АН: ШЕЗ-ийн гурван гишүүнийг УИХ сонгон шалгаруулдаг байж болохгүй

2020-12-15
1 min read

АН-ын бүлэг өчигдөр хуралдаж,  Төмөр замын тээврийн тухай болон Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тагнуулын байгууллагын тухай  хуулийн төслийг хэлэлцжээ.

Шүүхийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “ШЕЗ-ийн гурван гишүүнийг Хүний эрхийн комиссынхтой ижил томилгооны сонсгол хийж УИХ сонгон шалгаруулна гэж байна. Хүний эрхийн комисст бизнес, улс төрийн бүлэглэлээс хэн ч оролцохгүй. Харин ШЕЗ-д нэр дэвших нь бүлэглэлүүдийн лобби явна. Тэгэхээр энэ заалтыг эсэргүүцэж байна” гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, иргэдээс асууна, нээлттэй сонсгол хийнэ гэдэг сайхан үгээр далдалж, улс төрийн сонирхлоо ард түмнээр баталгаажуулдаг байдлыг шүүмжлэв.

Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөлд салбарын сайд Л.Халтар гишүүдэд мэдээлэл өгчээ. Гишүүдийн зүгээс, Монголын төмөр замын байгууллага  өдий хүртэл нүүрсээр халдаг, цагт 50 км хурдтай галт тэргээр үйлчилж байгаа нь салбарын хөгжил хаана яваагийн илрэл. Түүнчлэн зөвхөн зорчигч тээврийн үйлчилгээнээсээ жилд 32 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Энэ мэт эдийн засаг, хөгжлийн бугшсан асуудлаа  хуулийн өөрчлөлтөөр залруулж, монополийг задлах бодлого боловсруулах ёстой байв гэдгийг хэллээ.

Харин Тагнуулын байгууллага одоогийн хуулиар дарга, дэд даргатай байгаа. Хуулийн өөрчлөлтөөр  Тэргүүн дэд даргын албан тушаал нэмэхээр тусгасан. Мөн хамт хэлэлцэх  Зэвсэгт хүчний тухай хуулийн төслөөр  Хилийн тагнуулын алба, Цэргийн тагнуулын газрыг буцаан сэргээхээр төсөл боловсруулжээ. Одоогоор хил, зэвсэгт хүчний тагнуулын алба Тагнуулын ерөнхий газарт харьяалагдан ганцхан албан тушаалтан хариуцан ажиллаж байгаа. Мөн “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г Засгийн газрын тусгай сангаас салгахаар тусгажээ. Гишүүд, шилжилтийн улмаас ТЕГ-аас Зэвсэгт хүчинд шилжих ажилтнуудын цалин, ажиллах нөхцөл хэр өөрчлөгдөх, нэгдмэл үйл ажиллагаа нь яаж хангагдах, ажлын хийдэл, давхардал үүсэх  талаар лавлаад хэлэлцэх эсэхийг дэмжив.

Түүнчлэн АН-ын бүлгээс Ерөнхий сайдын шийдвэрээр айл өрхийн хэрэглээний зарим төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх асуудалтай холбоотой санал солилцжээ.  Бүлгийн дарга Д.Ганбат хуралдааны дараа “АН-ын бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс удаа дараа шаардаж байсан асуудлыг Засгийн газраас шийдлээ. Уг шийдлийг дэлхийн олон оронд авч хэрэгжүүлж байсан. Гэхдээ энэ нөхцөл боломжийг бий болгосон нь АН гэдгийг бүгд санаж байгаа байх. 2012-2016 онд АН Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас авч, 100 хувь Монгол Улсын мэдэлд авчирсны хүчинд Засгийн газраас иргэд, ААН-үүдийн цахилгаан, дулааныг тэглэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний салбар доголдох ёсгүй. Үүнд Засгийн газраас мөн анхаарах шаардлагатай” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Орчуулах »