Мутацид орсон коронавирус 2-3 сарын дараа бүх улсад тархах хурдтай

-Мөнххада компанийн ажилтнууд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна-

Он солигдох зааг дээр 17764 хүнд PCR шинжилгээ хийснээс таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Харин бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна.

Нийслэлд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан хоёр иргэн, ХӨСҮТ-ийн нэг сувилагч, мөн “Мөнххада” компанийн хоёр ажилтнаас тус тус илэрчээ. “Мөнххада” ХХК-ийн ажилтнуудын хувьд өмнө бүртгэгдсэн кластер халдваруудтай холбоогүй тул халдвар хаанаас авсныг тодорхойлох, маршрут тогтоох ажлууд хийгдэж байгаа аж.

Одоогоор хоёр ажилтны ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлаж, хоёрдогч хавьтлын 92 хүнд шинжилгээ хийгээд байна. Харин ХӨСҮТ-ийн халдвар илэрсэн дээрх сувилагч арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Тэнгэр плаза худалдааны төвөөр үйлчлүүлээд гарсан гэх албан бус мэдээлэл бий. Эрүүл мэндийн яамнаас сувилагчийн маршрутыг зарлаагүй ч “Ачлахуй” өрхийн эрүүл мэндийн төвөөс эл өдөр Тэнгэр плазагаар үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг уриалсан зарлал гаргажээ.

Ийнхүү Улаанбаатар хотод нийтдээ 740 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 24 цагт долоон хүн эмчлэгдэж гарлаа. Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1220 болж, үүнээс 68.6 хувь нь буюу 837 хүн эдгэрсэн байна.

Харин дэлхий дахинд сүүлийн 24 цагийн дүн мэдээтэйгээ нийлээд нийт 81.4 сая хүн халдвар авчээ. Гэхдээ эл дүнгээс илүүтэй Англи улсаас гаралтай мутацид орсон коронавирусын шинэ төрлийн хувилбар олон улсын санааг зовоож эхлэв.

Мутацид орсон шинэ төрлийн коронавирусын халдвар одоогийн вирусын халдвараас 1.4-1.8 дахин илүү хурдтайгаар тархдаг бөгөөд нийтдээ 30 гаруй улсад тархаад байна. Энэ хурдаараа 2-3 сарын дотор дэлхийн бүх улсад тархах эрсдэлтэй байгаа төдийгүй эл шинэ төрлийн коронавируст вакцин хэрхэн нөлөөлөх талаар дахин судлах хэрэгтэй гэнэ.

Түүнчлэн Лондонгийн Империал коллежиос коронавирусын шинэ хувилбараар 20-оос доош насны хүүхэд залуус илүүтэй өвчилж буйг мэдэгджээ.

Орчуулах »