“Спутник V” вакциныг НҮБ-д танилцууллаа

2020-12-04
1 min read

Орос улсын үйлдвэрлэж байгаа “Спутник V” вакциныг НҮБ-д танилцуулах тусгай хуралдаан арванхоёрдугаар сарын 2-ны өдөр боллоо. Энэхүү вакциныг 50 гаруй улс худалдан авах хүсэлтээ ирүүлжээ. Дээрх хүсэлтүүдийг хянан үзсэний эцэст 40 оронд нийлүүлэхээр болсон хэмээн Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан (РФПИ)-гийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгджээ.

Тэрбээр, “40 улсын хүсэлтийг бид дэмжин, тухайн улс орны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ шийдвэр, хамтын ажиллагаа нь улс төрийн өнгө аясгүй байх нь маш чухал юм” гэжээ.

ОХУ-ын ЭМЯ өнгөрсөн наймдугаар сард Оросын Гамалей төвийн эрдэмтдийн хийсэн COVID-19-ийн эсрэг вакциныг албан ёсоор бүртгэн авч үйлдвэрлэл эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн. “Спутник V” хэмээн нэрлэсэн энэ вакцин нь хүний биед сөрөг нөлөөгүй аденовирусийн векторт суурилан хийгдсэн вакцин юм.

Орос улс вакцинаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Европын зарим улсад үйлдвэрлэх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа юм. “Бид үйлдвэрлэлээ өргөтгөхөөр зэхэж байна. Ирэх 2021 оны гуравдугаар сар гэхэд гадаад орон дахь үйлдвэрлэлээ оруулаад сардаа 30 сая тун “Спутник V” вакцин үйлдвэрлэх боломжтой хэмээн Кирилл Дмитриев хэллээ.

Орчуулах »