа хатуу дүрмийн нэг нь бэлэн мөнгөөр худалдан авалт хийхгүй байх явдал. Хамгийн хэнэггүй, хамгийн тоомжиргүй, хувийн зохион байгуулалт муутай, хариуцлагагүй нь түрүүлээд өртчих магадлалтай аюулт тахал. Гэтэл Е-март дэлгүүрийнхэн Монголбанкны сүлжээ унасан шалтгаар Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын дүрэм журмыг умартан, зөвхөн ашиг харснаас шуурхай зохион байгуулалт руу шилжиж чадалгүй үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсгэж, бэлэн мөнгөөр тооцоо хийн өөрсдийн ажилтан алба хаагчдыг төдийгүй иргэдийг ч эрсдэлтэй нөхцөлд оруулав. Урт, урт дарааллын ард хэдэн цаг зогсоон байж худалдан авагчдаа гаргаж, яг л хашаатай хонь хурга шиг юм болгож.

Үүний өмнөх өдөр Зайсангийн Оргил худалдааны төвд мөн асуудал үүсч худалдан авагчдын хөлд дарагдаж, АТМ-үүд зогсоо зайгүй ажиллаж эхэлсэн байх юм. Аль ч дэлгүүрийн удирдлагууд энэ эмх замбараагүйтлийг Монголбанкны сүлжээ доголдсонтой холбон тайлбарлаж байна.

Хоёр өдөр дараалан бий болсон, цаашид ч учирсаар байж мэдэх эл хариуцлагагүй асуудлаа Монголбанк албан ёсоор тайлбарласангүй. Монголбанкны төлбөр, тооцооны нэгдсэн системээр банк хоорондын гүйлгээ, цахим шилжүүлэг, худалдан авалтын автомат теллер төхөөрөмж, картын гээд бүхий л төрлийн гүйлгээ хийгддэг. 2009 онд Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд эхэлсэн цахим төлбөр, тооцооны системд өнгөрсөн хугацаанд бараг доголдол гарч байгаагүй гэхэд хилсдэхгүй. Учир нь өнөөдрийн цаг үе шиг бүх иргэн цахим үйлчилгээ авч байгаагүй юм.

Өрөвдөлтэй нь, Монголбанкны хариулт “Ачаалал огцом ихэссэн” гэх хөгийн хямдхан байна байх. Улс даяараа цахимд шилжинэ хэмээн айван тайван цагт попроод байсан Засгийн газар ч энэ өдрүүдэд таг. Ганцхан сая хүн амтай хотоо гацаж, тасалддаггүй сүлжээтэй болгочихож чадахгүй байж дахин цахим, смарт хэмээн ший жүжиг тавьж, үр дүнгүй мөнгө урсгахаасаа ичих хэрэгтэйг нөхцөл байдал харуулж байна.

Орчуулах »