Энэтхэгт 300 гаруй хүн үл мэдэгдэх өвчнөөр эмнэлэгт хэвтжээ

Энэтхэгийн зүүн өмнөд хэсэгт үл мэдэгдэх өвчний улмаас 300 гаруй хүн эмнэлэгт хэвтаж, үүнээс нэг хүн нас барсан хэргийг шалгаж байгаа гэж орон нутгийн албаны хүмүүс мэдээллээ. Андхра Прадеш мужийн Элуру хотод өвчтнүүдэд өнгөрсөн амралтын өдрүүдэд таталт өгөх, ухаан алдах, дотор муухайрах зэрэг олон шинж тэмдэг илэрсэн гэж Элуругийн Баруун Годаварийн Дүүргийн тандалтын офицер Долла Жоши Рой хэлэв.

Энэтхэг улс халдварын тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсаж буй Ковид19 цар тахлын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж байгаа. Андхра Прадеш бол хамгийн их өртсөн мужуудын нэг бөгөөд одоогоор 800,000 гаруй тохиолдол батлагдсан байна. Гэхдээ дээрх 300 гаруй өвчтөнд хийсэн Ковид19-ийн шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд одоогоор 180 орчим өвчтөн эмнэлгээс гарсан, бусдынх нь биеийн байдал “тогтвортой” байгаа гэнэ.

Нас барсан өвчтөнд бусадтай ижил төстэй шинж тэмдэг илэрч байсан бөгөөд энэ нь үхлийн аюултай боловч зүрх судастай холбоогүй байсан гэдгийг албаныхан хэлж байна. Андхра Прадеш мужийн Эрүүл мэндийн газраас гаргасан тэмдэглэлд цусны анхан шатны шинжилгээнд шумуулд хазуулснаас үүдсэн денге, чикунгуня зэрэг вирусын халдвар илрээгүй болохыг тэмдэглэжээ.

Харин бүх өвчтөн нийтлэг эх үүсвэрээс усаа авдаг болох нь тогтоогдсон тул эрх баригчид одоо Элуру дахь усны дээжийг туршиж байна. 57,863 өрхөөс дээж авч, шүүх шинжилгээний лабораторид хүргүүлээд байгаа гэнэ. “Шалтгаан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа ч бид хоол, сүүгээ турших зэрэг бүх төрлийн туршилтыг хийж байна” гэж Рой нэмж хэллээ.

Бүх Энэтхэгийн Анагаахын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн мэргэжилтнүүд болон мужаас гаралтай мэдрэлийн эмч нар цааш үргэлжлүүлэн мэдрэлийн хордлогын шинжилгээ хийхээр Элуру хотод хүрэлцэн ирээд үр дүнг нь хүлээж байгаа юм байна.

Эх сурвалж: edition.cnn.com

Орчуулах »