Соёлын үр тарив уу, сонгуулийн далд сурталчилгаа эхлүүлчихэв үү?!

Соёлын сайд Ч.Номин Говь-Алтай аймгийн 18 сумын ерөнхий боловсролын сургуульд Старлинк төхөөрөмж гардуулж тус аймгийн ойд “өнгө нэмэв”. Нэг бүр нь 550 ам.долларын өртөгтэй төхөөрөмжийг гэр бүлийн зүгээс өгч байгаа гэх хэдий ч өнөөхийг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тараах нь ихэд сүртэй. Тэрбээр хагас жилийн хураамжийн төлбөрийг ч төлсөн гэдгээ зарлана билээ. Сарын хураамж нь 99 ам.доллар гэхээр нэг суманд 594 ам.доллар нэмж зарцуулж.

БРАВО…

Старлинкийг сургууль бүрт өгч буй ч сумаараа хангалттай ашиглах боломжтой нь сайхан юм.

Монгол Улсын газар зүйн онцлог, газар нутгийн хэмжээнээс шалтгаалан алслагдсан аймаг, сум бүрийг өндөр хурдны интернэтэд холбох боломж хомс нь үнэн. Хөгжлийн төлөө, зөв зүйлийн төлөө төсвийн хөрөнгийг зарлагадаж чаддаггүй эрх баригчдын хувьд зардал өндөр гэх шалтаг шалтгааныг байнга хэлсээр ирсэн. Тэр утгаараа аймаг, сум байтугай алслагдсан дүүрэг, хороод ч интернэтэд холбогдоогүй нь бий. Энэ өнцгөөс нь харвал Соёлын сайд Ч.Номингийн гэр бүлд талархаад баршгүй.

Харин бүхэл бүтэн Соёлын сайд хүн байж яагаад зөвхөн Говь-Алтайд гэж харвал утга учиргүй, давуулж хардвал ирэх сонгуулийн далд сурталчилгаа юу гэж хардмаар… 18 төхөөрөмжийг 18 аймагт байг гэхэд 100 жилээ тэмдэглэж буй хэдэн аймагт бэлэглэсэн бол түүнийг жинхэнэ соёлын бодлого гэж харахаар ГОЁ байх байсан биз.

Шилэн кабель татаж түмэн зардал ундраадаг үе ард хоцрох цаг удахгүй.

Старлинкийн хувьд сансрын интернэт. Хиймэл дагуулаар дамжуулан дэлхийн аль ч өнцгөөс ямар ч гацалт, саадгүйгээр видео дуудлага, стриймин хийж, онлайн тоглох боломжтой. Тэгэхээр Монгол Улсын хаана ч төхөөрөмжийг байрлуулах боломжтой гэсэн үг.

Ганц сул тал нь цаг агаар гэдэг.

Хүчтэй салхи, аадар, цасан шуургатай үед холболт тасарч, эсвэл удааширч болзошгүйгээс өөр асуудал үгүй. Ч.Номин Хэнтий аймгийн 100 жилд намын даргаа дагаад оролцож яваа харагдсан. Тэрбээр тус аймгийн 5 суманд сансрын интернэт бэлэглэчихсэн бол намын дарга нүгэлгүй ихээр баярлах л байсан биз. Харамсалтай нь тэр бүх Старлинкээ үүрээд Хэрэг эрхлэхийн даргаа дагаад “ниссэн” нь Л.Оюун-Эрдэнийн хувьд бага зэргийн гомдол дагуулж үлдсэн л байх….

Ч.Номин Соёлын сайдын тамгаа гардсаны дараах анхны томилолтоо Говь-Алтайн Бигэр сумаас эхлүүлж байсныг уншигчид санаж буй биз. Тус сум сайдын аав Л.Чинбатын төрсөн нутаг. Морьтой иргэдийг машинаар хөөн, өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа Л.Чинбат 1962 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд мэндэлсэн байдаг. Харин Ч.Номин Улаанбаатар хотод төрсөн.

Тэрбээр сүүлийн үед аавынхаа нутаг руу ихээхэн гүйдэлтэй болж, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Говь-Алтай аймгийн түүхийг өгүүлсэн  дөрвөн боть” номын нээлтэд хүртэл оролцож яваа нь яах аргагүй УИХ-ын ээлжит сонгуульд бэлдсэн усалгаа шиг харагдаж буй нь үнэн.

2020 оны сонгуулиар МАН-аас тус аймагт Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар нэр дэвшин ялалт байгуулсан. Д.Амарбаясгалан тойргоо Ш.Раднаасэдэд алдсандаа илтэд өсөрхөн генсэкийн эрх мэдлээ ашиглан намын Хяналтын хороогоор Ш.Раднаасэдийг нэр дэвшүүлэхгүй, улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг хүртэл гаргуулж байсныг олон нийт мартаагүй байх.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Раднаасэдийг дэргэдээ авчирч, парламентын босго давуулсан хүн нь М.Энхболд. Д.Амарбаясгалан эцсийн мөчид Ш.Раднаасэдэд үргэлж буулт хийдэг нь Авлигатай тэмцэх газарт хадгалагдах “хавтаст хэрэг”-тэй холбоотой гэлцэх жиг жуг нэгээр тогтохгүй бий.

Ямартай ч орон нутгийн сонгуулиар нэг намын хоёр нөхөр хоорондоо өрсөлдөн жөтөөрхөлцсөний дундаас аймагт нь АН ялалт байгуулж засаглах болсон нь үнэн.

Харин энэ удаад тэрбээр Соёлын сайд Ч.Номингийн хамтаар аймагтаа дэвшихээр зэхэж эхэлсэн юм байх. Хэдийгээр Д.Амарбаясгаланг намын нэрийн жагсаалтад эрэмбэлэгдэнэ гэгдэж буй ч олон жил усалгаа хийн, хурдан морь хүртэл тарааж явсны ашгаа үзэж, зардлаа Гацууртын Л.Чинбат буюу Ч.Номин сайдын ааваар даалгах болсон гэх яриа намын дотоодод нь эрчтэй яригдаж байна.

Тэрчлэн төрийн бус байгууллагаараа дамжуулан найз нөхөд, хамтрагчдаа аймагтаа байршуулан “хөл”-өө бүрэн бэхэлсэн тул намын нэрийн жагсаалтаас итгэл дүүрэн татгалзаж байгаа  ч гэлцэж буй юм.

Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрөлх нутаг Хэнтий аймгийн тэгш ой нь монгол түмний хараал зүхэл дагуулан өндөрлөсөн бол Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Соёлын сайд Ч.Номин нар соёлын үр цацлан боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийн наадлаа.

Гэхдээ Соёлын сайдын эл үйлдлийг ирэх сонгуулийн далд сурталчилгаа гэж үзвэл өрсөлдөгчдөд нь хангалттай л нотлох баримт болон үлдэв бололтой.

Орчуулах »