АНУ-ын сонгогчдын коллегийн санал хураалт болно

2020-12-14
1 min read

АНУ-ын сонгогчдын коллегийн гишүүдийн тус улсын Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт өнөөдөр нийслэлийн Колумбын тойрог болон бүх муж улсын засаг захиргааны төвд болно.

АНУ-ын муж улсууд, нийслэлийн эрх баригчид 11 дүгээр сарын 3-ны сонгуулийн дүнг хэдийнэ батлаад байгаа билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ж.Байден сонгогчдын коллегийн 306 төлөөлөгчийн дэмжлэгийг авсан. Сонгуульд ялахад 270 төлөөлөгчийн дэмжлэгийг авахад л хангалттай юм. Харин Бүгд Найрамдах намын нэр дэвшигч, Цагаан ордны одоогийн тэргүүн Д.Трамп ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хэд хэдэн муж улсын саналыг дахин тоолохыг шаардаж, шүүхэд хандсан. Цагаан ордны тэргүүний өмгөөлөгчдийн оролдлого амжилтад хүрээгүй бөгөөд бүгд найрамдахчуудын сонгуулийн дүнгийн талаарх нэхэмжлэлийг муж улсуудын шүүх, мөн Дээд шүүх хэрэгсэхгүй болгосон юм. Хамгийн сүүлийн мэдээллээс үзвэл, 81.2 сая гаруй сонгогч Байдены төлөө саналаа өгсөн бол Трамп 74.2 сая санал авчээ.

Америкийн сонгуулийн систем 1787 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй. Тухайн онд Үндсэн хуулийг баталсан бөгөөд 13 муж улстай байв. Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг хосоор нь муж улсуудын бүрдүүлсэн сонгогчдын төлөөлөгчдийн коллегиор сонгодог. Ингэхдээ сонгогчдын коллегийн санал дийлэнх иргэдийн саналаас зөрж болно. Өөрөөр хэлбэл, үнэн чанартаа шинэ Ерөнхийлөгчийг 538 хүн л сонгоно гэсэн үг.  

Муж улс бүрт сонгогчдын коллегийн гишүүдийн тоо харилцан адилгүй. Хамгийн цөөн хүн амтай Вайоминг муж улс гурван төлөөлөгчтэй байхад хамгийн олон хүнтэй Калифорни муж улс 55 хүнтэй байх жишээтэй. Үүнээс гадна нийслэлийн Колумбын тойргийн гурван төлөөлөгч багтдаг байна. Сонгогчдын төлөөлөгч бүр саналын хуудсыг бөглөж, гарын үсэг зурсны дараа битүүмжилж, санал хураалтын албан ёсны дүнг зарлах Сенатын танхимын дарга руу илгээнэ. Одоо Сенатын танхимын даргын үүргийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс гүйцэтгэж байгаа юм.

Пенс сонгогчдын коллегийн санал хураалтын дүн бүхий багц баримт бичгийг 12 дугаар сарын 23-ны дотор, өөрөөр хэлбэл санал хураалт явагдсанаас хойш 9 хоногийн дараа хүлээн авах ёстой. Нэгдүгээр сарын 6-нд Конгрессын хоёр танхимын хамтарсан хуралдаанаар сонгогчдын коллегийн санал хураалтын дүнг батлах юм.

Хэрэв хоёр танхимаас дор хаяж нэг гишүүн бичгээр аль нэг муж улсын санал хураалтыг батлахыг эсэргүүцвэл уг асуудлыг тусад нь авч хэлэлцэж санал хураахын тулд хамтарсан хуралдааныг түр зогсооно. 

Орчуулах »