Охид Рио-д гологдож, ерөнхий удирдлагыг О.Содбилэгт шилжүүлжээ

-ХАР АЛТНЫ НОЁРХЛОО АЛДЧИХАЖ МЭДЭХ ЦАГ ОЙРХОН БАЙНА-

Ч.Давааням, талийгаач Ж.Оюунгэрэл, Ш.Отгонбилэг нарын улс төр, бизнесийн нөлөө бүхий гэр бүлүүдийн хамтарсан бизнес, Монголын шатахууны зах зээлийн 30 орчим хувийг дангаараа барьдаг Петровис компани сарын өмнө Ерөнхий захирлаараа Ж.Оюунгэрэл агсны охин Б.Шинэзаяаг, гүйцэтгэх захирлаараа УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийг томилоод байлаа.

Гэтэл энэ долоо хоногийн эхэнд Ерөнхий захирлын тамгыг О.Содбилэгт шилжүүлсэн гэх мэдээлэл тус компанийн ажилтнуудын дунд төдийгүй улстөрийн хүрээнд яригдаж эхлэв.

Үүсгэн байгуулагч эздийн хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзэж, нэг нь шоронгийн хаалга татчихсан байгаа энэ үед яалт ч үгүй тэргүүн удирдлагад эр хүний зангараг, нөмөр, бодлого чухал байгаа нь ойлгомжтой.  

Ч.Давааням болон түүний охид, Ж.Оюунгэрэл агсан, мөн Ш.Отгонбилэг агсны эхнэр Д.Туяа нарын хувьцаа эзэмшигчтэй Петровис компанийн гүйцэтгэх захирлаар Ш.Отгонбилэгийн охин Одмаа ажиллаад гурван жилийн нүүрийг үзэж байсан.

Өнгөн дээрээ шатахуун, шатах тослох материалын бизнес эрхлэгч компани мэт боловч цаанаа “Улаанбаатар” зочид буудал, “НИК” компани, “Uptown” сэтгүүл, “Капитрон” банк, Стар телевиз, Хийморь кабелийн телевиз, Сансар кабел, Монгол контракт компани, тэрбайтугай Эрдэнэтийн 49 хувь руу ч холбогддог аалзны торны цөмд орших Петровисийг улстөрийн нөлөө муутай охид хүүхнүүд хэрхэн удирдах билээ дээ.

Улс улсын улстөр, бизнес, тэр бүү хэл банкны салбарынхны тархинд зайдалж бодлого боловсруулдаг чимээгүй мафийн толгойлогчид гэгддэг хар алтны бизнесийг ийнхүү О.Содбилэг ерөнхийлөн удирдах болсныг улстөрчид өөрөөр харж байна.

Тэр У.Хүрэлсүхийн эсрэг ажиллана.

Боловсрол мэдлэгтэй ч улстөрийн тавцанд лойдор, сул дорой гэдгээ харуулаад байгаа О.Содбилэгийг аялдан дагалдагчид байхгүй ч ард нь бүгэх хумсаа нууж, хусмаа чамласан улстөрчид харин олон. Тэд бүгд У.Хүрэлсүхийг дэвшүүлэн зайлуулахад тулгуур болж ажиллахаар шийдсэнийг эх сурвалжууд хэлж байна.

Улстөрчийн сүр хүчгүй, нонж дорой ч Н.Багабанди, С.Баяр нараар нүүдлээ заалгаж, санхүүгийн хувьд хэзээд хүчирхэг байж ирсэн О.Содбилэг намын даргадаа таалагдаж байгаагүй. Уг нь улстөрийн “нэг гэр”-т өссөн ч “өргөмөл хүүхдийн өөнтөгч зан”-гаар Н.Багабанди, С.Баяр нарын дэргэдээс явсан У.Хүрэлсүх хэзээ нэгэн цагт тэдний толгойг “цустаж” мэдэхээр байгаа.

Нэгэн цагт Монгол төрийн бодлогыг базаж явсан эцэг эхчүүд нь хорвоогийн жам ёсны үнэнд гүйцэгдэж, хэдэн үр хүүхдийнх нь гарт ирсэн Петровис, НИК компаниуд удирдлагын хувьд яг одоо л хүчирхэгжиж, жинтэйхэн улстөрчдийн нөмөрт орохгүй бол тэргээ эвдэж тэлчигнэсэн бяруу мэт У.Хүрэлсүх нарын сэлэмний үзүүрт хэрчигдэж, бүхнээ булаалгах нь цаг хугацааны асуудал гэдэг нь үнэн.

Аалзны торыг хамт нэхэлцэж, улстөр бизнесийн салбар дахь сиамын ихэр нь гэлцдэг Худалдаа хөгжлийн банкны эзэн, сахал хочит Д.Эрдэнэбилэгийг саатуулж, Эрдэнэтийн 49 хувийнхныг хэсэгтээ бужигнуулсан нь У.Хүрэлсүхээс тэдэнд өгсөн сануулга байсан гэлцдэг ч хэсэг хугацаанд нөхөр мэт сүлбэлдсэн МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын хатгаасаар хийсэн хэрэг гэх хэсэг бүлэг ч байдаг.

Сахал хочит Д.Эрдэнэбилэг Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат бөгөөд Х.Баттулгатай хүүхэд наснаасаа нөхөрлөж, хожим жолоочоор нь ажиллаж байсан гэдэг. Нөхөрлөлөөр эхэлж, дайсагналцлаар салж байсан Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга хоёрыг улстөр, эрх ашгийн зам нь эргээд нийлүүлчихлээ гэх мэдээлэл өнгөрсөн онд хүчтэй яригдаж байв.

Х.Баттулгатай мөнхөд шадарлах мэт “сагаж” явсан У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад нефтийн үйлдвэр барих шавыг тавьж ажил эхлүүлэх гэтэл эл үйлдвэрийг бариулахгүй байх талаар О.Содбилэг тэргүүтэй нөхөд нөлөөлөх оролдлого хийсэн гэх утга бүхий мэдээллийг 2018 онд байнгын хорооны хуралдааны үеэр хэлж байлаа.

Улмаар “Та нар бензин шатахууны үнийг хямдруулаарай. Засгийн газар хийх ёстой бүх зүйлийг чинь хийгээд өгчихсөн. Холбогдох татваруудыг чөлөөлсөн. Та нар одоо хангалттай баяжсан байгаа шүү. Олсон мөнгө чинь амаар чинь гарахаар болсон. Одоо ард түмнээ бод. Үнээ хямдруулбал өөрийг чинь харин дахиад сонгож магадгүй, Содбилэг гишүүн ээ” хэмээн “тэвнэдэж” байв.

Тэдний зөрчил үүнээс ч өмнө байсан.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж, танхимаа бүрдүүлэхдээ санал болгосон хэд хэдэн хүнийг буцаасны нэг нь О.Содбилэг. Тухайн үед О.Содбилэгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад бүлгийн гишүүд нэр дэвшүүлж, өргөн барьсан ч У.Хүрэлсүх буцааж байв.

Энэ мэтчилэн тэдний зөрчил ил, далд өрнөсөөр 2020 оны УИХ-ын сонгуульд О.Содбилэгт нэр дэвших мандат өгөөгүй юм.

Гэхдээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Н.Багабандид таагүй хандаж зүрхэлдэггүй. Улс төрд хөтөлж оруулан, А-гийн ацаг заасан учраас тэр биз. Гэхдээ үргэлж ар өврөөс нь чулуу нүүлгэчихээд нуугддаг бацаануудын нэгэн адил тойрон хүрээлэгчдийг нь ямар нэгэн сэжмээр чимхэж, өөнтөглөсөөр яваа. Тэдний нэг нь О.Содбилэг.

О.Содбилэгийн эцэг Ш.Отгонбилэг, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, сэтгүүлч Ц.Бал­дорж агсан нар “хүчирхэг гурвал” хэмээн нэр­лэгдсэн нөхөд байсныг мэдэхгүй хүн үгүй.

Тэр утгаараа Ш.Отгонбилэгийг МАХН /МАН/, тэр дун­даа Н.Багабандийн фракцийн санхүүжилтийн арыг найдвартай хийдэг байсныг ч бүгд мэднэ.

Эцгийнх нь өгч байсан “хар булган дах”-ны хариу болгож О.Содбилэгийн арыг Н.Багабанди дааж, өнөөг хэр Петровисийн оршин тогтнолын үл үзэгдэх багана болж яваа биз.

НИК, Петровисоор оролдсон хэн ч бай хормойгоо шатаалган, “угаартаж” үхэхээ дөхдөг. Тэднийг шалган өндөр торгууль оногдуулан ард түмний нижигнэсэн алга ташилт дор гэдийж явсан ШӨХТГ-ын дарга О.Магнайг У.Хүрэлсүх Шадар сайд болмогцоо Н.Багабандийн харцан дор нааш харж инээн цааш харж уйлсаар чөлөөлж байсан.

О.Магнайгийн оронд Т.Аюурсайханыг томилж, өнөөх нь ажлаа авсан даруйдаа Петровист оногдуулсан торгуулийг үгүй болгож байв. Т.Аюурсайхан нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж байсан намтартайг тодотгох илүүц биз. Ямартаа Рио Тинтогийн асуудал хурцдахад Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөл, одоо болно, хичнээн удаан суудаг юм, би чиний туслах байлаа гээд чиний хүн биш хэмээн шоудаж хэсэг орилов шүү дээ. Гэлээ гээд төрсөн эцэг эхээ энэ миний аав ээж биш гэж уйлж буй хүүхэдтэй адил сонсогдоод, олноороо инээлдээд өнгөрсөн.  

Мөнгө хүчтэй.

1997 онд Ардчилсан хүч­нийхэн засгийн эрх барьж байх үед Төрийн өмчийн хороог тэргүүлж байсан З.Энхболд “Төр өмчөө мэддэг юм” хэмээн “Эрдэнэт” үйлд­вэрийн ерөнхий захирлын цоожтой өрөөг эвдэн орж, тамга тэмдгийг нь хураан авч Ш.Отгонбилэг агсныг үйлдвэрийн захир­лын алба­наас огцруулж байв.

Үүнээс улбаалан сонгууль болохын өмнөхөн хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр “Зууны луйварчин” хэмээн чичлэн шүүмжилж байлаа. Энэ үеийг З.Энхболд ч, О.Содбилэг ч “мартжээ”.

Ардчилсан хувьсгалаас өмнө яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, “Мон­Росцветмет” нэгдлийн ерөн­хий захирлын нэгдүгээр ор­логч, “Эрдэнэт” концерны ерөнхий за­хирлаар ажиллаж байсан Ш.Отгон­билэгийг цаг бусаар өнгөрсний дараахан улс төрийн халааг түүний эхнэр Д.Туяа авсан.

Нөхрөөсөө 20 гаруй сая ам.долларын хөрөнгө өвлөж, нийт хөрөнгө нь 100 сая ам.доллараар үнэлэгдэж байсан тэр үеэс тэрбээр Петровис компанид хувьцаа эзэмшигчээр орж байсан гэдэг.

Ми-8 нисдэг тэрэгний осол­той холбоотой шүүх хуралд “Сайдын суудлаас болж амаа таг­луулсан” тул ирээгүй хэмээн хүчтэй шүүмж­лүүлж байсан тэрбээр Эрүүл мэндийн сайд болсныхоо дараа цианит натрид хордсон гэх Хонгор сумынхныг “хамуутай” гэж хэлэн огцрох дөхөж байлаа.

Нөхрийн нэр нүүрээр Завхан аймгаас парламентад суудал авч байсан Д.Туяа 2008 оны сонгуульд тойрог сэлгэж, хоёр мандаттай Дундговьд нэр дэвшсэн ч хүү О.Содбилэг нь Сонгуулийн тухай хууль зөрчин санал хураалт болохын өмнөхөн шоу зохион байгуулснаар ээжийнхээ замыг баллуурдаж байв.

Гэсэн ч Н.Багабандийн нөлөө хаачих билээ, Герман дахь Монголын Элчин сайдын яаманд зөвлөхөөр илгээсэн. Энэ үед УИХ-ын гишүүн Г.Адъяатай нэр холбогдон, тэр бүү хэл хамтын амьдралаа эхлэх гэж байна хэмээн хэвлэлүүдийн хуудсыг чимж байгаад сураг алдарсан.

Ээж нь ийнхүү бужигнуулж явах үеэс О.Содбилэг улс төрд орсон.

Эхийнхээ сонгуулийн кампанит ажлыг баллаж байсан тэрбээр “би Ш.Отгонбилэгийн хүү байна, намайг дэмжээрэй” гэсээр буюу аавынхаа нэрээр парламентад орж байсан хэдий ч У.Хүрэлсүхэд хөөгдөн чичлэгдсээр “гудманд” гарсан хэрэг.

Энэ зуурт дүү охин О.Одмаа нь Петровис дахь хувь хувьцаа, эрх мэдлийг нь хамгаалан үлдэж, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Хилийн чинадад суралцаж байгаад ахынхаа үгэнд орж, Монголд ирсэн түүнийг “Айр Транс”-ын залгамжлагч гэдэг.

Ах нь улс төрд хөл тавьсан тул О.Одмаа гэр бүлийнхээ бизнесийн асуудлыг бүрэн хариуцахаар үлдсэн ч үнэндээ бүх зүйлд жул нэгэн байсан гэдгийг компанийнхан нь хэлж байгаа юм. Яг үнэндээ О.Содбилэг ч гавихгүй тоглогч.

Гэхдээ хар алтны магнатууд тэнгэрт дэвших нь дэвшиж, төмөр торны цаана суух нь суусан тул шаварт унасан шарын эзэн болж О.Содбилэг ийнхүү Петровис компанийг ерөнхийлөн удирдахаар болов.

Бүр товчхондоо Ж.Оюунгэрэл агсны хүү охин хоёр, Ч.Даваанямын охид Рио тинтод гологдсон гэх мэдээлэл байгаа юм. Учир нь Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийн ноёрхолд цэг тавигдах гээд дэнжигнэж, С.Баярын эрх мэдэл шороотой хутгалдчихаад байгаагийн цаад шалтгаан НИК, Петровисын удирдлагуудын улстөр дэх нөлөө намынхаа босгыг ч давахгүй жул байгаагийн илрэл гэж үзэж.

Тэгэхээр О.Содбилэгийн томилгоог Рио тинто хийлгэсэн болж таараад байгаа. Харин ардаа мөнгө, жинтэйхэн хэдий ч жилээс жилд жижгэрч буй улстөрчид, гадны тоглогчдыг эрийтэл өрчихсөн суугаа О.Содбилэгийн хэм хэмжээ аль хүртэл явж, өөрийн бүлэглэлээ аварч үлдэж чадах эсэх чадамж нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар бараг л харагдана.

Тэр чадвал халаасанд нь үргэлж хуйлаатай явдаг Шадар сайд, давраад Ерөнхий сайдын суудал бичсэн мөрөөдөл нь биелэхэд ойртоно гэсэн үг.

Орчуулах »