Их Британид вакцины эхний тунг 140 мянга орчим хүн тариулжээ

2020-12-17
1 min read

Их Британи “Pfizer-BioNTech” компанийн вакциныг яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг хоёр долоо хоногийн өмнө олгож, энэ сарын 8-наас вакцинжуулалтыг эхлүүлсэн.

Вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлснээс хойш нэг долоо хоногийн хугацаанд 140 мянга орчим хүнд эхний тунг тариад байна хэмээн уг хөтөлбөрийг хариуцсан сайд Надхим Захави лхагва гарагт мэдээлжээ.

Тэрбээр, “Вакцинжуулалтын хөтөлбөр маш амжилттай эхэллээ. Тодруулбал, эхний долоон хоногт Англид 108 мянга, Уэльст 7897, Умард Ирландад 4000, Шотландад 18 мянган хүнд буюу нийт 137897 хүнд вакцины эхний тунг хийлээ” гэж Н.Захави “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.

Иргэд хоёр тун вакциныг 21 хоногийн зайтай хийлгэх тул эхний тунг тариулснаар халдвараар бүрэн хамгаалагдахгүй гэсэн үг.  Их Британи Цельсийн -70 хэмд хадгалах ёстой вакцинаас эхний хэсэг болох 800 мянган тунг хүлээн аваад байгаа юм. Уг вакциныг гэсгээсэн тохиолдолд таван хоног хөргөгчинд хадгалах боломжтой ажээ.

Их Британи “Pfizer”-ийн вакцинаас нийт 40 сая тунг захиалжээ. Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн мэдээлснээр, 2020 оны эцэс гэхэд олон сая тун вакцин хүлээн авах төлөвтэй байна.

Орчуулах »