Лидерийн хомсдолд орсон намууд ирэх сонгуулийн хөзрөө хольж эхэллээ

-Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой юу-

Энэ асуулт оны эхнээс хуульчдыг талцуулсаар ирлээ. Шинэ Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн байгаа. Энэ заалтаар одоогийн ерөнхийлөгч боломжгүй юм.

Гэхдээ түүний бүрэн эрхийн хугацаа хэрэгжих явцад дээрх хууль батлагдсан тул Х.Баттулгад хамаарахгүй хэмээн зарим нь тайлбарлаж байна. Эцэст нь энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц л шийдвэрлэхээс өөр гарцгүй.

П.Очирбат Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр 1990 онд сонгогдон ажиллаж байсан. Харин 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа дахин нэр дэвшиж сонгогдсон түүх бий. Мөн 1997 онд ч дахин нэр дэвшиж байсан тул Х.Баттулгад боломж олго гэх хэсэг ч бий.

Гэхдээ энэ бүгдээс чухал нь Э.Бат-Үүлийн хэлдгээр З.Энхболд хаяагаа хадарч, Х.Баттулгыг чадсан юм биш биз. Улсын баатар “З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой” нийтлэл бичиж, түүндээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  З.Энхболд “наймаа тохирсон” тул хуулийн төсөлд хориг тавихгүй. Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил байна гэх мэдээллийг жоготой жуумалзан хэлж байсныг ард түмэн харсан.

Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга яах бол. Үнэхээр 2021 онд дахин нэр дэвших сонирхолгүй бол Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлт хэрэгжихэд ямар ч гацаа гарахгүй. З.Энхболдын хэлсэнчлэн 2021 оноос бид зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай шинэ Ерөнхийлөгчтэй болоод явчихна. Харин Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улс төрийн байдал ээдрээтэй, эрсдэлтэй болно” гэсэн байгаа.

Олон ч зүйл дээр Төрийн тэргүүний нүүрийг түлж байсан З.Энхболдод энийг тооцоолох ухаан дутсан гэвэл худал. Довын цаадах толгодыг харсан л байж таарна.

Өнөөдөр АН-ын Х Их хурал болно. Энэ хурлаар АН албан ёсны даргатай болох ёстой. Зургаан сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд эв нэгдэлтэй орох учиртай  хэмээн сэмэрсэн намаа самарсан гишүүд нь илэрхийлж байгаа. Одоогоор АН Ерөнхийлөгчийн шууд удирдлага дор, гартаа атгасан утсан хүүхэлдэйнх нь заавар төдийхнөөр ажиллаж байгаа гэхэд болно. Тиймээс дарга тэр зүгээс тодорно гэх чиглэл бий нь бий. Одоогоор намын даргад 10 орчим хүн өрсөлдөхөө мэдэгдсэн. Хамгийн эхэнд өрсөлдөхөө мэдэгдсэн хүн бол Ц.Оюунгэрэл. Мөн УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Өвөрхангай аймгийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл, С.Одонтуяа, Ц.Туваан нарын нэр бий.

С.Одонтуяагийн хувьд магадлал хамгийн өндөр ч С.Эрдэнийн гэх тодотгол нь гай болно гэдгийг захын гишүүн хэлнэ. Гэсэн ч “Шонхор”-ынхон хэдийнэ хөдөлгөөнд орж ХҮН-тай хөтлөлцөн, Ц.Элбэгдоржтой уулзсан гэнэ. Эцэст нь С.Одонтуяагаа намын даргад зүтгүүлж үзэх бололтой. Тэрбайтугай Цэц асуудлыг хэрхэн шийдэхээс хамаарч Х.Баттулгын дараах хувилбараар С.Одонтуяа яригдсан гэх мэдээлэл ч бий. Юутай ч нойрмог, нозоорсон АН сэрмэр аядаж, нам доторх тохироо ойрын өдрүүдэд өрнөж байна. Х.Баттулгад боломж олдохгүй бол АН эмэгтэй нэр дэвшигчийг хөзрийн модоор гаргаж мэдэх бололтой. Одоогоор амь тариа болчихоор хэмжээний лидер энэ намд алга.

Харин МАН-аас У.Хүрэлсүхээс өөр хувилбаргүй мэт аяглаж байгаа. Тэр бүү хэл, Хүкийг Ерөнхийлөгч болмогц Ерөнхий сайдын суудлыг С.Амарсайхан залгамжилна гэх яриа ч Тусгаар тогтнолын ордонд хөвөрч байна. Мөн нам доторх өлсгөлөн фракциудаа он гараад хооллоно хэмээн тохироо хийж байгаа сурагтай. УИХ-ын даргаас эхлээд сайд нарыг ч шинэчилж, албан тушаалын хуваарилалт хийн, хуйн дахь хутганыхаа ишийг имэрч суугаа эсрэг фракциудынхаа амны цангааг түр зуурт дарах хуурмаг нооргоо гаргаж, эргэж буцан засварлаж байна.

Д.Сумъяабазарыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх тохироотойгоор хотын даргын суудалд суулгасан гэх хуурмаг өгөөш ч бий. Хотын даргын алба олны нүдэнд ил. Сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлснээр утаа өнгөрсөн жил 50 хувиар буурсан. Олон нийт хамгийн ихээр талархаж байсан тул дөрөөлнө гэсэн арга ядсан тооцоолол ч байв. Харамсалтай нь, коронавирусийн халдвар дотооддоо алдаж, эргэж буцсан олон шийдвэрийнх нь уршгаар аврал гуйсан иргэн хотын хаалган дээр амиа алдсан зэрэг хотын даргыг дэмжих биш зүхэх болсон тул генсэкийн арын халаасан дахь хувилбар руу шилжих болж Д.Сумъяабазар ч ихэд бухимдангуй яваа сурагтай. Гэхдээ гэр бүл, хувийн амьдралын асуудлаар хамгийн том сул талтай гэгддэг тэрбээр бусдад биш өөртөө л бухимдах нь хамгийн зөв зам л даа. Ийнхүү хүний нөөц, боловсон хүчин хангалттай хэмээн даахалздаг МАН ч лидерийн хомсдолд оржээ.

МАХН-ын Н.Энхбаярын хувьд бүр боломжгүй. Түүнийг хазаарласан заалтыг хэдийнэ Үндсэн хуульд шингээчихсэн. Аль нам өөрт нь албан тушаал, амгалан амьдрал амлана. Мань хүн тэр хэмжээнд л санал хуваах нэгнийг зэхэж суугаа. Түүний халаасны нэрс дотор УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дахин сойх хувилбар жин дарж байж болох юм.

Жич: Э.Бат-Үүлийн 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр бичиж байсан нийтлэлийг хавсаргав.

З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой!

БАТ-ҮҮЛ    2020.01.27    

Нээрээ, Ерөнхийлөгчтэй холбогдсон шинэ заалтыг 2025 оноос хэрэгжинэ гэсэн санал явж байсан шүү дээ! Гэтэл саналыг өөрчлөөд ирэх 5-р сарын 25-ны өдрийн 12 цагаас хэрэгжинэ гээд баталчихсан байна шүү дээ!


Сэтгүүлч Мөнгөнцэцэг “Төрийн мэдээ” хэмээх нэртэй, өөрийн мэдээний контентоор, Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд дахин нэрээ дэвшүүлэх эрхгүй болсон байж болзошгүй тухай мэдээлэн нийгмийн сүлжээгээр шуугиулж байна.

Мөнгөнцэцэг; Монгол Улсын Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлтөөр, “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэсэн хуучин заалт нь хасагдаад “…зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээх заалт оронд нь орж, тэгээд энэ заалт нь ирэх 5-р сарын 25-ны өдрийн 12 цагаас хэрэгжих болсон нь Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульддахин нэр дэвшүүлэх боломжгүй болгожээ хэмээн ярилаа.

Нээрээ, Ерөнхийлөгчтэй холбогдсон шинэ заалтыг 2025 оноос хэрэгжинэ гэсэн санал явж байсан шүү дээ! Гэтэл саналыг өөрчлөөд ирэх 5-р сарын 25-ны өдрийн 12 цагаас хэрэгжинэ гээд баталчихсан байна шүү дээ! 

“Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгоно” гэсэн заалт Үндсэн хуулиас хасагдсан учраас Х.Баттулга дахин нэр дэвшүүлж болохгүй. Мөн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар Үндсэн хуулиар тогтоосон атал Х.Баттулгад долоон жил ноогдчихно. Энэ нь бас Үндсэн хуультай зөрчилдөнө.

Тэгэхээр Х.Батулга Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр нэр дэвших эрхгүй болсон тухай Мөнгөнцэцэгийн шуугиулаад байгаа нь үндэстэй аж.

Тэр тусмаа Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд, Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт нь шинээр сонгогдох Ерөнхийлөгчид хамаарна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Магадгүй, Х.Баттулга, дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй хэмээн тамгын дарга З.Энхболддоо хэлсэн байх!? Тэгвэл ямар ч асуудал байхгүй л дээ. Харин Х.Баттулга дахин улиран сонгогдох хүсэлтэй байгаа бол, түүнийг З.Энхболд найгүй муухай араар нь тавьж,хулхидсан гэсэн хэрэг болно !!!

Миний бие нэг удаа З.Энхболдыг “төрийн тайган” хэмээн дуудаж алдаршуулахдаа физиологийн утгаар нь огт хэлээгүй. Түүний политикийг, “хаадын хаан” байсан Хятадын тайган нарын политиктой адилтган хэлсэн юм. Түүх мэддэг хүмүүс миний санааг зөв ойлгосон байна билээ.

Хятадын түүхэнд Жао Гао, Ван Жэнь зэрэг тайган нарын, гаргуун хорчин политикууд байсан юм. Тэд л ордны хор найрааг удирдан явуулж хаадын хувь заяаг шийдэж байв. Жишээ нь Цинь Ши Хуандийн тайган байсан Жао Гао гэгч нь тэргүүн сайдтайгаа хуйвалдан, үхсэн хааныхаа гэрээслэлийг замаас нь зувчуулан гуйвуулаад хууль ёсны хаан ширээ залгамжлагч хунтайж Фу Суг хулхидан, дүүг нь хаан ширээнд залсан байдаг.

Хэрэв зээ Х.Баттулга 2021 онд дахин нэр дэвших сонирхолтой байсан бол түүний Тамгын Газрын дарга З.Энхболд яг л төрийн тайган Жао Гао шиг аашилжээ гэдэг нь ойлгомжтой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа З.Энхболд; “наймаа тохирсон” тул уг хуулийн төсөлд хориг тавихгүй, шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил байна гэх зэрэг мэдээллийг жоготой жуумалзан хэлж байсныг ард түмэн харсан.

Одоо Ерөнхийлөгч яах бол? Үнэхээр л 2021 онд дахин нэр дэвших сонирхолгүй бол Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт хэрэгжихэд ямар ч гацаа гарахгүй.З.Энхболдын хэлсэнчлэн 2021 оноос бид зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай шинэ Ерөнхийлөгчтэй болоод л явчихна. 

Гэтэл Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улстөрийн байдал маш ээдрээтэй, эрсдэлтэй болно.

Жишээ нь Х.Баттулга муйхарлаж “Би шинэ Үндсэн хуулиийн дагуу зургаан жил Ерөнхийлөгчөөр ажиллана” гэвэл төрийн эрх мэдлийг сонгуулиар биш, хууль өөрчлөн булаан авсан хэрэг болох бөгөөд үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй тул Ерөнхийлөгчийн эрх мэдэл легитим болж чадахгүй.

Сонгууль сонгогчдын хувьд орлоготой бизнес болчихоод байгаа шүү! Сонгогчид сонгууль явуулахыг шаардана. 

Бас, Сонгуулийн Ерөнхий Хороо болон шүүхүүдийг өөрийн хүмүүсээр бүрдүүлэн, хуулийг өөртөө ашигтай тайлбарлан хүчээр нэр дэвших эрх олж авах гэж болзошгүй. Тэгвэл Элбэгдоржоос урагшлаад Очирбат гуай хүртэл бүх өмнөх Ерөнхийлөгч нарын дахин нэр дэвших эрхийг нээж өгөхөөс өөр аргагүй. Яагаад гэвэл, хууль ганцхан Баттулгад үйлчилнэ гэж байхгүй. Үүнийг улстөрийн намууд хүлээж авахгүй.

Үгүй бол бүр зориг шулуудан 2020-ны УИХ-ын сонгуулийн дараа үүсэх үймээн самууныг өөгшүүлж Ерөнхийлөгчийн засаглалыг нэг мөр тогтоон дарагуйлал руу огцом шилжиж мэднэ. 

Гэх мэтчилэн олон ээдрээтэй асуудал үүснэ. Ямар ч атугай З.Энхболд Ерөнхийлөгчөө 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа олонхи болох эрх баригчдын өмнө “тавган дээр тавиад өгчихсөн” нь л гарцаагүй. Шинэ эрх баригчдын амбиц Х.Баттулгын нэр дэвших эрхтэй эсэхийг шийднэ дээ.

З.Энхболд 2021 онд өөрөө дэвшинэ гэсэн алсын хараатай ч юм билүү?! З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой. 

Орчуулах »