Мьянмарт жагсаалын үеэр 38 хүн амиа алджээ

2021-03-15
1 min read

Мьянмарт цэргийнхэн Засгийн газрыг түлхэн унагааснаас хойш хамгийн их цус асгаруулсан өдөр ням гарагт болж, 38 хүн амиа алдлаа гэж тус улсын идэвхтнүүд мэдээлжээ.

Аюулаас хамгаалах хүчнийхэн Мьянмарын хамгийн том хот болох Янгонд жагсагчдын эсрэг гал нээсэн байна. Мөн цэргийнхэн Хятадын аж ахуй нэгжүүд халдлагад өртсөн бүсэд дайны байдал зарлажээ. Жагсагчдын хувьд БНХАУ-ыг цэргийнхэнд дэмжлэг үзүүлж байна гэж үзэж байгаа аж.

Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм. Зэвсэгт хүчний удирдагчид тухайн өдөр тус улсын Төрийн зөвлөх, “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын дарга Аун Сан Су Чи тэргүүтэй өндөр албан тушаалтнуудыг баривчилсан юм.

Мьянмарт өнгөрсөн онд явуулсан сонгуулиар “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам илт давуу ялалт байгуулсан боловч цэргийнхэн уг сонгуулийг будлиантай болсон гэж үзжээ.

Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, Мьянмарт ням гарагт 38 жагсагч амиа алдсанаас Янгонд 21 хүн амиа алджээ. Ингэснээр жагсаалын үеэр амиа алдсан хүний нийт тоо 120 давсан байна.

“Янгонд бууны суманд өртсөн олон арван хүн эмчлүүлж байгаа тул амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй” гэж эмнэлгийн ажилтнууд мэдээлжээ.  

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »