Сү.Батболд+Ц.Оюунгэрэл=СКАЙТЕЛ

-УЛСТӨРИЙН ШИНЭ ҮҮРЭН ОПЕРАТОР-

Аав нь бүгдийн хаан

Ах нь дүүгийн хаан гэгчээр улс төрийн амьдрал хөшигний ард буцалж байна.

Монгол Улсад нэг нам дангаараа ноёрхоод удав. Хэдийгээр сөрөг хүчин бий ч сүр сүлдгүй, бараа сураггүй боллоо. Хоосон эрх мэдлийн төлөөх нус нулимстай зодоон АН-ын бүлэглэлүүд дотор өрнөж байна.

С.Эрдэнийн цүнхэн дэх тамганы төлөөх тэмцэл эрс ширүүслээ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, С.Одонтуяа нараас гадна Лу.Гантөмөр, “Фортуна” Н.Батбаяр нарт намын даргын суудал гоё харагдаж эхлэв. Хүчинтэй эсэх нь эргэлзээтэй тамга тэвэрчихсэн яваа Ц.Тувааны хувьд АН-ын даргын хэмжээний байр суурьгүй, чадамжгүй, гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөх болоогүй “памперстай” улстөрч гэдгээ хангалттай харууллаа. Эрх мэдэл, мөнгө санхүүгийн дэмжлэг байгаад ч дэвж, сэвж чадаагүй түүнд одоо хэн итгэж дагах билээ. Л.Болдын хатавчинд хэдий хүртэл хэнийг ирнэ гэж хүлээлтэйв. Тэр лидер биш аж.

УИХ-ын сонгуулийн өмнө охиноо намын дэд дарга болгож дөнгөсөн Н.Батбаярт хүртэл “өшигчүүлж” шахагдаж яваа эр шүү дээ. Охин нь намын дарга болоход хэтэрхий жулдах тул эрхэм фортуна өөрөө үзээд алдах сонирхолдоо хөтлөгдөөд хагас жил илүү болов. Даанч түүнд дэмжлэг гэж бараг үгүй юм. Дорвитойхон зүтгэвэл “дотор” суучих сайн эрсийн нэг тул Эдийн засгийн хөгжлийн сайд байх үеийн фактууддаа хүлэгдэн хагас хугас хямраастай. Гэхдээ л түүний дотор одоохондоо эмээл хазаартай морь бус, болбол энэ намын дарга, болдоггүйм гэхэд Сонгинохайрхан дүүргийн тойрог дээр гишүүн суучих хүсэл бий.

Харин Лу.Гантөмөр намын эмэгтэйчүүдийг бөөгнүүлж, намын эмэгтэй даргатай болох гээд байгаа ч юм шиг, эсвэл тэдний дэмжлэгээр өөрөө ч болчих гээд байгаам шиг бөөрөнхийлж явна. Өмнө нь намын даргын суудлын төлөө С.Эрдэнэтэй өрсөлдөөд ялагдал хүлээж байсан тэрбээр хэр хэмжээнийхээ багцааг бас мэднэ. Сүрхий бодож сэтгэх гэж эхлүүтээ үргэлж дутуу нүүж, ялагдлын туг өргөдөг мань эр сүүлийн үед нэлээд мөлийж, үржил шимгүй тариан талбай шиг болчихсон гэдгийг намын нөхөд нь хэлдэг. Тиймээс тэртээд нулимстай үлдсэн Х.Тэмүүжингийн нулимсыг арчаад “Нэг ардчилал”, МоАХ хоёрыг нийлүүлчих гээд урд хормойгоо өшигчиж явна. Энэ хоёр нөхрийг өөрсдөөр нь төсөөлбөл тугалын бэлчээрээс хэтрэхгүй л дээ. Тэгтэл хол явахгүй харагдаж байгаа юм. Харин “Green Hill villa”-гийн эзэн, уул уурхайн магнат н.Чинбатын нөмөрт хоргоддог гэх Х.Тэмүүжин, “Таванбогд”, ХААН банкны Ц.Баатарсайханы “тэжээвэр” гэгддэг Лу.Гантөмөр, АПУ-гийн дэмжлэгт Ц.Оюунгэрэл нар МоАХ буюу ЖЕНКО-той нэгдэх нь гэвэл үзүүштэй тоглогчид болж таарна. Ц.Оюунгэрэлийн “ном”-ын багш Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин, Х.Баттулга нарын цагтаа хэрхэн цавчилдаж байсныг эргэн санавал тэдний энэ удаагийн нэгдэл тийм амар төсөөлөгдөхгүй. Ёстой л улстөрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөрлөл байхгүй гэдэг талаас нь харахаас аргагүй болно.  

Тэгж харвал УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн мэдэгдэл гэнэтийн, санаандгүй зүйл байсангүй. Түүний мессэж удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд горилох хэн нэг кадрын туулж өнгөрүүлэх замын цас цэвэрлэгчээр зориуд бэлдсэн ший янгуу шиг харагдсан ч нөгөө талдаа намын тамга, цаашлаад орон гарсан тойргийн сонгуульд Лу.Гантөмөр үү, Ц.Оюунгэрэл үү гэдгийг туршиж үзсэн эздийн хүч сулхан хөзрийн мод байсан гэвэл үнэнд дөхөх байх.

Ямартай ч ардчилал эрх чөлөө, хүний эрхийн төлөө тэмцэгч Ц.Оюунгэрэлд америк нөхөртэй гэх шошго наахаас өөр буруутгалыг монголчууд олоогүй юм. Харин тэр Ц.Элбэгдорж ээждээ очиж уйлдаг шиг айлуудын хойморт гарч очоод арай эрт уйлчих шиг боллоо. Улстөрчийн нулимс эгэл иргэний нулимс хоёр өөр гэдгийг эрхбиш уншигч, үзэгчид гадарлахтайгаа болжээ, нэг үеэ бодвол…

Харин АН-ын эмэгтэйчүүд МАН-ын эмэгтэйчүүдийг бодвол нэг нэгнээ дэгээдэх нь бага, дэмжих нь илүү бололтой. Тэгээд ч тус намын эмэгтэй гишүүд намынхаа гүйцэтгэх удирдлагын түвшинд өндөр байр суурьтай явж ирсэн. Тэр утгаараа АН-ын эмэгтэйчүүд намаа авах магадлал илүү байгаа нь үнэн юм.

Намаа удирдаж унагаасан Зика, Эрдэнээ нарын үе өнгөрсөн, Н.Алтанхуяг тойргийн гадна гарсан гэж үзвэл энэ намд эмэгтэйчүүд давамгайлсан гурав дахь фракц үүсч мэдэхээр байгааг эх сурвалжаас хэлж байна. Тэгээд ч дээр дурьдсан санхүүгийн хүч болох бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын хүрээлэлд 49-ийнхөн ойлголцоод орж ирвэл тааварлашгүй тоглолт үүсэх нь ойлгомжтой. Магадгүй, хэдийнэ орж ирээд уйлуулж, дуулуулаад явж байж ч мэдэх. Тэрбайтугай, МАН-д Сү.Батболд мушилзан, АН-д Ц.Оюунгэрэл уйлж суугааг бизнес бүлэглэлээр нь харвал АПУ+Алтай холдинг=СКАЙТЕЛ болчихоод байгаам шүү дээ.

Тэгэхээр АН, МАН-ын алхам, ая дан бүрт 49-ийн хөгжим орж ирж сонсогдоод байгаа нь нууц биш. 49-ийн ард Эби ноёнтныг бий гэж харвал энэ намынхны он дамнасан тоглолтын сценарийг хөшигний ардаас Ц.Элбэгдорж бичиж байгаа хэрэг. Тэрбээр Еөкийн сонгуулиас гадна Сонгинохайрханы нөхөн сонгуулийн жорыг хутгах гээд тэр энэ нам, фракц бүлэглэлүүдийг эвцэлдүүлэн мутацилуулж цоо шинэ хэлбэрийн УЛСТӨРИЙН ҮҮРЭН ОПЕРАТОР-ыг үүсгэхээр завгүй сууж мэдэх л хүн.

Орчуулах »