Их Британи ЕХ Умард Ирландын статусын талаар тохиролцоонд хүрчээ

2020-12-09
1 min read

Умард Ирландын статустай холбоотой асуудлаар Европын Холбоотой /ЕХ/ зарчмын тохиролцоонд хүрсэнтэй холбогдуулан Их Британи дотоодын зах зээлийн тухай хуулийн төслийн маргаантай байгаа заалтуудаас татгалзахаар боллоо гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Майкл Гоув мягмар гарагт мэдэгдэв.

Засгийн газраас парламентад өргөн барьсан дотоодын зах зээлийн тухай хуулийн төсөл нь энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусах “Brexit”-ийн дараах шилжилтийн үеийн дараа Их Британийн дөрвөн хэсгийн хоорондын худалдааг зохицуулах зорилготой байна. Хуулийн төслийн гол зорилго нь улс орны худалдааны орон зайн бүрэн бүтэн байдлыг хадгалах юм. Гэсэн хэдий ч зарим заалтыг нь 2019 онд Брюссельтэй байгуулсан “Brexit”-ийн тухай ерөнхий гэрээний хэсгүүдийг хуулийн үндсэн дээр шинэчлэн бичиж, олон улсын хууль тогтоомж зөрчсөн тул маргаан дагуулжээ. ЕХ Их Британийг шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн байна.

“ЕХ-ноос гарах гэрээний асуудлаарх Их Британи, ЕХ-ны хамтарсан комиссын хүрээнд бид бүх асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн гэдгээ мэдэгдэхэд таатай байна” гэж Гоув твиттер хуудсандаа бичжээ.  

“Амьтан, ургамлын гаралтай болон дайвар бүтээгдэхүүний гаалийн хяналт, шалгалтын цэг, экспортын мэдүүлэг, эм ханган нийлүүлэх, хөргөсөн мах болон бусад бүтээгдэхүүнийг супермаркетуудад нийлүүлэх зэрэг асуудлаар үндсэн зарчмын тохиролцоонд хүрсэн. Мөн Ирланд, Умард Ирландын талаарх протоколын заалтуудын дагуу төрийн тусламжийг хуваарилах тухай асуудал шийдэгдлээ” гэж талуудын хамтарсан мэдэгдэлд дурджээ.

“Харилцан хүлээн зөвшөөрсөн эдгээр шийдвэрийн дагуу Их Британи дотоодын зах зээлийн тухай хуулийн 44, 45, 47 дугаар заалтыг татан авах бөгөөд татварын төсөлд ийм зүйл заалт оруулахгүй” гэж мэдэгдэлд дурдсан байна.

“Brexit”-ийн тухай гэрээний чухал хэсэг болох Умард Ирландын протоколын дагуу Умард Ирланд нь Их Британийн гаалийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэвээр байх юм. Тиймээс Их Британи гуравдагч улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал Умард Ирландын барааг оруулна. Гэхдээ Умард Ирландад Бүгд Найрамдах Ирланд Улс руу бараагаа чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд ЕХ-ны зарим дүрмийг дагаж мөрдөх аж. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »