БЗД-ийн эмнэлэг онцгой үед бэлэн бус байгаагаа харуулав

Баянзүрх дүүрэгт өчигдөр орой шинэ голомт бүртгэгдсэн байж болзошгүй. Баянзүрх дүүргийн эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд үзүүлэхээр очсон 18 настай эмэгтэйгээс ковид19-ын халдвар илэрч, улмаар PCR шинжилгээгээр баталгаажжээ. Эмэгтэй Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэн бөгөөд өмнө нь тус эмнэлэгт ковидоос өөр шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаад энэ сарын 11-ний өдөр гарсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. Энэ үедээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч байсан ч хариу нь сөрөг гарч байсан аж.

Одоогоор халдвар илэрсэн иргэний ойрын 27 хүнийг тусгаарласан, дүүргийн эмнэлгийн Дотрын тасаг, Сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлэгсэд болон ажилтан албан хаагч нарын 200 орчим хүнээс шинжилгээ авсан гэнэ.

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж 1 сар гаруй, мөн дэглэм бууруулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа ч Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг ямар ч бэлтгэлгүй, гэнэтийн үед бэлэн бус ажиллаж байсныг өчигдөр оройн нөхцөл байдал харууллаа.

Учир нь аль нэг тохиолдолтой хамааралгүй, тусгаарлалтад орж байгаагүй нийтийн дундаас эмнэлэгт үзүүлэхээр ирсэн иргэнээс ийнхүү халдвар бүртгэгдэхэд эмнэлэг даяар хөл хорионд орж, Яаралтай тусламжийн тасгийг ч битүүмжлэн гаднаас өөр бусад өвчтөнг хүлээн авалгүй үүдээ барив.

Зүй нь тус эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдлын горимоор ажиллаж байсан бол ганц халдвартай иргэн ирлээ хэмээн үймж бужигнах бус халдвар илэрсэн иргэнээ тусгаарлаж, тодорхой хэмжээний ариутгал халдваргүйтгэлээ хийчихээд яаралтайгаар ирж буй бусад иргэдээ хэвийнээр хүлээн авч, тусламж үйлчилгээг үзүүлж болох байлаа.

Харамсалтай нь эмнэлэг даяар үймж, бүх хаалгаа битүүмжлэн хэнийг ч ойртуулалгүй хөл хорьсон нь тус дүүргийн Онцгой байдлын алба, Эмнэлгийн хариуцлага, дотоод зохион байгуулалт ямар сул дорой, бэлэн бус байсныг харуулж байгаа хэрэг юм.

Image may contain: outdoor
Орчуулах »