Улаанбаатарт Польшийн Элчин сайдын яам нээгдэнэ

Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээх шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 8-нд гаргасныг тус улсын Сеймийн Дэд маршал, хатагтай М.Гошевска, Гадаад хэргийн дэд сайд М.Пшидач нар Элчин сайд Б.Доржтой тус тус уулзаж, албан ёсоор мэдэгджээ.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дорж Польшийн Засгийн газар ЭСЯ-аа Улаанбаатарт нээх шийдвэр гаргасанд баяр хүргээд энэхүү алхам нь хоёр талын харилцааг улам идэвхжүүлж, эдийн засгийн хамтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

БНПУ-ын Гадаад хэргийн сайдын дээрх шийдвэр 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсноор ЭСЯ нээх бэлтгэл ажил эхэлж, улмаар Улаанбаатар хотноо БНПУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэх юм байна.

Монгол Улс, БНПУ-ын хооронд 1950 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Польш Улс 1960 оноос Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээн ажиллуулж байгаад 2009 онд хаасан бөгөөд Бээжин дэх ЭСЯ нь манай улсад хавсран сууж байгаа юм.

Орчуулах »