Хотын намын хороо юу, Хорих анги уу гэдэг хэрчээсэнд орчихсон юм биш байгаа?!

Намрын отгон чуулганы нээлтийн өдөр Засгийн газраас шүд сугарч, хот эзэнгүй боллоо. Чуулган иймэрхүү өнгө, асуудалтай эхэлж мэдэхээр байгааг бид өмнөх нийтлэлдээ өгүүлж байсан.

Энэ онд багтаан нийтийн тээврийг 100 хувь шинэчилнэ хэмээн мэдэгдэж байсан хотын дарга өөрөө шинэчлэгдэхээр “явчихлаа”.

Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар яамгүй тул хүлээж, хүлээлцээд байх зүйлгүй, сугавчлаад гарах олбог ч үгүй л нөхөр.

Харин Д.Сумъяабазарын тухайд дараалсан онуудад 420 тэрбум төгрөгийг зөвхөн түгжрэлд төсөвлөн авснаас эхлээд асуудал үүснэ. Үе үеийн хотын удирдлагуудаас хамгийн хөрөнгөлөг, хамгийн эрх мэдэлтэй нь тэр байсан тул тэр хэрээрээ “асуугдах” биз. Түүнийг түгжрэлээс гарах асуудлыг шийдэхэд зориулсан 420 тэрбумын тайлангаа тавихад л багтай юутайгаа унана гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тэрбайтугай, хотын намын хороог сонгуульд удирдаж орох биш хорих, саатуулах ангийн үүдийг хэсэгтээ элээх бий вий гэх гашуун мессэж шидэж буйг энд нуух юун.

Мань эр ХҮН-ын “бай” өөрийгөө байсан гэдгийг мэдэлгүй ногоон автобусыг төв талбайд байрлуулан олон нийтэд үзүүлэх үүргийг өгсөн гэж байгаа. Ингэхдээ тендэр хариуцагч, төсвийн захиран зарцуулагч нь Ж.Сүхбаатар учраас түүнийг л унана гэж тооцож.

Харамсалтай нь эл тоглолтод Ж.Сүхбаатар “оролцож”, улстөрийн хариуцлага хүлээсэн мэт жүжээд Д.Сумъяабазарыг чирээд буусан байж мэдэх магадлал хамгийн өндөр байгаа.

Учир нь ногоон автобусны тендэр зохион байгуулагч буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван өнөө хэр цагдан хоригдоогүй нь эл магадлал, хардлагын эхлэлийг тавьж байна. Ж.Сүхбаатар сайдын сонгуулийн менежер байсан төдийгүй багш шавийн барилдлагатай гэгддэг энэ эрхэм яагаад сул үлдээд, тээр дорх албан тушаалтнууд болох Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал болон мэргэжилтэн Ш.Баярсүх нар хоригдчихов гэдэг яалт ч үгүй эргэлзээ дагуулж байгаа юм.

Тэгэхээр Д.Сумъяабазарын тухайд энэ өнцгийг олж хараагүйтэйгээ ижил ХҮН бол МАН-ын “хэвлэлийн алба” хэмээн АН-аас удаа дараа анхааруулж байсан анхааруулгыг тогтож тооцолгүй яарав бололтой.

Т.Доржханд нь Дэд бүтцийн дэд сайд агсан У.Уламбаярын хүргэн.

ХҮН, тэр дундаа Т.Доржхандын тойрсон хүрээлэл төрийн болоод улстөрийн албан тушаалаас хоцрохоо болиод удсан гэх шүүмжлэл нийтийн дунд байсаар байгаа.

Түүний Удирдах зөвлөлийн даргаар нь бүртгэлтэй Доржханд хөгжлийн сан болон Шинэ үе залуусын санаачлага төрийн бус байгууллагын хамтран эзэмшигч Ч.Баттөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн хараат бус гишүүн, эхнэр У.Сийлэнгийн Монре даатгалын гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэлтэй П.Эрдэнэбаатар Үндэсний давхар даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг нь ингэж хэлүүлэх шалтаг, шалтгаан болдог биз.

Тэрчлэн Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Дэд бүтцийн дэд сайд агсан У.Уламбаяр тэргүүтэй нөхөд анх үүсгэн байгуулж байсан нь ч нэмэгдэл “панчаан” болж өгдөг байх. Нэгэн үе дөрөө харшуулж явсан У.Хүрэлсүх, У.Уламбаяр нарын үүсгэн байгуулалцсан уг холбоо УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг гаргаж ирсэн гэдгийг улстөр сонирхогчид тийм амархан мартчихгүй.

Алим өнхөрлөө ч модноосоо холдохгүй гэдэг…

Тэгэхээр ногоон автобусны дуулианыг ХҮН-аас дэлгэсэн явдлыг шүгэл үлээгдсэн гэж харахаас илүү МАН дотроос Т.Доржхандын гараар шидүүлсэн чулуу гэж олонх харж буй явдлыг буруутгах аргагүй юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлыг завсарлуулан байж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазарыг өрөөндөө дуудаж, уулзсан. Гурван цаг орчим үргэлжилсэн уулзалтын дараа Д.Сумъяабазар өргөдлөө өгөхөөр гарч ирсэн нь эрх баригч намын гишүүдийг байтугай энэ хотод амьдарч буй хэн хүнийг ангайлгасан явдал болсон нь үнэн.

Гэхдээ Д.Сумъяабазарыг есдүгээр сарын сүүл гэхэд ажлаа өгөхийг Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хэд хэдэн удаа шаардаж, шахсан гэх мэдээллийг бид өмнө өгч байсан.

Хуулийн дагуу хотын даргыг чөлөөлөх, эсэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал.

Харин дараагийн даргыг 15 хоногийн дотор НИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлэх ёстой. Хотын дараагийн дарга хэн болох таамаглалтай зэрэгцэн нийслэлчүүд НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг ч хариуцлага хүлээ хэмээн шаардаад эхэлсэн. Улаанбаатар хотын төсвийг хянаж байх учиртай НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хариуцлагаас мултрах нь шударга бус хэмээх олны бухимдлыг буруутгах ч аргагүй юм.

Одоо харин хотын шинэ удирдлагаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар яригдаж байна. Байж болох л хувилбар. УИХ-ын ээлжит сонгууль болоход маш бага хугацаа үлдсэнтэй адил хотын даргаар томилогдох нөхөрт хийж бүтээх зай зав гарахгүй нь үнэн. Тиймээс юм хийнэ гэж хоосон сэлэм эргүүлэхийн оронд хотын өмнөх удирдлагуудын буруу, булхайг ухаж илчлэх нь энэ намд том оноо авчрах биз.

Тэгээд ч хотын намын хороог Д.Сумъяабазараас салгахаар томоохон бүлэг фракциуд хэдийнэ хөдөлж, “Хорих анги уу, Хотын намын хороо юу” гэх тулгалтыг хийгээд эхэлсэн дуулдаж байна… Үнэхээр ийм хэрчээсэнд мань эр орсон бол өнөө мөдгүй намын хороон даргын суудлаа ч өгөх биз. Улстөр гэдэг хатуу, тааварлашгүй тоглоом ч, шоглоом ч…

Тэр “2020 оны сонгуульд Д.Амарбаясгалангүйгээр бид ялсан юм” хэмээн шазуур зуусан нь эртэдсэн ч байж мэдэх юм. Амнаас унасан үгийг буцааж болдоггүй гэдэг дээ.

Үргэлжлэл бий…

Орчуулах »