Сайд нар чинь хариуцлага алдсаныг 9 голомтот халдвар хэлээд байна, Ерөнхий сайдаа!!!

“Энхсаран” сувиллаас гадна 8 голомт бүртгэгдсэн нь халдварыг аль эрт дотооддоо алдсан байсан гэх далд нотолгоо, баримт биш үү…Үгэн дотор үг явдаг гэдэг шиг үйлдэл дотор баримт, фактууд харагдаад байна.  

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо 887 болов. Үүнээс дотоодын халдварын тоо 504 бөгөөд 9 голомтоос халдварлан тархсан гэх тайлбартай.

Эхний голомт “Энхсаран” сувилал. Халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас халдварыг дотооддоо алдсан хэмээн 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн байгууллага шалгаж байгаа. Халдвар хамгааллын дэглэм алдагдсан эл хэрэгт УОК-ийн дарга Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ч холбогдох учиртай. Удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа Шадар сайд Я.Содбаатарын хувьд халдварыг дотооддоо алдсан ялыг хамгийн түрүүнд үүрэх учиртай албан тушаалтан мөн юм.

Дэлхий дахинаа тархсан коронавирусийн халдварыг Монгол Улс дотооддоо алдалгүй 10 сар барьж чадсан. Үүнд тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин, шуурхай арга хэмжээ авах саналыг оруулж, шийдвэрлүүлж байсан Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл нарын гавьяа их. Харамсалтай нь дараалсан сонгууль, ялангуяа орон нутгийн сонгуулийн замбараагүйтлээс дээд, доод шатандаа хяналт суларч, халдвар хамгааллын дэглэм алдагдсан нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэчихээд байгаа юм биш үү.

Шадар сайд Я.Содбаатар гэхэд ажлаа авмагц халдвар хамгаалалд анхаарал хандуулахаас илүүтэй Эрдэнэт үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллах болж, анхаарлаа өөр тийш хандуулсны гор гэхэд хилсдэхгүй. Сайдын эрх мэдэлд бялуурч Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар баярын хундага тулган “найрлаж” байх зуур төрийн алба назгайрч, хяналт суларсан байх нь.

Жолооч Д-г дотоодод халдвар тараасан эхний иргэн гэх ойлголтыг нийгэмд өгч, зарласан 2020.11.10-наас өмнө халдварыг дотооддоо алдчихсан байсан юм биш үү гэх асуулт, хардлагатайгаа хоршин сошиал орчинд хүчтэй тархаж байгааг эрх баригчид эрхбиш үзэж байгаа байлгүй.

Хоёр ч шатны сонгуулийн ард бид гарсаан. Цар тахлын үед олноороо бөөгнөрч болохгүй гэх сэрэмжлүүлэг өдөр бүр явж байсан ч нэр дэвшигч нөхдийн сонгогчидтойгоо хийх уулзалт тасраагүй.

Өнгөрснөөс хамгийн анхаарал татахуйц нь шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн 11 сард карантилна гэх ам дамжсан яриа. Тиймдээ ч төлбөртэй сургуулиас хүүхдээ олон эцэг, эх шилжүүлсэн. Тэр байтугай хувийн хэвшлээс төрийн байгууллагууд руу ажилд орохыг эрмэлзсэн нөхдийн цуваа ч царцааны нүүдэл шиг болчихсон байв. Чухамдаа мэдээлэлд ойр хэсэгт хэдийнэ ямар нэг дохио очсон байж хэмээн хардмаар. Өндөр настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх үед эрх баригчдын эргэн тойрныхон хэдэн арван саяар нь зээл авчихсан байсантай яг адилхан.

Үнэхээр ч 11 сарын дундуур хөл хорио тавигдаж, төрийн албан хаагчдаас бусад нь цалингүй, орлогогүй үлдлээ. 

Жолоочийн халдвар авсан голомт нь тодорхой юм. Харин түүнтэй зэрэгцээд бараг маргааш нь л Сэлэнгэ аймагт халдвар бүртгэгдсэн. Жолоочтой болон “Энхсаран” сувилалтай огтын хамааралгүй. Цоо шинэ, хаанаас эхтэй нь үл мэдэгдэх өөр голомт хэмээн Эрүүл мэндийн яамнаас бүртгэв.

Тухайн үед Алтанбулагийн хилээр иргэдийг хуваарийн дагуу оруулж байсан бөгөөд халдвар хамгааллыг сайтар мөрдүүлж, шууд тусгаарлаж байгаа талаар онцолж байсан өдрүүд. ТИР машины жолооч нарыг ч бууж, суухыг нь хориглож байсан гэх өндөр хариуцлагат үе. Тийн атал Сэлэнгэ аймагт халдварын 2 дахь голомт бүртгэгдсэн нь анхаарал татаж байгаа юм. Тэгээд тэр нь жолооч Д-тэй зэрэгцэн Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолтыг үзсэн үзэгчдийг хайн, ард иргэдээрээ хэсэгтээ шоконд орж, болж буй үйл явдалд дүгнэлт хийх чадвар суларсан үед бүртгэгдсэн нь эргээд харахад хамгийн их эргэлзээг төрүүлж байгаа.

Ямартаа Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан “Алтанбулагийн боомтоор халдвар алдах магадлал өндөр байна. Монгол орны цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор салхи хойноосоо салхилж байгаа учраас бидэнд бодох, тооцох, сэргийлэх ажил их байна” хэмээж байсан. Өөрөөр хэлбэл, салхиар дамжин халдвар орж ирнэ хэмээн зөгнөсөн болж таарч байгаа юм. Үнэхээр ч голомтын эх уурхайг өнөөг хүртэл тогтоогоогүй гэхээр Ж.Амгалан хурандаа цагдаагаас төрсөн “ванга” билээ.

Гурав дахь голомт нь ХӨСҮТ-ийн ажилчид. Халдвар хамгааллын дэглэмийг ягштал мөрдөж, камераар хянаж байсан гэх тайлбартай ч мөн л жолооч Д-тэй зэрэгцэн эмнэлэг доторх халдвар хамгаалал алдагдаж, эмч, эмнэлгийн ажилчид өвчилж эхлэв.

Удалгүй Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт бүртгэгдлээ. Төмөр зам даган голомтлон тархсан буюу төмөр замынхны баяраас үүдэлтэй гэх бас нэг голомт. Бүх голомт жолооч Д-тэй зэрэгцэн борооны дараахь мөөг шиг босч ирсээр байгаа нь сонирхолтой. Халдвар гарсан аймгуудад нэн даруй хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт нийтээрээ шилжсэн атал халдварын голомт тэндээс ч, эндээс ч нэмэгдсээр 9 болсон.  

Санан, мартан хэлсэн хавьтлуудыг тусгаарласан гэж байгаа ч өдөр бүр гэнэтийн байдлаар худалдаа, үйлчилгээний газар, орон сууцыг гэнэт битүүмжилж, халдвар авсан иргэдийн тоо баримжаагүйгээр нэмэгдсээр. Чухамдаа халдварын тархалтын хүрээг хумиж чадахгүй байгаагийн илрэл энэ биз.

Айдас түгшүүр дархлааг сулруулна шүү хэмээн Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар хэлж дуусмагц хажуугийн орцыг битүүмжилж, орох, гарах хөдөлгөөнийг хаах нь яг л оньст тоглоом шиг. Маргааш нь юуны учраас, ямар шалтгаанаар хааснаа хэлэхгүй. Хаамаар санагдаад, шалгамаар санагдаад л гэнэ. Тэгэнгээ айл бүрт орж ам хамар ухангаа танай эндээс халдвар илэрсэн гэх албан бус мэдээ дуулгана. 

Үнэндээ Улсын хилээ хааж, гадаадад гацсан иргэдээ ч авалгүй үүдээ түгжиж, тооноо битүүлчихсэн байсан энэ өдрүүдэд дотоодод ийнхүү халдвар алдах эрх та нарт үгүй байсан юм шүү, Улсын онцгой комисс оо!!!

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон атлаа халдварын тохиолдол тэр дундаа өөр хоорондоо холбоогүй шинэ голомтууд нэмэгдсээр байгааг хэрхэн ойлгох вэ, Я.Содбаатар сайд аа!!!

Нам чинь, намын чинь томилгоот ЖДҮ-чид, эрхэм таны толгойлж буй Засгийн газар чинь энэ улсаа, элгээрээ хэвтсэн эдийн засгаа, утаа+тахал+урагшгүй удирдагчдын нэг хоногийн настай шийдвэрүүдийн туршилт болсон монгол түмнээ аюулын өмнө, эргэж гарахад бэрх ангалын өмнө авчирчихаад байна, Ерөнхий сайд аа!!!

Орчуулах »