“Toyota Motor” компани устөрөгчийн хөдөлгүүрт “Mirai” автомашинаа худалдаанд гаргалаа

2020-12-09
1 min read

“Toyota Motor” компанийн устөрөгчийн хөдөлгүүрт “Mirai” автомашины шинэ загварын худалдаа Японд өнөөдөр эхэллээ.

Устөрөгчөөр ажиллах технологийн хоёр дахь үеийн “Mirai” автомашин нь өмнөх загвараас 3000 орчим ам.доллароор хямд буюу 68 мянган ам.долларын үнэтэй аж.

Хэдий өмнөх загвараас үнэ хямд гэлээ устөрөгчийн түлшний хөдөлгүүр ба цахилгаан моторыг хослуулсан илүү дэвшилтэт төхөөрөмж суурилуулсан байна. Ингэснээр нэг дүүргэлтээр туулах замын дээд хязгаар өмнөх загварынхаас 200 км-ээр нэмэгдэж, 850 км болсон байна.

2014 онд устөрөгчөөр ажилладаг дэлхийн анхны цуврал автомашин болсон өмнөх загвартайгаа харьцуулбал шинэ үеийн седаны гаднах загвар нь хос хөдөлгүүрт “Prius”-тэй төстэй биш харин “Crown” эсвэл “Lexus” зэрэг өндөр зэрэглэлийн автомашинуудын загвартай адил байна.

Эхний үеийн “Mirai” загвар үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш дэлхий даяар 10 мянга орчим зарагдсанаас 6000 гаруй нь АНУ-д 3500 нь Японд зарагджээ. Их хэмжээгээр зарагдаагүйн шалтгаан нь өндөр үнэтэй, устөрөгчийн шатахуун түгээх станцуудын сүлжээ хөгжөөгүйгээс гадна, цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээл эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой байна.

Орчуулах »