Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүн Сү.Батболдын бүлэглэл төрийн эргэлт хийж байна

У.ХҮРЭЛСҮХ: Үймээн самуунд турхирсан санхүүжилтийг Х.Баттулга хийж, жагсаалыг улстөржүүлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр огцорсон. Ингэхдээ тэрбээр нэлээд ноцтой мэдэгдлийг хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч нь монгол төрийн тогтвортой байдлын эсрэг, ард түмний эв нэгдлийн эсрэг ажилласан хэмээн буруутгасан юм.

Харин У.Хүрэлсүхийн эл цочирдом мэдэгдлийн хариуд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэхдээ мөн анхаарал татам мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.

Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.

Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.

Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг буруутгасан Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

Манай улсын эрхэм хүндэт иргэд ээ. Та бүхэнд хандаж Монгол Улсын Ерөнхий сайд миний бие таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөх хариуцлагагүй үйл ажиллагаа явагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Үнэхээр хүнлэг бус, хүний сэтгэл санааг эмзэглүүлсэн үйл явдал болсоон. Би эцэг хүн. Гэр бүлтэй, үр хүүхэдтэй, охин үртэй. Энэ үйл явдал эцэг хүний хувьд ч, улсын Ерөнхий сайдын хувьд ч асар их сэтгэлийг минь эмзэглүүлсэн. Иймд тэр эмэгтэйгээс, нийт ард иргэдээсээ ийм хариуцлагагүй байдал гаргаж ажилласан нөхдийн нэрийн өмнөөс, мөн хувиасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хэлэхийг хүсч байна.

Энэ хариуцлагагүй явдал. Энэ явдалд Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Монголын төрийг шударга, ард иргэддээ ээлтэй, ард түмнийхээ үгийг сонсдог, ард түмэндээ үйлчилдэг төр Засаг байгаасай гэж хүсч, эрмэлзэж, надад хүлээлгэсэн итгэл найдварыг биелүүлэх гэж 4, 5 жил хичээн зүтгэж ирсээн. Цар тахал дэлхий нийтийг цочроож, Монголын ард түмэн ч гэсэн хүндхэн цаг үеийг туулж, ажиллаж амьдарч байна. Манай улсын түүхэнд, дэлхийн түүхэнд ч ийм хүндрэлтэй нөхцөл байдал цөөхөн үүсч байсныг та бүхэн мэдэж байгаа.

Энэ цар тахлыг амжилттай давж гарахын төлөө Засгийн газар, Улсын онцгой комиссоос бүхий л боломж нөхцөлөө дайчилж ажилласан. Бидэнд амжилт бүтээл байгаа, алдаа оноо ч байгаа. Арван сарын хугацаанд цар тахлыг амжилттай барьж, хил хязгаараа хааж, хорио цээрийн дэглэмийг тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдлуудыг тогтоон, цаг тухайд нь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсний үр дүнд өнөөдөр Монгол Улсад коронавирусээр хүн нас бараагүй байна.

Бидний хийж буй ажлууд урьд өмнө Монгол Улсын түүхэнд хийгдэж байгаагүй. 1.4 сая хүн амтай Улаанбаатарыг бүхэлд нь зогсоож, том том аймгуудыг хорио цээрийн дэглэмд оруулж, зарим аймгуудад тэг зогсолт хийх хүртэл арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Энэ явцад алдаа оноонууд гарсан. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардагийг ард түмэн бүгд мэднэ. Гэхдээ миний хувьд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн салбарынхан, төрийн албаныхан, хууль хүчнийхэн өдөр шөнөгүй бүх боломжоо дайчлан нойр хоолгүй, гэр бүл үр хүүхэд, хань ижил хайртай хүмүүсээ орхиж, цар тахал гэсэн айхтар өвчний гал голомт дотор ажиллаж амьдарч байсныг та бүхэн бүгд мэдэж байгаа. Та бүгдэд гүнээ талархаж байна. Баярлаж байна.

Гэхдээ бас хариуцлага алдаж, тэр хөөрхий эмэгтэйг хүнд байдалд оруулсан хариуцлагагүй явдлыг зарим нэг хүнээс олж харсан. Тиймээс цаашид шат шатандаа хариуцлага, сахилга бат, дэг журмыг сайжруулж, алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой. Ерөнхий сайдын хувьд үүнийг байнга сануулж ирсэн. Харамсалтай нь энэ удаад тэр эмэгтэйг нүд хальтрам, элэг эмтрэм байдалд оруулсандаа дахин хүлцэл өчиж байна. Энэ алдаанаас болж миний кабинетийн хоёр гишүүн огцрох өргөдлөө өглөө.

Би цэргийн хүн, офицер хүн. Дайны галын шугаманд өөрийн командтайгаа тулаанд орж, ялбал хамт ялж, ялагдвал тэр довон дээрээ үхдэг хувь заяа бол цэрэг хүний хувь заяа байдаг. Тиймээс энэ кабинетийг байгуулахдаа элэг бүтэн, энэ бүрэлдэхүүнээрээ цаашид ажиллана гэж бодож, төлөвлөж ажилласан. Харамсалтай нь тэгж чадсангүй. Би ихэд харамсаж байна.

Өчигдөр ард түмэн маань саяын болсон үйл явдалд сэтгэл нь зовниж, нэн ялангуяа залуучууд талбай дээр цуглаж, төр засагт хариуцлагагүй байгаад, харамсаж буйгаа илэрхийлж жагссан. Би үүнийг зүйтэй гэж ойлгож байгаа. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Тиймээс ард түмэн маань төр засагтаа үгээ хэлж, хариуцлага тооцож ажиллахыг Ерөнхий сайдаасаа шаардсан. Энэ шаардлагыг би хүлээж авч байна. Хариуцлагыг Ерөнхий сайдын хувьд үүрэх ёстой. Энэ бол ёс зүйн асуудал. Ёс зүйтэй төр байгаасай гэж бодож байна. Магадгүй энэ нь Монголын улстөрд шинэ соёлыг оруулж ирж байгааг үгүйсгэхгүй.

Ажил хийсэн бол хийсэн шиг хийдэг, алдаа гаргасан бол тэрийгээ үүрч чаддаг, хэн нэгэн рүү гаргасан алдаагаа шидэж булж, өөрөө ард нь хоргодож, үлдэх нь удирдагч хүний зан, ёс биш ээ. Хүүхэд байхаасаа бодож, санаж, хийж хэрэгжүүлж ирсэн зүйл маань энэ. Хариуцлагыг хамтаараа үүрдэг. Энэ эр зориг, хүүхэд байхаасаа олж авсан өөрийн философийн дагуу би хариуцлагаа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн эрхэм хүндтэй албан тушаалаас огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Ард түмний жагсаал цуглаан болж буй энэ цаг үеийг далимдуулж улстөрийн үйл ажиллагаанууд явагдсан. Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа илэрхийлэл болсон жагсаалыг улстөржүүлсэн.

Миний итгэл найдвар алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, Монгол Улсын Засгийн газрыг тогтворгүй байлгах, олон түмнийг нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг би үгүйсгэхгүй.

Тийм учраас, улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар гэсэн хоёр том төрийн институт хооронд улстөрийн зүй бус харьцаа үүсэхвий, үүнээс болж олон түмэн маань олон нийтийг хамарсан үймээн самуунд турхирагдан орохвий , монгол хүний амь нас алдахвий гэдгээс урьдчилан сэргийлж байгаа юм.

Та бид долдугаар сарын 1-нийг огт мартаагүй. Монголд тийм үйл явдал дахиж битгий гараасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Тиймээс миний гаргаж буй шийдвэр ч үүнтэй холбоотой гэдгийг хэлэхийг хүсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байдаг. Ард түмнийхээ аюулгүй байдлыг хангаж, хамгаалж байх Үндсэн хуулийн үүрэгтэй.

Харамсалтай нь, энэ ажлаа хийж чадахгүй, зөвхөн өөрийн сонгууль руу чиглэсэн улстөрийн акциудыг удаа дараа хийж төрийн тогтворгүй байдлыг бий болгох гэсэн, улстөрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ мэдээллүүдийг өөрийн харьяа хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон удаа цацаж, янз бүрийн ажил хийж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх.

Цаашдаа ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчдөө хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье. Төр маань түвшин, түмэн олон маань амгалан байх явдал бол төрийн өндөрлөгүүд гэж нэрлэгддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний шууд асуудал байдаг.

Харамсалтай нь Ерөнхийлөгч энэ ажлаа хийж чадахгүй байна. Тийм учраас улс орныхоо тогтвортой байдал, ард түмнийхээ амгалан тайван байдлыг бодож, цар тахлын хүнд цаг үед улстөрийн элдэв үймээн самуун гарч, төр засаг хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэхвий гэдгээс урьдчилан сэргийлж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломж надад алга боллоо.

Би ард түмнээ боддог. Улстөрийн үймээн самуунаас болж улс орон минь эмх замбараагүй байдалд битгий ороосой гэж боддог. Тийм учраас огцорч байна. Маргааш, нөгөөдрийн дотор багтаж Монгол Улсын шинэ Ерөнхий сайд томилогдох ёстой. Засгийн газар байгуулагдах ёстой. Цар тахлын энэ хүнд цаг үед бид улстөржиж суудаг үе биш. Энэ хүнд үеийг давж туулах ёстой. Тогтвортой байдлыг хангах ёстой. Аюулт цар тахлаас ард түмнээ  хамгаалах ажлыг зохион байгуулах ёстой. Цар тахлын нөхцөл байдлыг бид харьцангуй хумьсан.

Цагаан сарын дараагаас эхлээд цар тахлын эсрэг вакцин Монгол Улсад орж ирэх асуудлыг бид ярьж тохирсон. Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модид руу албан ёсоор захидал бичиж, захидлын хариу ч ирснийг та бүхэнд би хэлж байсан. БНЭУ-ын Засгийн газар эхний ээлжинд Монгол Улсад вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн. Олон улсын байгууллагууд, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, хоёр хөрш маань ч цар тахлын эсрэг вакцинаар тусална гэдгээ илэрхийлсэн. Эдгээр вакцинуудыг татаж авч ард иргэдээ вакцинжуулах ажил маш чухал. Тиймээс шинээр байгуулагдах Засгийн газрыг хурдан байгуулж төрийн ажлыг эмх цэгцтэй, дэг журамтай, залгамж чанартай явуулах нь туйлаас чухал байна.

Надад итгэл үзүүлж, миний удирдаж байгаа намыг сонгуульд ялуулж саналаа өгч, Ерөнхий сайддаа итгэж, миний төлөө сэтгэлээ зориулж, дэмжиж байсан Монголынхоо нийт ард түмэнд талархаж байгааг хэлэхийг хүсч байна. Миний бие улстөрөөс явж байгаа юм биш. Би цаашдаа монгол төрийнхөө төлөө урьдын адил хүчин зүтгэнэ. Шударга ёсны төлөө зүтгэнэ. Шударга шүүхтэй байхын төлөө зүтгэнэ. Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хүчний байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ.

Хэн нэгэн хүн дуудаж, хэн нэгэн хүнд ял өгдөг, гэм зэмгүй хүмүүсийг хууль шүүхээр далайлган шоронд хийдэг, гэсгээдэг, өөрийнхөө сонгуулийн өрсөлдөгчдийг хууль хүчний байгууллагыг ашиглаж улстөрийн зорилгоор намнадаг, хууль шүүхийн, прокурорын байгууллагуудын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг, улстөрчдийг айлгадаг ийм Төрийн тэргүүн байж таарахгүй.

Тиймээс МАН, ард түмэн үүнийг анхааралдаа авч хариуцлага тооцож ажиллана гэдэгт итгэлтэй байна. Надтай 5 жил хамтдаа ажилласан хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа. Би 2017 онд Ерөнхий сайдаар томилогдсон. 5 жил Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн эрхэм нэр хүндтэй албыг хашлаа. Өөрөөс шалтгаалах бүх боломжит зүйлүүдийг хийж ажилласан. Олон арван томоохон, гацаад байсан төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагаанд орсон.

Улаанбаатар утаанаас салж эхэллээ. Хийсэн ажлаа тоочвол олон зүйлийг ярих байх. Энэ бүгдийг хийж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байсан нийт ард түмэндээ, парламентдаа, хэвлэл мэдээллийнхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.

Монгол төрий өлмий бат оршиг.

Баярлалаа.

Монгол Улсын төлөө зүтгэе.

Орчуулах »