Эрх баригчдын “тараасан” тахлыг Б.Энх-Амгалан мэт нь хөдөөд зөөвөрлөхвий

Дотоодод халдвар алдсан буруутай нөхөд гэвэл яах аргагүй эрх баригчид. Бүтэн жил цар тахлын халдварыг иргэдийнхээ дунд алдчихалгүй барьж ирчихээд эцэст нь УИХ-ын болоод Орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд улайрч, бусад хяналтаа алдан сулруулснаар нийтийн дунд халдвар алдсан.

Улмаар “Нэг хаалга-Нэг иргэн” шинжилгээг нийслэл даяар явуулж тахлын голомтыг хумьж эхэлсэн боловч мөн л намынхаа 100 жилийн ойн арга хэмжээг хийхийн тулд бусад тоглолт, үзвэр үйлчилгээг нээн ард олноо аюулын өмнө ямар ч хамгаалалтгүйгээр хаясан нь үнэн.

Хор уршигт нь өдөр бүр зуу зуугаараа халдвар бүртгэгдэн, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж эхлэв.

Тэгсэн ч эрх баригчдад гурван сарын дараахь Ерөнхийлөгчийн сонгууль л харагдаж байгаа болохоос энэ улсын нөхцөл байдал, иргэдийн өвчин зовлон, идэх өмсөхийн гачлан түй ч хамаагүй болж.

Тэд бүх аймгийн Засаг ноёдыг халдварын голомт руу чирч ирэв.

Голомттой бүсээс буцах аймгийн дарга нар эргэж очин тусгаарлагдаж, орон нутгийн Засаг захиргаа монгол улс даяар 7-10 хоног эзгүйрэх нь.

Засаг ноёдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас дуудан семинардаж, Соёлын сайд санал солилцсон мэт шоудсан ч үнэндээ айсуй сонгуулийн даалгавар өгөөд буцааж байгаа нь лавтай.

Үүний нотолгоо нь тус уулзалтад ирсэн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт өгөөд явуулчихад л болох байсан аймгийн сайн малчдын шагнал, бас бус малын тэжээл, эм бэлдмэл зэргийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өвөртлөөд араас нь мордсон явдал байв.

Тус аймагт Орон нутгийн сонгуулиар ардчилал ялж, сөрөг хүчнээс Засаг ноён томилогдсон тул халдварын эрсдэлт бүсээс ногоон бүст гэнэт очсон тэнэглэлээ УИХ-ын даргын захирамж, Улсын онцгой комиссын даргын томилгоо хэмээн гоёор тайлбарласан тэрбээр үнэн чанартаа намын гишүүдтэйгээ уулзах албан томилолт өвөртлөн очжээ.

Очсон даруйдаа буудалласан буудалдаа аймгийн МАН-ын дарга нарыг цуглуулж уулзан, улмаар намын гишүүдийн уулзалтыг Алтай чуулгын байранд зарласан байсныг Засаг дарга О.Амгаланбаатарын зүгээс цуцлуулсан байна.

Гэсэн ч Б.Энх-Амгалан гуай чуулгын байрыг сэм нээлгэн, Төр засгийн шагналыг “хулгай”-гаар гардуулж, орон нутгийн иргэдэд түвэг чирэгдэл учруулж яваа бололтой. Учир нь түүнтэй уулзсан, шагнал болон бэлэг сэлт авсан бүх иргэнийг Аймгийн Онцгой комиссоос 7-10 хоног тусгаарлах шийдвэр гаргаж байгаа юм байна.

No description available.

Хятадад анх коронавирусын халдвар дэгдэн ид бужигнаантай байхад нь очоод ирсэн МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга голомтот бүс нутгаас ирсэн хэмээн 14 хоногийн хөл хорионд орж байсан. Гэтэл өдөр бүр 200 шахсан халдвар илэрч буй голомтын халуун бүс болсон нийслэлээс очиж буй эрхэм Б.Энх-Амгалан Улсын онцгой комисс, Аймгийн онцгой комиссын шийдвэрийг үл тоон, сайн малчдын шагнал гардуулан манаргаж явна.

Эрх баригч намын байраар халдвар авсан иргэдийн ойрын хавьтлууд ороод гарсан эрсдэлтэй өдөр хоногууд өнгөрч байхад Б.Энх-Амгалан гишүүнийг халдвар тээгээгүй гэх баталгаа байхгүй.

Тэртэй тэргүй аймгийн дарга нар нь нийслэлд ирээд буцаж байхад өгөөд явуулж болох байсан зүйлсийг өөрөө тэвэрч очоод, очлоо гэхэд бусдын адил эрүүл иргэдээ хамгаалж өөрийгөө 7 хоног тусгаарлан халдваргүй гэдгээ нотолсны дараа орон нутгийнхантай уулзах байсан бүх дүрэм журмыг уландаа гишгэчив.

No description available.

 

No description available.

Тэрбээр шагнал гардуулж, тусламж өгөх нэрээр Хөхморьт, Цээл, Цогт, Халиун, Дарив сумын иргэдтэй уулзсан байгаа юм. 

Хэрэв Б.Энх-Амгалан халдвар тээсэн байвал яах вэ!!! УИХ-ын гишүүн байлаа гээд тахал түүнийг тойрохгүй…

Тэгэхээр энэ байдлаараа эрх баригчдын алдаатай ажиллагаа, ирэх сонгуулиас өөрийг бодохоо больсон харалган алхмын нь золиосонд нийслэл төдийгүй хөдөө орон нутаггүй тахлын голомт болж мэдэх аюул ойрхон байна.  

Орчуулах »